Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/07/03-НД НИЙТЛЭГДСЭН

Бүх салбарын багш судлаач хамрагдах боломжтой Харвардын хөтөлбөр тун удахгүй Монголд хэрэгжинэ

Б.Ану
2018 оны 7 сарын 3
iKon.MN
Зураг зураг

Гурван зуу гаруй жилийн түүхтэй, дэлхийн 190 оронд төгсөгчидтэй Харвардын их сургууль Монгол улсын анагаахын боловсролын салбарт түүхэн шинэчлэл авчрах багшийг чадавхжуулах T2T хөтөлбөрийг БСШУСЯ, Азийн Хөгжлийн Банкны дээд боловсролын шинэчлэлийн хөтөлбөрийн хүрээнд АШУҮИС болон MHI байгууллагатай хамтран анх удаа Монгол улсад амжилттай хэрэгжүүлж 90 гаруй эрүүл мэндийн салбарын багш судлаачид Харвардын анагаахын сургуулийн сертификаттай төгссөн билээ.  

Монголын нөхцөлд тохируулан боловсруулсан заах арга зүйн уг хөтөлбөр амжилттай хэрэгжсэн тул MHI байгууллага болон Харвардын Анагаахын сургууль Харвардаас Монголд хэрэгжүүлэх дараагийн хөтөлбөрийн талаар хэлэлцэх "Harvard Medical Education Symposium"-ийг энэ сарын 1-нд зохион байгуулжээ. 

T2T хөтөлбөрийг боловсруулсан, Харвардын анагаахын сургуулийн олон улсын боловсролын хөтөлбөрийн захирал, Бостонын Бригхам эмнэлгийн Натан Э.Хэллманы нэрэмжит лабораторийн болон Дотрын Анагаах Ухааны Резидентийн Хөтөлбөр хариуцсан захирал Др. Кеннет Б. Кристофер "Харвард хамгийн шилдгүүдийг сонгож хамгийн сайн боловсролыг олгодог. 

Манай олон улсад хэрэгжиж байгаа хөтөлбөрүүд ч энэ зарчмаар явагддаг. Тийм ч учраас бид судлаач хүнд байх ёстой бүх чадварыг цогц байдлаар олгодог. Жишээ нь судлаач том өгөгдлийн бааз бий болгосон бол түүнийгээ бусдаас хамааралгүйгээр статистикийн аль ч програм дээр боловсруулж анализ хийх чадвартай байх ёстой. Монголын зуу зуун эрдэмтэн судлаачид Харвардын хөтөлбөрт хамрагдан дэлхийн түвшний судлаачид болно гэдэгт итгэж байна" гэж онцлон хэлсэн байна.

Мөн олон улсын хөтөлбөрийн хөгжүүлэлт хариуцсан захирал Др.Уиллиам Строугх Дубай, Токио, Шангхай гэх мэт дэлхийн өндөр хөгжилтэй хотуудад хэрэгждэг дараа дараагийн хөтөлбөрүүд Монголд хэрэгжихэд Харвард бүх талаараас дэмжин ажиллана гэдгээ илэрхийлжээ.

 
Холын Харвардыг Монголдоо ойртуулахад үнэтэй хувь нэмэр оруулж байгаа Др. Ганмаа болон түүний багийн хичээл зүтгэлийн үр дүнд Харвардын хөтөлбөрүүд Монголд дахин хэрэгжихээр боллоо. 

2018 оны аравдугаар сараас эхлэх хөтөлбөрүүдийн талаарх мэдээлэл тун удахгүй олон нийтэд мэдээлэгдэх болно гэж MHI мэдээлжээ.