Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/07/02-НД НИЙТЛЭГДСЭН

Оюутан цэргүүд энэ сарын 13-нд гэрийнхэнтэйгээ уулзана

ikon.mn
2018 оны 7 сарын 2
iKon.MN
Зураг зураг

Их, дээд сургуулийн оюутан залуусыг цэргийн мэргэжлийн бэлтгэл сургалтанд хамруулан, эх оронч үзэл хүмүүжилтэй, өвөг дээдсийнхээ дайчин уламжлалыг хүндэтгэж, эх орноо хайрлан бахархах сэтгэлтэй, оюунлаг Монгол иргэн болгон төлөвшүүлэх зорилгоор Монгол Улсын Засгийн газраас 5 дах жилдээ зохион байгуулж буй “Оюутан цэрэг” сургалтын “Цэргийн мэргэжлийн бэлтгэл” сургалтын нээлтийн ажиллагаа зургаадугаар сарын 30-нд зохион байгуулагдлаа.

Монгол Улсын хуулиар цэргийн алба хаах нэг төрөл болсон тус сургалтад энэ онд 1,500 гаруй оюутан бүртгүүлсэнээс Улаанбаатар хотод 650, хөдөө орон нутагт 350, нийт 1,000 оюутан хамрагдаж байна.

“Оюутан цэрэг” сургалтыг 3 дах жилдээ бие даан хэрэгжүүлж буй Монгол Улсын Боловсролын ууган байгууллага, жанжин Д.Сүхбаатарын нэрэмжит Сүхбаатарын болон Байлдааны гавьяаны улаан тугийн одонт Үндэсний батлан хамгаалахын их сургуулийн захирал хурандаа П.Жаргалан “Цэргийн мэргэжлийн бэлтгэл” сургалтыг нээж үг хэллээ.

Мөн “Оюутан цэрэг”-үүдэд баяр хүргэж, Монгол Улсын Их Хурлын гишүүн, Засгийн газрын гишүүн, Батлан хамгаалахын сайд Н.Энхболд, Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайд хатагтай Ц.Цогзолмаа нар үг хэлсэн юм.

 

“Оюутан цэрэг” сургалтанд хамрагдсан оюутан залуусаа төлөөлж МУИС- ийн ОУСДС-ийн оюутан Э.Алдармөнх үг хэллээ.

“Оюутан цэрэг”-үүдэд ЦДБЭЧ-ийн уран бүтээлчид мэндчилгээ дэвшүүллээ. 

 

Хүндэт зочид тус сургалтын төвд улсын төсвийн хөрөнгө оруулалтаар барьсан байруудыг хүлээлгэн өгөх тууз хайчлах ёслолд оролцож, ашиглалтад орсон байруудтай танилцлаа.

Хоёрдугаар сараас эхлэн их дээд сургуулиудын сургалтын алба, харьяа дүүргийн цэргийн штабтай хамтран зохион байгуулдаг “Оюутан цэрэг” сургалтанд суралцах залуусын бүртгэлд хамрагдсан оюутнууд дөрөвдүгээр сарын 1-нээс зургаадугаар сарын 1 хүртэл хугацаанд онолыг сургалтанд хамрагдаж, өнөөдөр “Цэргийн мэргэжлийн бэлтгэл” сургалтаа амжилтай эхлүүлж байна.

Гар утас, интернэтгүй вакуум орчинд явагддаг цэргийн мэргэжлийн сургалтанд хамрагдаж буй залуустай сургалтын хугацаанд ганцхан удаа уулзалт зохион байгуулдаг бөгөөд энэ жил долоодугаар сарын 13-нд ар гэрийнхэнтэйгээ уулзах юм.

Нээлтийн ажиллагаанд:

  • Монгол Улсын Их Хурлын гишүүн, Засгийн газрын гишүүн, Батлан хамгаалахын сайд Н.Энхболд
  • Монгол Улсын Их Хурлын гишүүн, Засгийн газрын гишүүн, Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайд хатагтай Ц.Цогзолмаа
  • Батлан хамгаалах яамны Төрийн нарийн бичгийн дарга, бригадын генерал Х.Батбилэг
  • Зэвсэгт хүчний жанжин штабын I орлогч дарга, хошууч генерал Р.Сүхбат
  • БХЯ-ны ТЗУГ-ын дарга хурандаа Ө.Эрдэнэ-Очир
  • ҮБХИС-ийн захирал хурандаа П.Жаргалан
  • МУИС-ийн захирал, доктор, профессор Я.Төмөрбаатар
  • ШУТИС-ийн захирал, доктор, профессор Б.Очирбат
  • ХААИС-ийн захирал, доктор, профессор, ИДСК-ийн ерөнхийлөгч Т.Хэрүүга 
  • МУБИС-ийн захирал, доктор, профессор Д.Мандах
  • “Оюутан цэрэг” сургалтын ерөнхий зохицуулагч, Монгол Улсын Гавьяат багш, Шинжлэх ухааны доктор, профессор, бэлтгэл хурандаа Гэрэлийн Мягмаржав нар оролцлоо.

Эх сурвалж: Үндэсний Батлан Хамгаалахын их сургууль