Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/07/02-НД НИЙТЛЭГДСЭН

Азийн манлайлагчид гамшгийн эрсдэлийг бууруулах бодлогыг тодорхойлно

С.Бадрал, iKon.mn
2018 оны 7 сарын 2
iKon.MN
Зураг зураг

НҮБ-ын мандаттай Азийн сайд нарын бага хурал эхэлж буй эдгээр өдөр Монгол Улс олон улсын анхааралын төвд байна. Тэр ч утгаараа Монголыг сонирхож, зорин ирэх өндөр дээд хэмжээний зочид төлөөлөгчдийн цуваа үргэлжилсээр байна. Тэр дундаа Монгол Улсын гардан зохион байгуулж буй Азийн сайд нарын бага хуралд 50 гаруй орны 3000 гаруй төлөөлөгч оролцохоор ирсэн нь манай улсын нэр хүндийг өндөрт өргөж, чуулганы цар хүрээ, үр өгөөжийг илтгэж байна гэж хэлж болно. Мөн Азийн сайд нарын бага хурлыг эх орондоо зохион байгуулах эрх авна гэдэг Монгол Улсын гамшгаас хамгаалах бодлого, эрхзүйн орчин, гамшигтай тэмцэх бодлого шинэчлэл бүс нутагтаа ямар хэмжээнд байгааг хүлээн зөвшөөрч, харуулж буй үнэлгээ гэдгийг онцлох нь зүйтэй.

Долдугаар сарын 3-6-ны өдрүүдэд зохион байгуулагдаж буй дээрх өндөр дээд хэмжээний хурлыг Монгол Улсын Засгийн газар, НҮБ-ын Гамшгийн эрсдэлийг бууруулах газар, Онцгой байдлын ерөнхий газар хамтран зохион байгуулж байна.

Азийн сайд нарын бага хурал нь бүс нутгийн хэмжээнд гамшгаас урьдчилан сэргийлэх, бэлтгэл, бэлэн байдлыг хангах, гамшигтай тэмцэх чадавхыг бий болгож бэхжүүлэх зорилготой бүс нутгийн зөвлөлийн платформ гэдгээрээ онцлогтой.

Мөн хурлаар гамшгийн эрсдэлийг бууруулах чиглэлээр улс орнуудын авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээний ололт, амжилтыг бусад орнууддаа хуваалцах, зөвлөгөө өгөх, техникийн туслалцаа үзүүлэх асуудлыг зохицуулж, тулгарч байгаа бэрхшээл, асуудлыг хамтран шийдвэрлэдэг төдийгүй бүс нутгийн болон хил дамнасан гамшгийн эрсдэлийг бууруулахад манлайллаа үзүүлж, улс орон, ард иргэдэд үр дүнтэй шийдэл гаргах шинэ арга замыг нээх боломжийг олгодог. “Гамшгийн эрсдэлээс урьдчилан сэргийлснээр тогтвортой хөгжлийг хамгаалах нь” уриатай энэ удаагийн хурлаар техникийн зургаа, сэдэвчилсэн найман хуралдааныг зохион байгуулж байна.

Түүнчлэн дэлхийн хамгийн их гамшигт өртөмтгий бүс нутгийн Засгийн газрын гишүүд гамшгийн хохирлыг бууруулахад гарсан ахиц, дэвшлийн талаар зөвлөлдөж, бүс нутгийн гамшгийн эрсдэлийг бууруулах, гамшгаас урьдчилан сэргийлэх, уур амьсгалын өөрчлөлтийн асуудлыг хэрхэн шийдвэрлэхийг хэлэлцэхээр ийнхүү чуулж буй юм. Дөрвөн өдөр үргэлжлэх Азийн сайдын нарын бага хурлын талаарх онцлох мэдээллийг хүргэж байна.

50 ГАРУЙ ОРНЫ 3000 ТӨЛӨӨЛӨГЧ ОРОЛЦОНО

“Гамшгийн эрсдэлээс урьдчилан сэргийлснээр тогтвортой хөгжлийг хамгаалах нь” уриан дор зохион байгуулагдаж буй энэхүү хуралд Ази, Номхон далайн бүс нутгийн 50 гаруй улс, орны өндөр дээд хэмжээний төлөөлөгчид оролцож  байна.

Ази, Номхон далайн бүс нутгийн 49 орны хоёр Шадар сайд, парламентын гурван гишүүн, 15 сайд, 15 дэд сайд зэрэг өндөр дээд хэмжээний оролцогчид оролцож байна.

Үүнээс Малайз, Самоа улсын Шадар сайд, Тувалу, Кирибати, Индонез, Бангладеш, Австрали улсын парламентын гишүүд, Өмнөд Солонгос, Молдав, Лаос, Камбож, Шриланк, Мяньмар зэрэг улсын сайд, дэд сайдууд оролцох юм. Мөн олон улс, иргэний нийгэм, хэвлэл мэдээлэл, хувийн хэвшлийн байгууллага болон хүүхэд, эмэгтэйчүүд, хөгжлийн бэрхшээлтэй иргэд, эрдэмтэн судлаачид зэрэг 3,000 гаруй зочид төлөөлөгч оролцож байна.

БОДЛОГЫН ГУРВАН БАРИМТ БИЧГИЙГ БАТАЛНА

Азийн сайд нарын бага хурлын үеэр “Сендайн үйл ажиллагааны хүрээ” баримт бичгийн эхний гурван жилийн үйл ажиллагаа, Азийн бүсийн төлөвлөгөөний хэрэгжилт, гамшгийн эрсдэлийг бууруулах чиглэлээр бүс нутгийн улс орнуудын хүлээсэн үүрэг, амлалт, авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээний ахиц, дэвшлийг үнэлж дүгнэн бодлогын гурван томоохон баримт бичгийг батлан гаргана. Үндэсний болон орон нутгийн түвшинд гамшгийн эрсдэлийг бууруулах стратегитай улс орны тоог нэмэгдүүлэх 2018-2020 оны үйл ажиллагааны төлөвлөгөө, Оролцогч талуудын сайн дурын мэдэгдэл, Улаанбаатарын тунхаглалыг батлан гаргах юм.

ОНЦЛОХ ХОЁР ХУРАЛДААНЫГ МОНГОЛ УЛС УДИРДАНА

 Монгол Улсын Засгийн газар “Гамшигт тэсвэртэй дэд бүтэц, хот суурин газрын гамшигтай тэмцэх чадавхыг сайжруулах нь”, “Гамшгийн эрсдэлийг бууруулахад төр, хувийн хэвшлийн түншлэл, хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх нь”  сэдэвт хоёр онцлох хуралдааныг удирдан зохион байгуулж буйгаар ихээхэн онцлог ач холбогдолтой юм. Энэ хуралдаанаар бүс нутгийн хэмжээнд шинэ эрсдэл үүсэхээс урьдчилан сэргийлэх зорилгоор нэн тэргүүнд анхаарах асуудлын талаар хэлэлцэж үндэсний болон гадаад улс орны төлөөлөгчид илтгэл тавьж хэлэлцүүлэх бөгөөд бүс нутагт авч хэрэгжүүлэх арга хэмжээнд зөвлөмж болон хүргэгдэх юм.

МОНГОЛ ХҮҮХДҮҮД ДУУ ХООЛОЙГОО ХҮРГЭНЭ

 Азийн сайд нарын бага хурлыг угтан Японы Хүүхдийг ивээх сан удирдан НҮБ-ын Хүүхдийн Сан, Монголын Улаан Загалмайн Нийгэмлэг, Дэлхийн Зөн-Монгол олон улсын байгууллагатай хамтран хүүхэд, залуучуудын зөвлөгөөнийг зохион байгууллаа. Уг зөвлөгөөнд 40 гаруй хүүхэд, залуучуудын төлөөлөл оролцсоноос гадна Гамшгийн эрсдэлийг бууруулах Азийн сайд нарын бага хуралд хүүхэд, залуучуудын төлөөлөл болон оролцох гурван төлөөлөгчийг сонгосон юм. Энэхүү зөвлөгөөнөөс боловсруулсан хүүхэд залуучууд аюул эрсдэлгүй орчинд хөгжих, боловсрох боломж, гарц шийдлийн талаарх санал, уриалгыг хүүхэд, залуучуудын бүлгийн мэдэгдэлд хүргүүлэх юм.

АЗИЙН МАНЛАЙЛАГЧИД БОДЛОГО ТОДОРХОЙЛНО

 Олон улсын хурлын бас нэгэн онцлог нь Азийн манлайлагчдын уулзалт юм. Энэ нь бүс нутгийн улс төрийн манлайллын өндөр түвшний форум байх бөгөөд бүс нутагт гамшгийн эрсдэлийг бууруулах цаашдын бодлогын чиглэлийг тодорхойлно. Уулзалтыг Монгол Улсын Шадар сайд, НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргын гамшгийн эрсдэ­лийг бууруулах тусгай төлөөлөгч нар даргалан явуулна.  Азийн  манлайлагчдын уулзалтад Гамшгийн эрсдэлийг бууруулах Азийн сайд нарын хурал, Гамшгийн аюулыг бууруулах дэлхийн бага хурал, Гамшгийн эрсдэлийг бууруулах дэлхийн платформыг өмнө нь зохион байгуулсан болон зохион байгуулах улс орны сайд, төлөөлөгчдийн тэргүүнүүд оролцох юм.

12,000 ДОЛЛАРЫН ШАГНАЛЫН САНТАЙ ВИДЕО БҮТЭЭЛИЙН УРАЛДААН

Азийн сайд нарын бага хурлын үеэр уламжлал болон зохион байгуулагддаг арга хэмжээ бол Ази, номхон далайн бүс нутгийн оролцогчдын дунд зарладаг 12000 ам.долларын шагналын сан бүхий богино хэмжээний видео бүтээлийн уралдаан юм. Оролцогчдын бүтээлээр гамшгийн эрсдэлийг бууруулах үйл ажиллагаанд олон нийтийн оролцоог нэмэгдүүлэх, “Сендайн үйл ажиллагааны хүрээ” баримт бичгийн хэрэгжилтийг ахиулахад үр дүнтэй, шинэлэг шийдлийг харуулахыг  зорьдог.

Шилдэг богино хэмжээний хоёр видео бүтээлийг шалгаруулж  оролцогч бүрийг (4,000 ам.доллар) мөнгөн урамшууллаар шагнахаас гадна бага хуралд урьж оролцуулдаг юм.  Уралдаанд ирүүлсэн бүтээлийг бүс нутгийн мэргэжлийн шүүгчид үнэлж дүгнэсэн бөгөөд шагналыг хурлын хаалтын арга хэмжээн дээр гардуулан шалгарсан бүтээлийг бага хурлын үйл ажиллагааны туршид олон нийтэд үзүүлнэ.

САЙН ДУРЫНХНЫГ СУРГАЛТАД ХАМРУУЛАВ

Хурлыг зохион байгуулахад дэмжлэг үзүүлж, Монголын Улаанзагалмайн нийгэмлэгээс хурлын үеэр ажиллах сайн дурын идэвхтнүүдийг бэлтгээд байна. Хурлын үеэр ажиллах сайн дурын ажилд хүүхдийн байгууллагууд, ротари клубуудын төлөөллүүд болон их, дээд сургуулийн 500 оюутан, залуус бүртгүүлснээс 250 сайн дурын идэвхтнийг шалгаруулан, сургалтад хамруулсан.  

 

Эх сурвалж: ОБЕГ