Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгын санаачилсан Валютын зохицуулалтын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг өчигдөр УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцлээ. Хэлэлцүүлгийн үеэр УИХ-ын гишүүдийн олонх энэхүү хуулийн төслийг дэмжээгүй учир Валютын зохицуулалтын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төсөл, дагалдан өргөн мэдүүлсэн бусад хуулийн төслийг хууль санаачлагчид нь буцаах шийдвэр гаргажээ.
ВАЛЮТЫН ЗОХИЦУУЛАЛТЫН ТУХАЙ хуульд:
“10.Засгийн газартай хөрөнгө оруулалтын гэрээ байгуулсан, стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын ордыг ашигладаг, Монголбанкнаас тогтоосон доод хэмжээний экспортын гадаад валютын орлоготой хуулийн этгээдийн төлбөр тооцооны дансыг Монголбанк өөр дээрээ байршуулж болно.” гэж нэмэлт оруулах,
ТӨВ БАНК (МОНГОЛБАНК)-НЫ ТУХАЙ хуульд:
“6/ хуульд тусгайлан заасан тохиолдолд хуулийн этгээдийн дансыг тодорхой нөхцөлөөр өөр дээрээ байршуулах, төлбөр тооцоог гүйцэтгэх” гэсэн нэмэлт өөрчлөлтүүд байсан юм.
Энэхүү нэмэлт өөрчлөлтийг оруулах болсон шалтгаан нь хүчин төгөлдөр мөрдөж буй Валютын зохицуулалтын тухай, Төв банк (Монголбанк)-ны тухай хуульд зааснаар Монголбанк валютын гүйлгээг зохицуулах, улсын гадаад валютын нөөцийг эзэмшин, удирдах үйл ажиллагаа явуулж байгаа боловч гадаад валютын их хэмжээний орлого бүхий хуулийн этгээдтэй валют худалдан авахаас бусад хэлцэл хийх эрхгүй байгаа нь хуулийн төсөл боловсруулах үндэслэл болсон гэж хууль санаачлагч үзэж байгаа юм.