Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/06/28-НД НИЙТЛЭГДСЭН

Б.Мөнхсоёл: Хэнд ч золгүй зүйл тохиолдож болох тул нийтээрээ анхаарлаа хандуулъя

Б.Сувд, iKon.mn
2018 оны 6 сарын 28
iKon.MN
https://www.facebook.com/iKonNews/videos/865641323621437/

Хүүхдийн эрхийн хамгаалал, аюулгүй байдалтай холбоотой, хүүхдийн амь эрсдсэн асуудлууд сүүлийн үед гарах нь их боллоо.

Олон нийтийн анхаарлыг эдгээр асуудалд хандуулах зорилгоор Ардчилсан эмэгтэйчүүдийн холбоо, Ардчилсан залуучуудын холбооноос хамтран “Хүүхэд хамгаалал, олон нийтийн оролцоо” сэдэвт хэлэлцүүлгийг өчигдөр зохион байгууллаа.

Тэд “Хүүхэд хамгаалал, олон нийтийн оролцоо” арав хоногийн аяныг эхлүүлж байгаа аж.

Гэрэл зургийг mpa.mn

Ардчилсан эмэгтэйчүүдийн холбооны тэргүүн, БГД-ийн Засаг дарга С.Одонтуяа:

2016 оны 2 дугаар сард Монгол Улс Хүүхдийн эрхийн тухай хуультай болсон. Манайд хууль нь байгаа ч гэсэн үүнийг хэрэгжүүлэх шат дараалсан байгууллагууд хангалтгүй шатанд явж байна, мөн хүүхдийг асарч хамгаалах эцэг эхийн хараа хяналт, оролцоо дутмаг байна гэж харсан учраас үүн дээр олон нийтийн анхаарлыг хандуулах шаардлага гарч байна. 

Сүүлийн үед бидэнд хамгийн тулгамдаад байгаа асуудал бол цахим орчинд хүүхдийг яаж хамгаалах вэ гэдгийг илүү нарийвчилж хууль, эрх зүйн орчинд хэлэлцэх шаардлагатай байна. 

2018 он гарсаар 833 хүүхэд золгүй байдалд орсон байна гэх дүн мэдээ биднийг цочролд оруулж байна. Тиймээс иргэд, олон нийт, шийдвэр гаргах түвшний хүмүүс гээд бүгдээрээ хүүхэд хамгааллын тал дээр шинэ шатанд гарч ажиллая гэх уриалгыг дэвшүүлж байна. 

Энэ бол Монгол Улс, хүүхдийнхээ төлөө санаа зовж байгаа эцэг эхчүүд гэх бүх хүмүүсийн оролцох асуудал байгаа юм. 

Хэлэлцүүлгийн дараа бидний хүлээж буй үр дүн бол: 

  1. Хүүхэд хамгааллын шинэ шатанд гарах
  2. 2019 оны улсын төсөв батлагдах цаг үе ирж байгаатай холбогдон хүүхэд хамгаалалд төсөв гаргах үүднээс шийдвэр гаргах түвшний хүмүүсийн сонорт хүргэх шаардлагатай байна.
  3. Мөн олон нийтийн сүлжээгээр сэрэмжлүүлэг, ухуулах хуудсуудыг дамжуулах хэрэгтэй байна. Олон нийтийн анхаарлыг эдгээр асуудалд хандуулъя, нийгмээрээ давалгаалъя гэлээ.
Гэрэл зургийг mpa.mn

УИХ-ын гишүүн З.Нарантуяа:

Монгол Улсад хүүхдийн эрхийг хамгаалах хууль байна. Үүнд мөн төсөв тодорхой хэмжээнд төсөвлөгддөг ч хүүхдийн эрх зөрчигдсөн, аюултай ослууд гараад байгаа нь хуулийн хэрэгжилтийг хангах шат, шатны байгууллагууд хэнэггүй байгаатай холбоотой. Мөн хуулийн биелэлтийг хангахад олон нийтийн хяналт хэрэгтэй байна. 

Өрх гэр, байгууллага, аймаг, дүүрэг болгон өөрсдийн аюулгүй ажиллагааны журмыг баталж, хэвшиж сурах хэрэгтэй байна гэж ярьлаа.

Монгол улсын ерөнхийлөгчийн хүний хөгжил, нийгмийн бодлогын зөвлөх Д.Үүрийнтуяа:

Монгол Улсын 860 мянган гэр бүлд байгаа нэг сая 200 мянга гаруй хүүхдийн эрхийг хамгаалах асуудал үнэхээр чухал байна. Тоглоомын талбайн орчинд хүүхэд золгүй байдалд орсон нь Монгол Улс хуультай, төр байгаа хэдий ч үүний хэрэгжилт муу байна гэсэн юм.

НИТХ-ын төлөөлөгч Ц.Одонтунгалаг:

Хүүхдэд ээлтэй хот байхын тулд улсын төсвөөс маш бага мөнгө олгогддог нь уүүхдийн байгууллагуудын ажилчдын цалин, урсгал зардалд л явж байна. Монгол Улсад хүүхдийн дуу хоолой, саналыг сонсож төсвөө тооцоолох хэрэгтэй. 

Гэрэл зургийг mpa.mn

Иргэний нийгмийн төлөөлөл, эдийн засагч Б.Мөнхсоёл:

Сүүлийн үед болсон золгүй тохиолдлуудын хувьд зөвхөн осол болсон хүүхдүүдийн гэр бүлийн асуудал биш, хэнд ч ийм золгүй зүйл тохиолдож болох тул иргэн бүр нийтээрээ анхаарал хандуулъя. Мөн гэнэтийн осол, таагүй байдал гарахад түүнийг хариуцаж ажилладаг хүмүүс яагаад мэргэжлийн хариулт өгөхгүй байна вэ?

Монголд асуудал гарахад үүнийг өм цөм шийдээд байна. Хүүхдээ бид байнга нууж чадахгүй, араас нь дагаж чадахгүй тиймээс асуудлыг бүх талаас нь цогцоор авч үзэх, төрийн байгууллагууд, иргэний нийгмийн байгууллагууд нь стратеги төлөвлөгөөтэй, бодлоготой байх шаардлагатай байна.

Гэрэл зургийг mpa.mn

ИТХ-ын төлөөлөгч С.Мөнгөнсар: 

Монголын уламжлалт зан заншилд зөвхөн өөрийн гэхгүй бусдын үр хүүхдүүдэд ч анхаарал хандуулдаг байсан. Өнөөдөр бид бас хүний өөрийн гэхгүй, ойр орчимдоо анхаарал болгоомжтой байж, бусдын хүүхдүүдэд ч анхаал хандуулъя гэж уриаллаа.

Манай улсад “share economy” буюу өмчөө бусадтай хуваалцах асуудал дутмаг

Монголын Эдийн Засгийн Чуулган ТББ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Б.Ган-Очир:

Манай улсад орчин нөхцөл сайжраад байгаа хэрнээ “share economy” буюу өмчөө бусадтай хуваалцах асуудал дутмаг байна. Туул голын эрэг орчмын газрыг хуваагаад авчихсан 10-хан айл байна. Бид хүүхдээ Туул гол дээр салхилуулахад асуудал гарч байна. Хуваалцаж болох бүх зүйлсээ бусадтай хуваалцаж, 28 жил явсныхаа дэвшилтэт нөөцөө бүрэн ашиглах хэрэгтэй байна. Спорт заал зэргийг хуваалцъя, унадаг дугуйг хямдаар гудамжиндаа тавих, түрээслэх гэх мэт худалдаж авахгүйгээр унах боломжийг бүрдүүлье гэлээ.

БГД-ийн иргэн:

Польш улсад хүүхдийн өдөр өнжүүлэх төвүүд үнэгүй байдаг. Хүүхдүүдийг аюулгүй байлгах тал дээр хэрэгжүүлж болох өөр нэг зүйл нь Төрийн зүгээс өдөр өнжүүлэх төвийг ихээр байгуулж, үүнийгээ үнэгүй байлгах гэсэн санаачлагыг дэвшүүллээ.