Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/06/19-НД НИЙТЛЭГДСЭН

Ц.Оюунтөгс: Газраа чөлөөлж байгаа айлуудын амьжиргааг сэргээж, нөхөн олговор өгөхөөр болсон

Б.Нандин-Эрдэнэ
2018 оны 6 сарын 19
Зууны мэдээ
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

Гэр хорооллын дахин төлөвлөлтийн хүрээнд Монголд анх удаа амьжиргааг нөхөн сэргээх хамгааллын хөтөлбөр хэрэгжүүлэхээр болжээ. Энэ талаар “Зургаан буудал” ТББ-ын тэргүүн Ц.Оюунтөгстэй ярилцлаа.

–Эхлээд дахин төлөвлөлтийн төслийн талаар мэдээлэл өгөхгүй юу?

-2012 оноос гэр хорооллын дахин төлөвлөлтийн “Сэлбэ”, “Баянхошуу” дэд төсөл хэрэгжиж эхэлсэн.

Баянхошуунд 350, Сэлбэд 352 хашааны газрыг чөлөөлж байгаа. Нэг хашаанд хоёр айл гэж тооцвол 1,400 айл, 3,000 гаруй хүний эрх ашиг хөндөгдөж байна. Анх Азийн хөгжлийн банк, Нийслэлийн Засаг даргын Тамгын газартай гэрээ хийхдээ Азийн хөгжлийн банкны хамгааллын бодлогыг нэн түрүүнд авч хэрэгжүүлнэ гэсэн байсан. Гэтэл анх иргэдтэй уулзаж танилцуулахдаа эхлээд тохиролцоно, хамгааллын бодлого хэрэгжүүлнэ гэсэн ч хөрсөн дээрээ буугаагүй.

Тендерээр шалгарсан “Тэгш сонголт” компанийнхан 2017 оны дөрөвдүгээр сард үнэлгээ хийж эхлэхдээ эзэнгүй айлуудыг хөршөөс нь, насанд хүрээгүй хүүхдээс асууж гадна талаас нь хэмжилт хийсэн. Ингээд мкв газрыг 60 мянгаар, байшинг нь 200 мянган төгрөгөөр үнэлсэн байсныг иргэд эсэргүүцэж эхэлсэн. Сүүлдээ бид ТББ байгуулах нь зөв юм байна гэж үзээд “Зургаан буудал” ТББ-ыг байгуулж тэмцэж эхэлсэн. Олон ч газраар явж хүмүүстэй уулзсаны үр дүнд “Оюутолгойн хяналт” ТББ-тай хамтарч “Азийн хөгжлийн банк”-нд өргөдөл өгөх ёстой юм байна гэдгийг олж мэдээд гомдол гаргасан.

–Амьжиргааг нөхөн сэргээх хамгааллын бод­лого гэж байдаг гэдгийг анх яаж мэдсэн юм бэ. Хөтөлбөр хэрэгжсэнээр иргэдэд ямар боломж нээгдэх вэ?

-Төсөл хэрэгжиж эхлэхэд тендер шалгаруулж ажлын даалгавар өгдөг. Тэр даалгавар дээр нь хамгааллын бодлогыг зааж өгсөн байгаа. Үл хөдлөх хөрөнгийн хувьд шинээр нөхөн сэргээгдэх хэмжээний мөнгийг, дээрээс нь нүүх тээвэрлэлт ачилтын ажлын зардал, техникийн зардал, элэгдэл хоргодлыг тооцохгүй гэсэн заалт байгаа. Гэтэл компани иргэдийн газрыг  даалгаврын дагуу үнэлээгүй. Зөвхөн Монгол Улсын эд хөрөн­гийг үнэлэх хуулийн дагуу үнэлсэн юм болов уу гэж хардсан.

Хамгааллын бодлогыг анхнаасаа ярьсан ч ажил хэрэг болоогүй. Амьжиргааг нөхөн сэргээх хөтөлбөр, нийгмийн хамгааллын үнэлгээ хийдэг юм билээ. Мөн алдагдсан боломжийг нөхөн сэргээх, эрүүл аюулгүй байдал гээд цаашаа салбарлаад явдаг юм байна.  Өөрөөр хэлбэл, Азийн хөгжлийн банкны төслийн хүрээнд хамгааллын бодлогоор хэрхэн үнэлэх вэ гэсэн аргачлалыг заасан байдаг.

Азийн хөгжлийн банк Монголд үйл ажиллагаа явуулаад 25 жил болоход  нэг ч удаа гомдол авч байгаагүй. Өөрөөр хэлбэл, нэг ч удаа хамгааллын хөтөлбөрийг хэрэгжүүлж байгаагүй юм билээ. Гомдол гаргасныхаа дараа бид өнгөрсөн тавдугаар сард Филлипин улсын Манилла хотод болсон Азийн хөгжлийн банкны тайлангийн хуралд төлөөлөгчдөө оролцуулсан. Тэр үеэр иргэний нийгмийн байгууллагуудын санал, нөхцөл байдлаа тайлбарлахад захирлууд нь “Нэг ч айлыг хохироохгүй” гэж уучлал гуйгаад хамгааллын  хөтөлбөрийг сэргээж амьжиргаа, нийгмийн нөлөөллийн үнэлгээ хийж өгье гэсэн.

Мөн НЗДТГ-тай газрын үнийн талаар ярилцсанаар мкв газрыг 80 мянган төгрөг болгох санал тавьсан. Энэ үнийг иргэд хүлээн зөвшөөрөхгүй дахин хөрөнгөө үнэлүүлье гэсэн асуудлыг тавьж байгаа. Учир нь хоёр давхар байшинг нэг давхар байшингийн үнээр, хашааны талыг үнэлсэн байдаг. Мөн гэрчилгээгүй айлуудад газар өгье гэсэн. Газрыг газраар сольсноор үнийг нь авах биш өөрийг сонгож авах боломжтой төдийгүй зөвхөн үл хөдлөх хөрөнгийн үнэлгээг авах юм. Эсвэл бэлэн мөнгөөр гэсэн сонголт ч бий.

Одоогоор Азийн хөгж­лийн банкнаас нийгэм, амьжиргааны нөлөөллийн үнэлгээ хийх Ажлын хэсэг байгуулаад байна. Ажлын даалгавартай танилцаж, бид саналаа өгөхөөр болсон. Ер нь банкуудын хөрөнгө оруулалтаар төсөл хэрэгжихэд хамгааллын бодлого байдгийг тэр бүр мэддэггүйгээс иргэд хохирдог юм байна.

–Хамгааллын бодлого ямар хугацаанд хэрхэн хэрэгжих вэ?

-Амьжиргааг нөхөн сэргээх хөтөлбөр  нь айл өрхтэй уулзаж, амьжиргааг нь судална. Тухайлбал, газар дээрээ ногоо тарьж, гэртээ үйлдвэрлэл эрхлэх зэргээр амьжиргаагаа хэрхэн залгуулдаг байсныг нь судалж үнэлэх юм. Үүнийг нь тодорхойлсны дараа 1-2 жилийн хугацаанд нөхөн сэргээх хөтөлбөр хэрэгжүүлдэг юм байна. Харин нийгмийн хамгаалал нь  сургууль, цэцэрлэг, ажлын байр, төр захиргааны байгууллага гээд нийгмийн бүхий л үйлчилгээ төвлөрсөн газар амьдарч байна уу гэдэг асуудал. Тухайн айл дахин төлөвлөлтөд хамрагдсанаар сургууль, цэцэрлэгээс эхлээд нөлөөллийг нь судална.

Дахин төлөвлөлтийн  хүрээнд айлууд хэзээ хаана амьдрах нь  тодорхойгүй явсан учраас өнгөрсөн хугацаан дахь алдагдсан боломжийг нь нөхөх ёстой юм. Төсөл хэрэгжүүлэгчдээс болж амьдралаа сайжруулах боломжоо ашиглаж чадсангүй ээ гэдгийг тодорхойлж гаргаж ирж байгаа юм. Өөрөөр хэлбэл, өнгөрсөн зургаан жилийн хугацаанд хэзээ газарт орж  тогтвор суурьшилтай амьдрах нь тодорхойгүй байсан учраас иргэд хашаа, амьдралаа сайжруулаагүй. Зарим өрх өмнө нь эрхэлж байсан  тариалангаа үргэлжлүүлж чадаагүй. Дээрх судалгаануудыг өрх бүр дээр хийнэ. Үүний үндсэн дээр нөхөн олговор өгөх юм.

–Судалгаа эхэлсэн үү?

-Одоохондоо эхлээгүй. Ажлын даалгавар боловсруулж байгаа. Эхнээсээ тохирсон ажлууд дээрээ  гэрээ байгуулж байна.

– Нөхөн олговор мөнгөн дүнгээр тооцогдоно гэж ойлгож болох уу?

– Мөнгөн дүнгээр тооцогдоно. Ярилцлага, судалгаагаар тодорхойлох учраас хэр хугацаа зарцуулахыг мэдэхгүй байна.

-“Сэлбэ”, “Баянхошуу” төсөлд хамрагдаж байгаа 1,400 айлын  2012 оноос хойших нийгмийн хамгаалал, алдагдсан боломжийг судалж нөхөн төлбөр олгоно гэсэн үг үү?

-Тийм. Нэг газраас нүүгээд өөр газар очиход тэр  айлын амьжиргаанд ямар нөлөөтэйг бүгдийг нь судалж тооцож гаргаж ирнэ. Хамгийн гол нь амьжиргаа хэвийн хэмжээнд ортол туслах юм.

Зураг