Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/06/15-НД НИЙТЛЭГДСЭН

Д.Тэрбишдагва: Бид мэргэжилтнүүдээ алдаад байна

Б.Сувд, iKon.mn
2018 оны 6 сарын 15
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

Мэргэжлийн боловсрол сургалт “Ажилсаг Монгол” үндэсний хэмжээний зөвлөгөөнийг энэ сарын 18,19 нд зохион байгуулах гэж байна. Зөвлөгөөнөөр нийгэмд баялаг бүтээгч, нийгмийн хөгжлийн түлхэх хүч болдог мэргэжилтэй боловсон хүчнүүдийг бэлтгэх асуудлаар ярилцах аж.

“Ажилсаг Монгол” гэх үгний утга нь цаашид гадаадад боловсрол эзэмшсэн залуус маань бүгдээрээ ажилсаг болон ирэхийг уриалж, дэлхийн Монгол залууст хөрөнгө оруулахад найдвартай байх итгэлцлийг төрүүлэх зорилго тавьжээ. Энэ талаар өнөөдөр Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамнаас мэдээлэл хийлээ.

Боловсролын салбарын асуудлуудын гарц шийдлийг олох, цаашдын чиг хандлагыг тодорхойлох, бэхжүүлэх зэрэг олон асуудлыг хөндөнө

Хөдөлмөр, нийгмийн хамгааллын дэд сайд С.Мөнгөнчимэг "Манай улс бол залуучуудын орон, тэдгээрийг ажилтай, орлоготой байлгах, мэргэжлийн боловсролын салбарыг өөр түвшинд авчрах, хөгжүүлэх ажлыг хийх цаг нь болжээ. Энэ хүрээнд боловсрол, сургалтын хуулийн шинэчлэлийг энэ онд багтаан өргөн барихаар ажил эхэлсэн байна. 

Энэ хоёр өдрийн арга хэмжээнд шийдвэр гаргах түвшний бодлого тодорхойлогчид болон сургуулийн салбарынхан, судлаачид, багш нар, олон улсын хамтын ажиллагааны байгууллагууд зэрэг олон хүмүүс оролцох юм. Боловсролын салбарын асуудлуудын гарц шийдлийг олох, цаашдын чиг хандлагыг тодорхойлох, бэхжүүлэх зэрэг олон асуудлыг хөндөх болно" гэв.

Оюутанд өгдөг 70,000 төгрөгийг дэмжих асуудлуудыг зөвлөгөөний үеэр хэлэлцэх болно

УИХ-ын гишүүн Д.Тэрбишдагва "Ажилгүйдэл, ядуурлыг бууруулахын тулд хүн болгон орлоготой байх ёстой.  Манайд дэлхийн зах зээлд ажиллах чадах боловсон хүчин, нарийн мэргэжлийн хүмүүс хомс болжээ. Өнөөдөр Монголд төгсөгчдийн 80% орчим нь дээд сургуульд орж, тэдгээрээс 79% нь мэргэжлээрээ ажиллаж чадахгүй байна.

Өөрөөр хэлбэл, бид мэргэжилтнүүдээ алдаад байна гэсэн үг. Бидэнд нарийн мэргэжилтнүүд дутаж байна. Герман улсад боловсрол олгодог 320 мэргэжил байна.

Манайд 30,40- хөн мэргэжлээр бэлтгэж байна. Германы хөгжлийн онцлог нь хүн болгон нь ажилтай, орлоготой байдаг. Үүнд мэргэжлийн сургалтан дээр суурилсан хосолмол сургалт нь ач холбогдолтой гэж бид харсан. Энэ хоёр хоногийн зөвлөгөөнөөр Германд суралцаж байгаа залуучуудын төлөөллөөс ирж, Германы боловсролын давуу тал, ач холбогдол зэргээр яриа хийн, илтгэл тавина. Цаашид энэ чиглэлээр Япон, Солонгостой хамтарч ажиллах болно. 

Хөтөлбөрийг 13 хүний бүрэлдэхүүнтэйгээр, дэд сайд С.Мөнгөнчимэг удирдан ажиллаж байна. Хөтөлбөрийн хүрээнд энэ жил нэг тэрбум төгрөг суулгаж, үүнээс сургалт, сургуулиудад байршуулах орчин үеийн тоног төхөөрөмжид зарцуулж байна. Мөн анх удаа 80 хүүхдэд Герман хэл зааж, мэргэжлийн сургалтанд дадлага хийлгэж байна.

Цаашид 2030 он хүртэл 30,000 хүүхдийг өндөр мэргэжлийн боловсон хүчинд бэлтгэх зорилго тавьж байна. Мөн оюутанд өгдөг 70,000 төгрөгийг дэмжих асуудлуудыг зөвлөгөөний үеэр хэлэлцэх болно". 

Герман улсад мэргэжилтэнг бэлтгэхдээ хосолсон загвар буюу онол, дадал хоёрыг хослуулсан загварыг чухалчилдаг

ХБНГУ-ын ЭСЯ-ны нэгдүгээр нарийн бичгийн дарга Др.Кристиан Гласс "Бид бүхний эцсийн зорилго бол хөдөлмөрийн зах зээлд нийцсэн боловсон хүчнүүдийг бэлтгэхэд анхаарах, цаашдаа ч хамтран ажиллана гэж итгэж байна. 

Бидний хамтран ажиллаж байгаа өдөрлөгүүдээр хэлэлцэх нэг чухал сэдэв нь мэргэжлийн боловсролын салбарын тухай, түүнийг хөгжүүлсэнээр тухайн орны эдийн засгийн хөгжилд шийдвэрлэх хэмжээний ач холбогдолтой гэж үзэж байна. Ард түмнийг ажилтай, орлоготой байх, тэгснээр сайхан амьдрах, ирээдүйн амьдралдаа сэтгэл хангалуун байлгах үндэс болно.

Жишээ нь: Монгол Улсын эдийн засагт чухал ач холбогдолтой уул уурхайн салбарын өргөн хүрээний мэргэжилтнүүдийг  бэлтгэхэд дэмжин ажиллаж байна. 
Герман улсад мэргэжилтэнг бэлтгэхдээ хосолсон загвар буюу онол, дадал хоёрыг хослуулсан загварыг чухалчилдаг. Мэргэжилтэнг бэлтгэхийн гол зорилго нь онолын сургалтын хажуугаар дадал ажлыг чухалчилж байгаагаараа онцлог юм. Энэ нь тухайн мэргэжилтэн хөдөлмөрийн зах зээл дээр гарч ажил эрхлэхэд нь ач холбогдолтой" гэв.

Хөтөлбөр:

  1. Зургаадугаар сарын 18- нд Налайхд байрлах МСҮТ сургууль дээр 150 хүний бүрэлдэхүүнтэйгээр боловсролын салбарт тулгамдаж байгаа асуудлууд, хуулийн шинэчлэлийн санал авах мөн багшийн хөгжлийн асуудал, сургалт программыг сайжруулах  тал дээр хэлэлцэнэ. 
  2. Зургаадугаар сарын 19-нд Төрийн ордон болон Сүхбаатарын талбай дээр сургуулиудын танилцуулга, тэдгээрийн хийсэн бүтээлүүдийн үзэсгэлэн гэхчлэн өргөн хэмжээний арга хэмжээ болно.