Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/06/15-НД НИЙТЛЭГДСЭН

Улаанбаатарт болох Зүүн хойд Азийн хотуудын дарга нарын форумд Пёньяан, Токиогийн удирдлагууд оролцоно

ikon.mn
2018 оны 6 сарын 15
iKon.MN
Зураг зураг

Зургаадугаар сарын 18, 19-ний өдөр Улаанбаатар хотноо Зүүн хойд Азийн хотуудын дарга нарын форум зохион байгуулагдах гэж байна. 

“Форумын бэлтгэл ажил бүрэн хангагдсан. Зүүн хойд Азийн хотын дарга нарын форум анх 2014 онд зохион байгуулагдаж байсан. Өндөр зохион байгуулалттай, үр ашгаа өгсөн форум болж өнгөрдөг. Энэ жилийн форумаар хүлэмжийн хийг бууруулах, уур амьсгалын өөрчлөлттэй дэлхийн өндөр хөгжилтэй хотууд хэрхэн тэмцэж буй туршлагаа хуваалцаж, бүс нутгийн хэмжээнд хамтран шийдвэрлэх асуудлаар санал солилцож, зөвлөмж гаргана.

Форумаас гарах шийдвэрийг төрийн болоод төрийн бус байгууллагууд, нийслэлийн иргэд хамтран хэрэгжүүлж, амжилттай зохион байгуулах үүрэг бидний өмнө хүлээгдэж байгаа” хэмээн нийслэлийн Засаг даргын орлогч Ж.Батбаясгалан ярилаа.

Нийслэлийн Байгаль орчны газрын дарга Э.Баттулга “2016 онд болсон Зүүн хойд Азийн хотуудын дарга нарын форум “Хотын ногоон хөгжил, эрчим хүчний тогтвортой шийдлүүд” гэсэн сэдвийн дор явагдсан. Энэ форумын үр дүнгээр хийгдсэн ажлаас жишээ дурдвал нийслэлийн Засаг даргын захирамжаар бүрэн цахилгаан авто машиныг дугаарын хязгаарлалт болон авто замын төлбөрөөс чөлөөлсөн.

Нийтийн тээврийн автобуснуудыг шингэрүүлсэн хийгээр цэнэглэж явуулах шийдвэр гаргаад ажиллаж байна. Мөн угсармал орон сууцны төсөл хэрэгжсэн байгаа. Энэ мэтчилэн олон эерэг өөрчлөлт хийгдэж байна. Энэ жилийн форумаар барилгын салбар, ойжуулалт, тээврийн салбарын чухал асуудлууд хэлэлцэгдэнэ” хэмээлээ.

Форумд зургаан улсын 16 хотын дарга, удирдлагууд оролцох юм. Тодруулбал, ОХУ-ын Москва, Улаан-Үд, Чит, БНХАУ-ын Бээжин, Тенжин, Шинь-Ян. Чончун, БНСУ-ын Сөүл, Пусан, Тежон, Сувон БНАСАУ-ын Пёньяан хот, Японы Токио хотын удирдлагууд оролцох аж.

Мөн Монгол Улсын Их хурал, Засгийн газар, Монгол Улсад суугаа Элчин сайдууд, Улаанбаатар хоттой хамтран ажилладаг Олон улсын байгууллагын төлөөлөл оролцох юм байна.