Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/06/15-НД НИЙТЛЭГДСЭН

Д.Эрдэнэбаатар: Хөшигийн хөндийн нисэх онгоцны буудлын гүйцэтгэл 98 хувьтай байна

У.Сарангэрэл, Үндэсний шуудан
2018 оны 6 сарын 15
Үндэсний шуудан
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

Бид Хөшигийн хөндийд баригдаж байгаа шинэ нисэх онгоцны буудлын ажлын явц ямар байгаа талаар ИНЕГ-ын Нисэх буудлын бодлого, зохицуулалтын хэлтсийн дарга Д.Эрдэнэбаатартай уулзаж ярилцсан юм.

-Хөшигийн хөндийн нисэх онгоцны буудал анх төлөвлөж байсан хугацаанаасаа хоцорч баригдаж байгаа. Япончууд өөрийн хөрөнгөөр хийх ёстой ажлаа хийж гүйцэтгэсэн. Манайх юун дээр цаг хугацаа алдчихав?

-Нэмэлт зээлийн гэрээний хүрээнд баригдаж байгаа барилга, байгууламжууд дуусаагүй байсан. Мөн өмнөх зээлийн хүрээнд баригдсан бүтээн байгуулалтуудыг улсын комисс хүлээн авах явцад илэрсэн алдаа, дутагдал зөрчлийг залруулж байгаа. Үүнийг хийхэд багагүй хугацаа зарцуулсан. Гүйцэтгэгч талын алдаа, дутагдлыг шалгаж авахгүй бол ямар нэгэн асуудал гарвал бид л хариуцлага хүлээнэ.

-Хэчнээн төрлийн зөрчил гарсан бэ?

-1400 орчим зөрчил, алдаа, дутагдал гарсан. Үүнийг засаж, залруулах үйл ажиллагаа өнөөдрийн байдлаар 98 хувийн гүйцэтгэлтэй болсон. Эхний зээлийн хүрээнд терминал болон зурвас, бусад дагалдах байгууламжууд баригдсан. Дээрх байгууламжуудыг улсын комисс хүлээж аваад байна. Зээлийн хүрээнд газрын тусгай үйлчилгээний барилга, дулаан гараж зэрэг барилга байгууламжууд мөн баригдсан. Үүнийг техникийн комисс хүлээж авсан. Одоо улсын комисс хүлээж авна.

-Манай Засгийн газрын зүгээс барих барилга, байгууламж баригдаж дууссан уу?

-Засгийн газар гурван барилгын ажлыг концессоор гүйцэтгэж байгаа. Энэ ажил нисэх буудлын үйл ажиллагаа эхлэхээс өмнө ашиглалтад орчихно.

-Ямар зориулалтаар баригдаж байгаа юм бэ?

-Ачаа, шуудан болон газрын үйлчилгээний машин механизмын байгууламж, захиргааны байрыг Монгол Улсын Засгийн газар өөрийн хөрөнгөөр барьж байгаа юм.

-Гүйцэтгэл нь хэдэн хувьтай байгаа вэ?

-Одоо 95 хувийн гүйцэтгэлтэй байгаа. Захиргааны байрыг хүлээлгэж өгөхөд бэлэн болсон. Техникийн комисс удахгүй шалгана. Нөгөө хоёр барилгын гүйцэтгэл 85 хувьтай явж байна.

-Замын ажил хэзээ дуусах вэ. Ирэх арваннэгдүгээр сард ашиглалтад орно гэж төлөвлөсөн. Хугацаандаа багтах уу?

-Ирэх арваннэгдүгээр сарын 8-д үйл ажиллагааг эхлүүлнэ гэсэн тооцоололтой байна. Барилга, байгууламж зурвас нь бэлэн болсон. Агаарын хөлөг хүлээж авахад шаардлагатай бүх барилга, байгууламж, тоног төхөөрөмж бүгд бэлэн болчихсон. Замын ажил БНХАУ-ын буцалтгүй зээл тусламжаар баригдаж байгаа юм. Замыг арваннэгдүгээр сард барьж дуусна гэсэн тооцоотой. Хугацаандаа дуусах байх. Туслан гүйцэтгэгч нь монгол компани.

-Манай авто замууд ер нь чанар муутай хийгддэг шүү дээ. Чанар, стандарт дээр нь хэрхэн анхаарч байна вэ?

-Хурдны замын зориулалтаар зургаан эгнээ зам баригдаж байгаа. Төв аймгийн товчооноос эхлээд Хөшигийн хөндий хүртэл нийтдээ 32 километр хурдны зам нь Монголдоо анх удаа баригдаж байгаа бүтээн байгуулалт. Түүнчлэн гүүрэн байгууламжууд баригдаж байна. Хамгийн том гүүрэн байгууламж нь Өлзийт рүү явах замд бий. Хучилтаа хийчихвэл ашиглалтад ороход бэлэн болсон. Өнөөдрийн байдлаар гүйцэтгэл нь 70-80 хувьтай байна.

Чанарын хувьд БНХАУ-ын инженер, техникийн ажилчид хяналтаа хийгээд ажиллаж байгаа учраас мэдээж стандарт, шаардлага хангасан зам болно гэдэгт итгэлтэй байна. Бид өнөөдөр Төв аймаг руу тойруу замаар яваад байгаа шүү дээ. Энэ замын ачаалал ихэсвэл аюулгүй ажиллагааны шаардлага хангахгүй. Огцом эргэлтүүдтэй. Хугацаа маш их алдана. Хотоос цаг гаруй явж байж Хөшигийн хөндий ордог. Харин хурдны зам ашиглалтад орчихвол 20-30 минутын хугацаанд хотоос Хөшигийн хөндий рүү давхиад очно.

-Хөшигийн хөндийн нисэх онгоцны буудал барих явцад ямар нэгэн саад бэрхшээл тулгарч байна уу?

-Тийм зүйл алга. Гэхдээ агаарын тээвэрлэгчдээс барилга байгууламжийн асуудлаар тавьсан хүсэлтүүд байсан. Тэр нь катеринг байгуулах, агаарын хөлгийн гараж буюу ангарын барилга байгууламжийн асуудал байлаа. Үүнийг тодорхой төвшинд шийдвэрлэж Японы нэн хөнгөлөлттэй зээлээр зарим байгууламжийн барилгын ажил хийгдэж эхлээд байна. Өнөөдөр дотоодын агаарын тээвэрлэгчид шууд нүүгээд очъё гэхэд санхүүгийн хүндрэлтэй байгаа юм.

Тиймээс Японы талаас агаарын хөлгийн битүү зогсоол буюу ангарыг нь бариад өгчихье гэсэн. Катерингийн барилгын хувьд Монгол Улсын Засгийн газар концессын гэрээгээр шийдвэрлэхээр яригдаж байгаа. Ажил нь ойрын хугацаанд эхэлбэл байгууламжаа ирэх арванхоёрдугаар сард хүлээж ирэх оны авах бололцоотой. Үйл ажиллагаа нь хоёрдугаар сараас эхлээд жигдэрнэ гэсэн төлөвлөгөө, тооцоотой ажиллаж байна. Ангарын барилга, байгууламж мөн арванхоёрдугаар сард бэлэн болно.

-Олон улсын жишигт нийцсэн онгоцны буудал болно гэж яриад байгаа. Яг тэр жишигтээ нийцэж чадаж байгаа юу. Ямар нэгэн дутагдал бий юу?

-“Чингис хаан” нисэх буудлын ашигтай талбай нь 12,000 ам.метр байдаг бол Хөшигийн хөндийн шинэ нисэх буудлын ашигтай талбай нь 37,000 ам.метр. Тэгэхээр даруй гурав дахин илүү. Агаарын хөлөг буудаг зурвас нь 3,600 метр, өргөн нь 45 метрийн урттай. Хоёр талаасаа буухад зориулагдсан бетонон зурвастай. Мөн 920 машины зогсоолтой.

Дээрээс нь 200 машины дулаан гаражтай. Нийтдээ 1120 орчим машины зогсоолтой. Сүүлийн үеийн шинэ дэвшилтэд технологийг ашиглаж, тоног төхөөрөмжүүдийг суурилуулж байгаа. Аюулгүй байдлын үзлэг шалгалт гэхэд тухайн зорчигчийн тээшинд аюултай ачаа байгаа эсэхийг автоматаар таних зорчигч бүртгэлийн тоног төхөөрөмж гэх мэт.

-Тавдугаар сард шалгалтын нислэг хийсэн. Амжилттай болсон уу?

-Шалгалтын нислэг амжилттай болсон. Энэ нислэгээр агаар хөлөг зурваст ойртолтын хэмжээнд ирж навигацийн тоног төхөөрөмж хэвийн ажиллаж, нисгэгчдэд мэдээллийг өгч чадаж байна уу гэдгийг шалгасан нислэг байсан юм. Одоо шинэ нисэх буудлын үйл ажиллагааг хариуцах хуулийн этгээд тодорхой болчихсон буудлыг гэрчилгээжүүлнэ. Гэрчилгээжүүлсний дараа зурваст агаарын хөлөг буух, хөөрөх шалгалтын нислэг хийгдэнэ.

-Хөшигийн хөндийн нисэх онгоцны буудлыг анх төлөвлөхдөө Дагуул хот барина гэж байсан шүү дээ. Энэ ажил хийгдэж байна уу?

-Барилга хот байгуулалтын яаманд ажлын хэсэг гарчихсан ажиллаж байна. “Говь трэйвэл” гэж компани 32 мянган оршин суугчтай Дагуул хотын зураг, төслийг хийж байгаа гэсэн. Хэрэв зураг эцэслэгдээд гарчихвал барилгаа барих боломжтой. Хөшигийн хөндийд Дагуул хот барих бололцоо нь бүрэн хангагдсан.

Дэд бүтэц, дулаан, ус хангамжийг шийдсэн. Тэнд зөвхөн барилга байгууламжаа бариад хүмүүсээ оруулахад ядах юм байхгүй. Бид өнөөдрийн байдлаар нутгийн иргэдийг ажлын байраар хангаад явж байгаа. Нийтдээ 2,000 гаруй ажилчин ажиллаж байна. Ашиглалтын өмнөх захиргааны алба гэж 190 гаруй хүнтэй алба шинэ нисэх буудалд ажиллаж байна.

-Шинэ нисэх буудлын үйл ажиллагааг хариуцах Япон, Монголын хамтарсан компани байгуулахаар болсон. Гэрээ, хэлцэл нь ямар шатандаа явж байна вэ?

-Монгол Улсын Засгийн газар 49 хувийг, Японы талаас 51 хувийг эзэмшсэн хамтарсан консерциум байгуулна. Монголын талаас Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газар 49 хувийн эзэмшигч болсон. Тиймээс өнгөрөгч тавдугаар сард Засгийн газрын тогтоолоор “Хөшигийн хөндийн нисэх онгоцны буудал” төрийн өмчит ХХК-нийг байгуулахаар шийдвэрлэсэн.

Японы талаас “Мицибүши”, “Жал", “Жал люкс” компанийн хамтарсан консерциум орж ирж байгаа. “Нарита" нисэх буудал хамтарсан консерциумд мөн нэгдэж орж ирсэн. Энэ дундаасаа менежментийн үйл ажиллагааг явуулах оператор компани гарч ирнэ. Тэр компани нисэх буудлыг үйл ажиллагааг цаашид аваад явна. Ийм байдлаар хувьцаа эзэмших гэрээ, концессыг байгуулахаар ажиллаж байна.

-51 хувийг яагаад Японы талд өгчхөв?

-Японы тал нисэх буудлын үйл ажиллагааг явуулах туршлага ихтэй. Барилга, байгууламж барьсан учраас аль болох ашигтай ажиллуулах талаар зөв менежментээр явна гэдэгт итгэлтэй байна. Зөв менежментээр явбал буцаад өр зээл хурдан хугацаанд төлөгдөнө шүү дээ.

Зураг