2018/08/21
Америк доллар
МОНГОЛ БАНК:
2,467.76₮
B28
УЛААНБААТАР
22°
|
11°
B34
УЛААНБААТАР
23°
|
12°
B30
УЛААНБААТАР
26°
|
12°
06:00
S44
07:00
S44
11°
08:00
S44
13°
09:00
S44
14°
10:00
S28
17°
11:00
S26
18°
12:00
S26
19°
13:00
S26
19°
14:00
S26
19°
15:00
S26
20°
16:00
S26
20°
17:00
S26
19°
Энэ мэдээ хуучирсан буюу 2018/06/15 -нд нийтлэгдсэн мэдээ болно.

Б.Цэрэнпүрэв: Замчид АЗЗА-ын компаниудыг бүрэн хувьчлахыг эсэргүүцэж байна

Р.Саруул
2018 оны 6 сарын 15
MorninigNews.mn

Монголын авто замчдын ҮЭ-ийн холбооны дарга Б.Цэрэнпүрэв өнгөрсөн долоо хоногт Авто замын засвар арчлалтын 20 компанийг хувьчлах асуудлыг эсэргүүцэж буйгаа мэдэгдэж хэвлэлийн бага хурал хийсэн билээ. Бид энэ удаа МАЗ-чдын ҮЭ-ийн холбооны дарга Б.Цэрэнпүрэвтэй АЗЗА-ын компаниудын хувьчлалын асуудлаар ярилцлаа.

-Монголын Авто замчдын ҮЭ-ийн холбооноос яагаад, АЗЗА-ын компаниудыг хувьчлах асуудлыг эсэргүүцээд байгаа юм бэ?

-Яагаад МАЗ-чдын ҮЭ-ийн холбооноос эсэргүүцээд байгаа вэ гэхээр, нэгдүгээрт, зам бол ашгийн байгууллага биш, хувьчилж болохгүй. Энэ бол нийтийн бөгөөд төрийн өмч, зам бол ашиг олох хэрэгсэл биш. Хоёрдугаарт, 900 гаруй ажилтан байгаа. Энэ ажилтнуудын цаана гэр бүлийнх нь 2,000 гаруй хүн бий.

Орон нутгийн АЗЗА-ын нэг компанид доод тал нь 35-50 хүн баталгаатай ажлын байраар хангагддаг. Тэгэхээр энэ компаниуд хувьчлагдаад эхэлбэл энэ хүмүүсийн ажлын байрны баталгаа алдагдах, орлогогүй болох, эрсдэлтэй байна. Жишээлбэл, Азийн хөгжлийн банкнаас таван жилийн өмнө хийсэн судалгаагаар АЗЗА-ыг чанартай хийхэд 55 тэрбум төгрөг шаардлагатай гэсэн дүгнэлт гарсан. Гэтэл улсаас 17 тэрбум төгрөгийг 28 компанид өгсөн.

АЗЗА -ын хөрөнгө батлагдсан норм нормативын хүрээнд төрөөс хязгаарлагдмал хөрөнгө өгч байгаа тохиолдолд хувь хүн АЗЗА-ын компаниудыг аваад засвар хийгээд явна гэдэг хэцүү шүү дээ. Одоо байгаа АЗЗА-ын компаниуд өөрсдийн гэсэн байртай, техник тоног төхөөрөмжтэй, мэргэжлийн ажиллах хүчинтэй компаниуд. Тиймээс бид АЗЗА-ын компаниудыг хувьчлах гээд байгаа бол үе шаттай хувьчлаач ээ.

Тэр ашигтай ажиллаж байгаа компаниудыг хувьчлахгүй байгаач. Харин алдагдалтай ажиллаж байгаа хоёр гурван компаниудыг эхэлж хувьчилж болно гэсэн шаардлага тавьж байгаа.

-Нийтдээ МАЗ-чдын ҮЭ-ийн холбоонд харьяалалтай хэдэн АЗЗА-ын компани байдаг вэ?

-Манай ҮЭ-ийн холбоонд төрийн өмчит АЗЗА компаниуд бүгд ҮЭ-ийн гишүүнчлэлтэй.

-Төрийн өмчийн компанид ажилладаг ажилтнуудын цалин бага, харин хувийн компанид ажилладаг ажилтны цалин өндөр учраас, цалингаа нэмэгдүүлэхийн төлөө жагсаж, цуглах шаардлага байхгүй гэж ярьдаг, тэгж ч харж байна. Энэ тал дээр таны бодол?

-Манай АЗЗА-ын компаниуд улсаас тодорхой хувийн татаас аваад, өөрсдөө нэмж ,ажил хийдэг. Дээр нь зорилтот төвшин гээд улсад мөнгө төлдөг. Хэдийгээр тийм ч өндөр цалинтай биш ч гэлээ, тогтмол нэмэлт орлоготой.

Хувь хүний мэдэлд зуун хувь очно гэдэг үндсэндээ аюултай. Жишээлбэл, нэг хувийн компани улсаас мөнгө авах гээд замаа ухаж хаячхаад, өгсөн мөнгөнд чинь тааруулж зассан нь энэ гээд суучихвал яах уу. Төр өөрөө хяналтдаа байлгах ёстой стратегийн ач холбогдолтой салбарууд байдаг юм. Жишээлбэл, МИАТ, Авто зам. Эд бол нийтийн эрх ашиг тэргүүнд тавигддаг салбар юм шүү дээ. Манайд авто зам, засвар арчлалтын хувийн найман компани байна.

Тэнд үндсэн ажилчин маш цөөхөн байдаг. Нөхөр нь захирал, эхнэр нь гүйцэтгэх захирал, дүү нь нярав гээд гэр бүлийн хүрээнд ажилладаг байх жишээтэй. Мөн засвар арчлалт хийх үндсэн чиглэлээсээ хазайж зам барилгын ажил хийж ашгийн төлөө гүйж зам замын байгууламжийн бэлэн байдал сөргөөр нөлөөлж, иргэдийн амь нас ачаа тээврийн аюулгүй байдалд сөргөөр нөлөөлж зам эзгүйрнэ. Төрийн өмчит компани шиг 40-50 хүн тогтвортой ажлын байраар хангадаг газар хаана ч байхгүй. Зуун хувь бүрэн хувьчилж огт болохгүй.

-Энэ сарын 5-нд хийсэн хэвлэлийн бага хурлын дараа УИХ-д шаардлага хүргүүлсэн гэсэн энэ талаар тодруулаач?

-Тэгсэн. УИХ-ын дарга М.Энхболд болон УИХ-ын гишүүд, Ерөнхий сайд У.Хүрэлсүх, Зам тээврийн хөгжлийн сайд Ж.Бат-Эрдэнэ, Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газрын дарга Ц.Ням-Осор нарт шаардлага хүргүүлсэн. “Төрийн өмчийн 2017-2018 онд хувьчлах, өөрчлөн байгуулах үндсэн чиглэл”-ийн төслийн дагуу нэр бүхий авто зам засвар арчлалтын 20 төрийн өмчит хувьцаат компаниудыг “бүрэн" хувьчлах буюу нээлттэй дуудлага худалдаагаар худалдах асуудлыг УИХ-ын нэгдсэн хуралдаанаар хэлэлцэж, шийдвэр гаргах гэж байгааг авто замын ажилтнууд эсэргүүцэж байгаа.

Авто замын төрийн өмчит 20 компаниудыг бүрэн хувьчилна гэдэг заалтыг өөрчилж үе шаттайгаар тодорхой хэсгийг хувьчлах ёстой гэж үзэж байгаа. Хоёрдугаарт, материаллаг бааз нь бэхжээгүй өөрийн техникгүй компаниуд байгаа. Гэхдээ энэ бол бас л улс төрийн асуудалтай холбоотой. Анх “Улаанбаатар зам засвар” гээд 300 гаруй ажилтантай том компанийг, Багануур, Эрдэнэсант, Баянчандмань, Налайх гээд дөрөв хуваачихсан. Тэгээд дөрвөн дарга тавиад зарим нь техниктэй зарим нь техникгүй дөрвөн газар байгаа. Эд нар нь ашиггүй ажилласан байгаа юм. 

Ерөөсөө манай замын арчлалтын компаниуд алдагдалтай ажиллаад байгаа юм биш. Энэ бол улс төрийн томилгоогоор ирсэн мэргэжлийн бус захирлуудтай холбоотой. Үүнийг та нар 51:49 хувиар хувьчилж болно. Харин үүнээс орсон орлогыг нь техник тоног төхөөрөмжийг нь сайжруулах юм хийгээч гэсэн хоёр дахь шаардлага тавьж байгаа. Харин гуравдугаарт, 51:49 хувиар ганц, нэг компанийг хувьчилсан тохиолдолд АЗЗА-ын компаниудын ажилтнуудын нийгмийн хамгааллын асуудлаар бид нартай хэлэлцээр байгуулахыг шаардаж байгаа.

-Тэмцлийн дараагийн хэлбэр ямар байх вэ?

-Бид эхний ээлжид шаардлагын алба бичгүүдээ шат дараатайгаар хүргүүлж байна. Хоёрдугаарт, бид шийдвэр гаргах төвшний хүмүүстэй зөвшилцөх гэж үзэж байна. Хэрэв зээ цаашид АЗЗА-ын компаниудыг хувьчилж, эдгээр хүнийг бүгдийг ажилгүй болгож, тэдний нийгмийн асуудлыг орхигдуулбал тэмцлийн шат дараалсан арга хэмжээг авна. Одоо манай компанийн ажилтнууд замаа хаагаад техник хэрэгслээ тавиад суучихъя, ингэе, тэгье гэсэн яриад байгаа.

Гэхдээ бид хуулийн хүрээнд тэмцлийн үйл ажиллагаагаа үргэлжлүүлж, тэмцлийн арга хэрэгслийг сонгоно. Одоогийн байдлаар АЗЗА-ын хувьчлалын эсрэг түр хороогоо байгуулчихсан ярилцаад явж байгаа. Эхний ээлжид зөвшилцөж байна. Эдийн засгийн байнгын хорооны хурлаар АЗЗА-ын хувьчлалын асуудал ороход бүх компанийг бүрэн хувьчлах нь, ер нь буруу юм байна гэдэг тал дээр байнгын хорооны гишүүд нэлээдгүй шүүмжлэлтэй хандсан гэсэн мэдээллийг авсан.

Ер нь компани болгон дээр тусгайлан дүгнэлт гаргах ажлын хэсэг байгуулагдсан гэсэн мэдээлэлтэй байна. Тэгэхээр энэ бол аль болох компаниудыг бүрэн хувьчлалгүй, ашигтай ажиллаж байгаа хөлөө олсон тогтвортой үйл ажиллагаа явуулж байгаа компаниудыг битгий хувьчлаач ээ, нэн түрүүнд алдагдалтай ажилласан, материаллаг бааз нь бэхжээгүй ашиггүй ажиллаж байгаа компаниудыг үе шаттайгаар хувьчлах санал оруулж байгаа юм. Бидний тавьсан шаардлагыг УИХ-ын гишүүд дэмжинэ гэдэгт найдаж байна.

-МАН-ын бүлгийн хурлаар компаниудыг хувьчлах яриа гарсан. Хувьчлалаас 200 тэрбум төгрөгийг босгоно гэсэн. Таны ямар байр суурьтай байна?

-Тийм мэдээлэл бий. Хувьчлах нэр бүхий 27 компани байгаагаас 20 нь манай АЗЗА компаниуд байгаа. Эдгээрийг дуудлага худалдаагаар зарж 200 тэрбум төгрөгийг босгоно гэсэн мэдээлэл байгаа. Хэн нэг эрх мэдэлтэй этгээд л үүнийг худалдаж авна. Ажилтнуудад ямар ч давуу эрх байхгүй. Тэгээд энэ 200 тэрбум төгрөгийг босгочихлоо. Үүний дараа яах юм гэж асуумаар байна. Тэрийг хэдхэн өдрийн дотор аль нэг салбарын ажилтнуудын цалинг нэмэгдүүлэх үү, төсвийн алдагдлыг нөхөж, үр ашиггүй зарцуулаад дуусах уу гэдэг нь тодорхойгүй шүү дээ.

Үүний оронд цаашид энэ АЗЗА-ын компаниудаа төрийн мэдэлд байлгаж байвал үр ашгаа  өгөөд хэдэн мянган замчид ажилтай, орлоготой, баталгаатай ажлын байртай иргэд нь ч аюулгүй орчинд аж төрнө. Одоо байгаа манай АЗЗА-ын компаниуд тогтвортой тасралтгүй үйл ажиллагаа явуулж байгаа. Энэ компаниудад 34 жил ажилласан хүн байгаа. Одоо 52, 53 настай ажилтнууд хаачих вэ, Хэн тэднийг ажилд авах вэ. Тэгэхээр авто зам бол мөнгө олох хэрэгсэл биш. Төрийн өмч үнэгүйдэж удахгүй хэдхэн жилийн дараа дахиж АЗЗА-ын компаниудыг байгуулах нь ойлгомжтой шүү дээ. Энэ бол ганц Улаанбаатар хотод байгаа нэг компани биш шүү дээ.

Аймаг бүрд байгаа, тэд ганцхан засвар арчлалтын ажлыг хийдэггүй. Цас орох, үер буухад үед онцгой байдлын ажлыг давхар хийдэг хүмүүс шүү дээ. Авто замын салбарт насаараа ажиллаж Монгол Улсын хөгжил цэцэглэлтэд хувь нэмэр оруулсан эдгээр хүмүүсийн амьдралын баталгааг нь алдагдуулахгүй, цалин хөлс нийгмийн баталгааг алдагдуулахгүйгээр амьдралд ойрхон шийдвэр гаргахыг УИХ-ын эрхэм гишүүдээс хүсэж байна.

x