Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/06/07-НД НИЙТЛЭГДСЭН

Уулзалтаа цуцлахгүй байхыг Ким Жон Ун "өвдөг сөхрөн" Трампаас гуйсан гэж ярьжээ

Р.Төмөр, ikon.mn
2018 оны 6 сарын 7
iKon.MN
Зураг зураг
Руди Жюлиани Трампын хамт

Тель Авив хотод бизнесийн чуулганд оролцож байгаа Дональд Трампын хуульчдын нэг Руди Жюлиани өчигдөр нэгэн сонирхолтой мэдэгдэл хийсэн байна.

Хойд Солонгосын удирдагчтай хийх уулзалтаа цуцална гэдгийг өнгөрсөн сарын сүүлээр Дональд Трамп гэнэт мэдэгдэж, удаан хугацаанд яригдсан ажлууд замхрахад хүрч байв. Гэвч талууд хичээл зүтгэл гаргасны хүчинд уулзалт төлөвлөсөн хугацаандаа болохоор болсон билээ.

Энэ талаар Жюлиани “Ким Жон Ун тэр үед уулзалтыг цуцлахгүй байхыг өвдөг сөхрөн гуйж байсан. Түүнийг яг ийм байдалд оруулахыг бид хүсэж байсан шүү дээ” гэж ярьжээ.

Нью Йорк хотын захирагч асан Жюлиани энэ жишээг Палестинчуудад хэрэгжүүлэхийг санал болгож ярьсан байна. “Палестины эрх баригчдад бас ийм зүйл тохиолдох ёстой. Энх тайвныг хүстэл нь тэдэнд шахалт үзүүлэх хэрэгтэй” гэж ахмад хуульч өөрийн байр суурийг тайлбарлажээ.

Өнгөрсөн долоо хоногт Пёньяны элч Цагаан ордонд зочилж, Ким Жон Уны захидлыг Дональд Трампад гардуулсан. Гэвч захидлын агуулга одоо болтол ил болоогүй байна. Трамп, Ким нарын уулзалт ирэх долоо хоногийн Мягмар гарагт, Улаанбаатарын цагаар өглөөний 9:00 цагт эхлэхээр төлөвлөгдөөд байгаа юм.

 

Эх сурвалж: Yonhap News