Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/06/07-НД НИЙТЛЭГДСЭН

Ким Кардашяны хүсэлтээр Дональд Трамп 63 настай хоригдол эмэгтэйд өршөөл үзүүлжээ

Э.Сэмүүн, ikon.mn
2018 оны 6 сарын 7
iKon.MN
Зураг зураг

Өчигдөр буюу Лхагва гарагт АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамп бүх насаар шоронд хоригдох ял эдэлж байгаа 63 настай Алис Мэри Жонсонд өршөөл үзүүлэх шийдвэр гаргажээ.

Жонсон нь 1990-ээд оны үед хөнгөн хэлбэрийн хар тамхины хэрэгт яллагдаж байв. Түүнийг суллуулах аяныг хэдэн сарын өмнөөс санаачилсан реалити шоуны од Ким Кардашян долоо хоногийн өмнө Цагаан ордонд зочилж, Трамптай уулзаж байсан юм.

Кардашян Трамптай уулзахаасаа өмнө түүний хүргэн, ерөнхийлөгчийн зөвлөх Жаред Кушнертай уг асуудлаар удаан хугацаанд хэлэлцэж байсан гэнэ.

 
Алис Мэри Жонсон

Цагаан ордны мэдэгдэлд “Хатагтай Жонсон буруутай үйлдлээ хүлээн зөвшөөрч, 20 орчим жилийн турш үлгэр жишээ хоригдол байсан. Бүх насаар хоригдох ял авсан ч тэр шоронд маш сайн хүмүүжиж, бусад хоригдлуудад зөвлөгч болж байжээ. Гэмт этгээдүүдэд манай засаг захиргаа үргэлж хатуу ханддаг ч нийгэмд өрөө төлсөн, засрахын тулд хичээн хөдөлмөрлөж байгаа нэгэнд хоёр дахь боломжийг олгох ёстой” гэжээ.

Ким Кардашян болон түүний нөхөр рэппер Кэни Уэст нар Дональд Трампыг дэмжигч гэдгээ олон удаа батлан харуулж байсан хүмүүс юм. Өчигдөр Кардашян шорон руу утастаж, хатагтай Жонсонд өршөөлийн тухай мэдээг дуулгажээ.

Жонсон хатагтай суллагдаж, ар гэрийнхэнтэйгээ уулзаж буй дүрс:

Эх сурвалж: Business Insider