Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/06/06-НД НИЙТЛЭГДСЭН

Макрон Трамптай утсаар ярьсныгаа зайдастай зүйрлэв

Э.Сэмүүн, ikon.mn
2018 оны 6 сарын 6
iKon.MN
Зураг зураг

Францын ерөнхийлөгч Эммануэл Макрон АНУ-ын ерөнхийлөгчтэй утсаар ярьсан яриагаа зайдастай зүйрлэжээ.

Даваа гарагт тэр Израйлийн ерөнхий сайд Бенжамин Нетаньяхутай хамт хэвлэлийн хурал хийсэн юм. Энэ үеэр CNN сувгийн сэтгүүлч түүнээс өнгөрсөн долоо хоногт Дональд Трамптай утсаар хийсэн яриа “ширүүн” болсон гэх мэдээллийг лавлажээ.

Макрон энэ асуултад хариулахдаа 19 дүгээр зууны Пруссын улс төрч Отто вон Бисмаркын хэлсэн үгнээс эшэлсэн байна.

“Бисмарк нэг удаа хэлэхдээ хэрвээ бид зайдсыг яаж хийдгийг хүмүүст тайлбарлавал идэхээ болино гэж байсан. Тиймээс би хүмүүст хоол яаж бэлдэж байгаагаа хэлэлгүй, эцсийн бэлэн болсон хоолыг л үзүүлмээр байна” гэж тэр хэлжээ.

Макрон өнгөрсөн долоо хоногт Трамптай ярихдаа түүний АНУ-ын холбоотнуудад ноогдуулсан импортын татварыг нь “хууль бус”, “алдаатай” шийдвэр гэж шүүмжилсэн тухай Францын ордны хэвлэлийн алба мэдээлж байв.

Харин Цагаан ордны мэдэгдэлд хоёр удирдагч улс хоорондын худалдаа, цагаачлалын асуудлаар санал солилцсон гэхээс өөр дэлгэрэнгүй мэдээлэл өгөөгүй юм.

Хэвлэлийнхэнд төдийлөн нээлттэй байдаггүй Макрон сэтгүүлчдэд хандан “Та нар бусадтай юу ярьснаа илэн далангүй тайлбарладаг хүмүүсээс ингэж асуугаарай. Харин энд Парист яриа ямархуу уур амьсгалтай болсноо ярьдаггүй юм. Бид зүгээр л урагшаа харж, ажлаа хийдэг” гэж хэлжээ.

Тэр энэ сарын 7-8-ны өдрүүдэд Канадад болох Их Долоогийн уулзалтын үеэр Трамптай санаа нийлдэг, нийлдэггүй сэдвүүдээрээ үр дүнтэй ярилцаж чадна гэдэгтээ итгэлтэй байгаагаа хэлсэн байна.

 

Эх сурвалж: The Guardian