Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/06/05-НД НИЙТЛЭГДСЭН

Дэлхий дээрх нэг хоногийн урт 18 цаг байснаа сунасаар 24 цаг болсныг тогтоожээ

Р.Түвшин, iKon.mn
2018 оны 6 сарын 5
iKon.MN
Зураг зураг

АНУ-ын Уисконсин-Мэдисоны их сургуулийн судлаачид 1.4 тэрбум жилийн өмнө дэлхийн нэг хоног 18 цагийн урттай байсныг тогтоожээ.

Тухайн үед сар дэлхийд маш ойр зайтай байснаас дэлхийн тэнхлэгийн эргэлтэд нөлөөлж байсан гэнэ. Харин тэр цагаас хойш сар дэлхийгээс аажмаар холдсоор өнөөдрийн түвшинд хүрсэн байна. Цаашдаа ч сар улам бүр холдож, дэлхий дээрх хоногийн урт сунасаар байх болно гэж эрдэмтэд дүгнэжээ.

Судалгааг ахалсан геологийн ухааны профессор Стефен Мэйер “Сар холдох тусам уран гулгагч эргэлдэхдээ гараа дэлгэж, хурдаа сааруулдаг шиг дэлхийн эргэлт ч удааширна” гэж ярьсан байна.

Сарны тойрог зам дэлхийн эргэлтэд хэрхэн нөлөөлдгийг тогтоохын тулд түүний багийнхан астрохронологи гэгддэг статистикийн аргыг хэрэглэжээ.

Уг арга нь астрономийн онолыг геологийн ажиглалттай уялдуулан нарны системийн түүхийг загварчлахад ашиглагддаг юм.

Нарны системд байгаа бүх биетүүд татах хүчтэй бөгөөд зэргэлдээх биетүүддээ нөлөөлж байдаг. Зэргэлдээх биетийн татах хүч нь нарны гэрэл дэлхийд тусахад хүртэл нөлөөлж, улмаар байгаль орчин, уур амьсгалыг өөрчилдөг байна.

Сар нь дэлхийгээс жилд 3.82 см зайгаар холдож байдаг. Тиймээс хүн төрөлхтөн хоногийн уртаа өөрчлөхийн тулд олон зуун сая жил хэрэгтэй болно.

Судалгааны тайлан “The Proceedings of the National Academy of Sciences” сэтгүүлд нийтлэгджээ.

 

Эх сурвалж: Independent