Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/06/05-НД НИЙТЛЭГДСЭН

АНУ-ын тагнуулын ажилтан Хятадын талд мэдээлэл зөөж байгаад баригджээ

Р.Төмөр, ikon.mn
2018 оны 6 сарын 5
iKon.MN
Зураг зураг

АНУ-ын батлан хамгаалах яамны тагнуулын газарт ажилладаг хүн улсынхаа нууцыг Хятадын талд нийтдээ $800,000 орчмоор зарсан нь илэрч баригджээ.

Рон Роквел Хансен гэгч энэ хүн өнгөрсөн Бямба гарагт нууц мэдээлэл тэээвэрлэн Хятад руу нисэх гэж байгаад хуулийнханд баригдсан байна.

Юта мужийн Сиракюз хотоос гаралтай Хансен АНУ-ын армид радио дохионы тагнуулчаар ажиллаж байгаад тэтгэвэртээ гарсан ажээ.

Орос, хятад хэлээр чөлөөтэй харьцдаг түүнийг 2006 онд одоогийн ажилд нь авч, гадаадын тагнуулуудыг элсүүлэх, зохион байгуулах үүрэг гүйцэтгүүлж байжээ.

Гэвч сүүлийн хэдэн жилийн хугацаанд Хансен Хятадын тагнуулын албатай холбоо тогтоохыг оролдож, эцэст нь хоёр талд зэрэг ажилладаг тагнуулч болж хувирсан байна. Тэрээр Хятадын төлөөлөгчидтэй уулзсаныг төвдөө тайлагнадаггүй, тэдний өгсөн гар утсыг харилцахдаа хэрэглэдэг, өөртөө хамааралгүй дотоод мэдээллийг олж авах гэж оролддог байсныг хуулийнхан илрүүлжээ.

2013-2016 оны үед Хансен санхүүгийн хямралд орж, их хэмжээний өртэй болоод байсан ба энэ үеэс Хятадын талд ажиллаж эхэлсэн байна. Тэр үеэс хойш нийтдээ $800,000 орчим бэлэн мөнгөөр нууц мэдээллүүдийг дамжуулж байжээ.

Энэ оны эхээр Хансен өөрийн хамтран ажиллагсдаас Хойд ба Өмнөд Солонгосын асуудлаарх АНУ-ын байр суурь, Хятадын эсрэг хэрэгжүүлэх цэргийн ажиллагааны төлөвлөгөө зэргийг олж авахаар оролдож байсан гэнэ.

Түүний хэргийг шалгаж байгаа үндэсний аюулгүй байдал хариуцсан ерөнхий прокурорын туслах Жон Демерс “Хансеныг сэжиглэж байгаа хэргүүд нь манай улсын аюулгүй байдал, Америкийн ард иргэдийн эсрэг, түүнтэй хамт ажиллаж байсан манай тагнуулчдын эсрэг үйлдэл юм” гэж мэдэгдэлдээ өгүүлжээ.

Ер нь АНУ-ын тагнуулчид, дипломатчидаас Бээжингийн талд ажиллаж байсан олон хэрэг дараалан илрээд байгаа. Өнгөрсөн нэгдүгээр сард Тагнуулын Төв Газрын ажилтан Жери Чун Шин Ли Хятадын талд мэдээлэл худалдсан хэргээр баривчлагдсан юм.

Түүнийг 2010-2012 оны хооронд Хятадад баригдсан Америкийн мэдээлэл дамжуулагчдын сүлжээг илрүүлэхэд гадныханд тусалсан гэж сэжиглэж байна.

Өнгөрсөн онд АНУ-ын төрийн департментын ажилтан Кэлвин Малори, дипломатч Кандэс Мэри Клэйборн нар Хятадын тагнуулын албанд мэдээлэл худалдсан хэргээр баривчлагдаж байжээ.

 

Эх сурвалж: The Guardian