Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/06/05-НД НИЙТЛЭГДСЭН

AA цахим мөнгийг 2.1 тэрбум ширхгийг олборлох боломжтой

Б.Жаргалмаа, IKON.MN
2018 оны 6 сарын 5
iKon.MN
Гэрэл зургийг mpa.mn

Биткойн нь зөвхөн 21 сая ширхэг олборлох боломжтой бол АА цахим мөнгийг нийт 2.1 тэрбум ширхгийг олборлох бололцоотой ажээ. Энэ цахим мөнгө нь Этериум платфорум дээр суурилсан бөгөөд өнөөдөрийн байдлаар 12,500 АА цахим мөнгө нь 1 этериумтай тэнцэх хэмжээний ханштай байна. 

АА цахим мөнгийг эксченжүүд ашиглаж байгаа тохиолдолд арилжааны шимтгэлийг 50 хувиар хөнгөлөх боломжтой

 
Гэрэл зургийг mpa.mn

АА цахим мөнгөний давуу талыг “МСС Клауд” компанийн ерөнхийлөгч Рен Мин Е онцлохдоо “Манай АА койн нь эксченж гаргаж байгаа. Тийм учраас манай цахим мөнгийг эксченжүүд ашиглаж байгаа тохиолдолд арилжааны шимтгэлийг 50 хувиар хөнгөлөх боломжтой. Нэг жишээ дурдахад, эксченжийн гаргаж байгаа өөрийнх нь цахим мөнгөний өсөлт эхний зургаан сард маш өндөр байдаг. Өнөөдрийн байдлаар ажиллаж байгаа, эхний тавд багтаж байгаа эксченжүүдийн өөрсдийнх нь гаргаж байгаа койны өсөлт 10-100 хувьтай байгаа нь АА койныг маш ирээдүйтэй болохыг харуулж байгаа юм. 

Мөн зоос болон зоосны хооронд арилжаа хийхээс гадна койн болон хуулиар хүлээн зөвшөөрөгдсөн мөнгөн тэмдэгтийн хооронд арилжаа хийх боломжтой. Олон төрлийн койн эзэмшиж байгаа хувь хүмүүс хоорондоо арилжаа хийх боломжийг манай эксченж бий болгож байгаа. Бид бол койныг худалдаж авах болон зарах хүсэлтэй хүмүүсийн хоорондын холбоосыг үүсгэж байгаа платформ юм” хэмээн ярьсан юм. 

Цахим мөнгөний хэт их өсөлтөөс болгоомжлох үүднээс зарим улс оронд криптовалютын арилжааг хуулиар хориглосон. Харин АА койн нь дээр дурдсанчлан зоос болон зоосны хооронд арилжаа хийх боломжтой гэдгээрээ давуу аж. Учир нь энэ төрлийн арилжааг олон улсад хүлээн зөвшөөрдөг байна. Түүнчлэн цахим мөнгөний ханш эргээд өсөж байгаа нь бусад улс орон хууль эрх зүйн шинэчлэл хийх нөхцөлийг бүрдүүлнэ гэдэгт итгэж байгаагаа Рен Мин Е нэмж хэлсэн.

 
Гэрэл зургийг mpa.mn

Япон, БНХАУ-ын хамтарсан АА койныг танилцуулах ажиллагаанд цахим мөнгө гаргагчид,  олборлогчид, блокчэйн хөгжүүлэгч тэргүүн компаниууд болох “МСС Клауд”, “Avex”, “КМЖ Стандарт” “ФСА Капитал Малайз” зэрэг компаниудын төлөөлөгчид оролцож, Монголын цахим мөнгөний болон блокчэйний технологи хөгжүүлэгчдэд мэдээлэл өглөө. 

Азийн хүчирхэг улсууд өөрсдийн шинээр гаргасан койны танилцуулгыг Монголд хийж байгаа нь манай улс цахим мөнгөний болон блокчэйний хөгжилтөй хөл нийлүүлэн алхаж байгааг харуулж буй

Дашрамд дурдахад, энэ оны гуравдугаар сард Азийн орнуудын цахим мөнгө, Блокчэйн бизнес эрхлэгчдийн холбоо албан ёсоор байгуулагдаж, Кёкүшюзан Д.Батбаяр тус холбоог тэргүүлж буй бөгөөд саяхан Япон улсын гишүүн компанийн гаргасан “ТОС” цахим шинэ мөнгөний техникийн семинарыг Монгол Улсад анх удаа зохион байгуулсан. 

“XXI зуун бол яах аргагүй блокчэйний зуун болно. Аливаа харилцаанд зуучлагч, нотариатч гэх мэт  гуравдагч этгээд оролцохгүй гэдгээрээ энэ технологийн давуу тал оршиж байгаа. Тиймээс залуус маань энэ талаар мэдлэгтэй болж, төр засаг дэмжээд өгөх хэрэгтэй. Манай холбооны хувьд койнуудыг энэ ашигтай гэж сурталчлах биш, блокчэйнийг Монголд нэвтрүүлж, монголчууддаа зөв ойлголт, мэдлэг олгож, эрсдэлийг хааж, дэлхий даяар явж байгаа хөөсөрсөн энэ том мөнгийг эргэлтэд оруулж, холбоогоо ашиглан Монгол руу бага ч гэсэн оруулж ирэх бодлогыг баримтална” хэмээн Д.Батбаяр ярьсан. 

Япон, Хятад гэх мэт Азийн хүчирхэг улсууд өөрсдийн шинээр гаргасан койны танилцуулгыг Монголд ээлж дараалан хийж байгаа нь манай улс цахим мөнгөний болон блокчэйний хөгжилтөй хөл нийлүүлэн алхаж байгааг харуулж буйг тэрбээр мөн онцолсон юм.