Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/06/05-НД НИЙТЛЭГДСЭН

Ирэх намар iPhone-д тань суух iOS 12-ын зургаан чухал боломж

Р.Түвшин, iKon.mn
2018 оны 6 сарын 5
iKon.MN
Зураг зураг

Даваа гарагт Apple компани WWDC (Worldwide Developers Conference) хөгжүүлэгчдийн чуулганаа эхлүүллээ. Эхний өдрийн арга хэмжээн дээр Apple мобайл үйлдлийн систем iOS-ын 12 дахь хувилбарын гол боломжуудыг танилцуулжээ.

Мөн дэсктоп үйлдлийн систем macOS-ын Mojave хувилбар, бугуйн цагны watchOS-ын 5 дахь хувилбар, tvOS-ын шинэчлэлүүдийг танилцуулсан байна.

Ингээд iPhone, iPad-уудад ирэх намар суурилагдаж эхлэх iOS 12-ын зарим чухал боломжуудыг тайлбарлая.

 

ARKit 2 буюу “Хаа сайгүй AR”

Өнгөрсөн онд анх танилцуулсан ARKit буюу Augmented Reality технологийг ашиглан аппликэшн хөгжүүлэх боломжоо энэ удаа улам сайжруулж, ARKit 2 програмчлалын зэвсгээ танилцуулжээ.

Ингэснээр ямар ч төрлийн аппликэшнд 3 хэмжээст дүрсийг хялбар ашиглах боломж нээгдсэн байна. ARKit 2-ын тусламжтайгаар хүний нүүрийг илүү нарийвчлалтай таних, бодит орчинд хийсвэр дүрслэлийг амьд мэт харуулах, 3 хэмжээст биетийг бодит ертөнцөөс ялгаж таних боломжтой болжээ. Мөн AR тоглоомыг хоёр ба түүнээс дээш тооны хүмүүс холбогдож тоглох боломж нээгдэж байна.

 

Шугам авч явах хэрэггүй болсон нь буюу Measure App

AR шинэ боломжийг ашиглан Apple биетүүдийн физик хэмжээсийг камераар авч чадах аппликэшн бүтээсэн байна. Өөрөөр хэлбэл та бодит биетүүдийн урт, өргөн, өндрийг хэмжихийн тулд “эвхдэг метр” авч явах хэрэггүй, зөвхөн iPhone байхад хангалттай болжээ.

 

Grouped notification буюу мэдэгдлүүдийг ангилж харуулах

Ганц аппликэшнээс олон тооны мэдэгдлүүд (notification) дараалан ирж, дэлгэцийг дүүргэдэг байдал үгүй болж байна. Өөрөөр хэлбэл мэдэгдлүүдийг аппликэшнээр нь ангилж харуулдаг болжээ. Тухайлбал Фэйсбүүкээс ирсэн мэдэгдлүүдийг нэг дор, Имэйлээс ирснүүдийг нэг дор гэх мэт.

 

“Digital health” буюу эрүүл мэндийн хэрэглээнүүд

Гар утасны донтолтоос сэргийлэх шинэ аппликэшнүүдийг суулгасан байна. 

  • Унтаж байх үеийн “Don’t disturb”. Өглөө нойрноос сэрэх хүртэл тань дэлгэцэнд ямар ч мэдэгдэл ирүүлэхгүй, харанхуй байлгадаг тохиргоо.
  • Үүнийг зогсоохын тулд Control Center-т байх товчыг чанга дарах (force-touch) хэрэгтэй болно.
  • Screen time. Гар утасныхаа дэлгэцийг долоо хоногт хэдэн цаг ширтсэн тухай статистик мэдээллийг нэгтгэж харуулна.
  • App limits. Тодорхой нэг аппликэшн дээр хэрэглэх цагийн дээд хязгаар тавьж өгч болно. Цаг дуусмагц анхааруулна гэсэн үг.
  • New parental control. Дээрх аргаар хүүхдийнхээ хэрэглээг хянаж, хязгаарлах боломжтой болжээ.

 

Group FaceTime буюу 32 хүртэл хүнтэй видео чат хийх боломж

iOS 12-оос эхлэн та 32 хүртэл тооны хүнтэй FaceTime ашиглан бүлэг видео чат хийх боломжтой болж байна.

 

Siri Shortcuts буюу дуу хоолойгоор утсаа удирдахад илүү хялбар боллоо

iPhone-ий ухаалаг туслагч Siri-гийн хэрэглээг амьдралд илүү ойртуулж өгсөн байна. Тухайлбал та өөрийн сонгосон богино хэллэгүүдийг тохируулж, утсаа удирдах боломжтой. Жишээ нь “Help me relax” гэж хэлэхэд Siri автоматаар хөгжим тоглуулах, бясалгалын аппликэшн ажиллуулах зэрэг үйлдэл хийнэ. Мөн түлхүүрэндээ байрлал тодорхойлогч наалттай бол “Find my keys” гэж хэлэхэд дохиоллыг дуугаргаж, түлхүүрний байрлалыг мэдэгдэх юм.

Үүнээс гадна тодорхой үйлдэл хийхэд тань дагалдаад өөр үйлдлүүдийг Siri  санал болгодгоор тохируулж болно. Жишээ нь найзуудын нэгний төрсөн өдөр болж байгаа бол түүн рүү дуудлага хийх, мессэж илгээхийг санал болгож, өмнөөс гүйцэтгэх гэх мэт. Үүнд зориулсан бэлэн шорткатуудыг Shortcuts app gallery-гаас татаж авах боломж нээгдсэн байна.

 

Эдгээрээс гадна iOS 12-ын хурд өмнөх хувилбаруудаасаа эрс сайжирч байгааг Apple зарлажээ. iPhone хэчнээн их ачаалалтай байсан ч ямар нэг аппликэшнийг өмнөхөөсөө хоёр дахин хурдтай нээх болсон гэнэ.

Мөн түгжээтэй байгаа дэлгэцнээс камерын аппликэшнийг ажиллуулахад iOS 11-ээс 70 хувь хурдтай нээгддэг болсон гэжээ.

 

Эх сурвалж: Quartz