Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/05/29-НД НИЙТЛЭГДСЭН

УНТЭ: Зүрхний нээлттэй мэс засал байсан. Хүндрэл гарч хоёр өвчтөн амиа алдсанд харамсаж байна

Б.Намуунцэцэг, iKon.mn
2018 оны 5 сарын 29
iKon.MN
Зураг зураг

УНТЭ зүрх шилжүүлэн суулгах мэс засал хийх хүрээнд энэ сарын 21, 23-нд хийсэн хагалгаа амжилтгүй болж хоёр өвчтөн нас барсан тухай Монгол Улсын гавьяат эмч  Л.Жамбалжав өнөөдөр хэвлэлийн бага хурал хийсэн юм.

Харин Улсын нэгдсэн төв эмнэлгийн удирдлагууд өнөөдөр 15.00 цагт энэ талаар мэдээлэл хийлээ.

Эрхтэн шилжүүлэн суулгах багийн гишүүн, эмч Л.Ганболд  “Энэ бол зүрх шилжүүлэн суулгах мэс засал биш нээлттэй зүрхний мэс засал байсан. Нэг л өдөр шийдээд хийсэн зүйл биш юм. Шастины нэрэмжит гуравдугаар эмнэлэгийн хувьд зүрхний мэс засал хийхэд туршлагатай. Гэхдээ ачаалал хэт их учраас Улсын нэгдсэн төв эмнэлэг энэ ачааллаас үүрч багасгах хэрэгцээ бий.

УНТЭ, АНУ-ын анагаахын  их сургуультай хамтран  2016 оноос эхлэн зүрхний мэс заслын эмчилгээг нэвтрүүлж эхэлсэн. Энэ хүрээнд АНУ-ын анагаахын  их сургуулийн зүрхний мэс заслын багаар удирдуулж, гуравдугаар эмнэлгийн эмч мэргэжилтнүүд болон  манай эмнэлгийн эмч нарын хамтарсан баг нээлттэй зүрхний хагалгаа хийсэн.

Мэс  заслын эмчилгээг Монгол Улсад мөрддөг дүрэм  журмын хүрээнд хэрэгжүүлсэн. Харамсалтай нь, мэс засал бидний хүсэн хүлээсэн  үр дүнд хүрээгүй. Энэ  үйл явдалд  харамсаж байна” гэлээ.

Үйлчлүүлэгчийн ар гэрийн  зүгээс эмгэг судлалын шинжилгээ буюу задлан шинжилгээнд оруулахгүй байх саналыг тавьсан. Тиймээс хамтын шийдвэрээр эмгэг судлалын шинжилгээнд ороогүй гэж УНТЭ-ийн Эмнэлзүй чанарын албаны дарга Т.Болормаа хэллээ. Мөн тэрбээр “Хэдийгээр хагалгаа мэс заслийн дараа задлан шинжилгээнд заавал орох заалттай боловч асран хамгаалагчийн бичгээр өгсөн зөвшөөрөлгүйгээр эмгэг судлалын шинжилгээ хийх боломжгүй байдаг”. Зүрхний нээлттэй мэс заслын багийн ахлагч болон бусад холбогдох эмч нар эмгэг судлалын шинжилгээнд оруулъя хүсэлт гаргасан боловч ар гэр нь зөвшөөрөөгүй” гэв.

Хоёр өвчтөн хагалгаанд орсон нэг нь хагалгааны явцад биеийн байдал муудсан. Уг нь зүрхний үйл ажиллагааг сэргээж, мэс заслын үйл ажиллагаа дуусах ёстой энэ тохиолдолд зүрхний үйл ажиллагаа эргэж сэргэхгүй нэлээд хүнд, ховор тохиолддог хүндрэл гарсан. Хоёр дахь өвчтөний хувьд мэс заслын дараа хүндрэл гарсан гэж мэс заслын багийн гишүүн, эмч Л.Ганболд хэллээ.