Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/05/29-НД НИЙТЛЭГДСЭН

Л.Жамбалжав: Монгол Улс зүрх шилжүүлэн суулгах мэс засал нэвтрүүлэх нь зөв. Гэхдээ хүний амь хохироож болохгүй

Б.Намуунцэцэг, iKon.mn
2018 оны 5 сарын 29
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

УНТЭ-т зүрх шилжүүлэн суулгах мэс засал хийх нэрээр хүний амь хохироосон асуудлаар гавьяат эмч Л.Жамбалжав өнөөдөр хэвлэлийн бага хурал хийж байр сууриа илэрхийллээ.

Тэрбээр "Энэ сарын 21,23-ны өдрүүдэд Улсын нэгдүгээр төв эмнэлэгт 64 настай өвчтөн Д гэдэг эмэгтэйд гол судасны хавхлага суулгах мэс засал, 30 настай өвчтөн З гэдэг эмэгтэйд зүрхний тосгуур хоорондын таславчийн цоорхой нөхөх мэс заслыг хиймэл цусны эргэлтийн аппарат ашиглан мэс засал хийжээ.  Хагалгааны үед 64 настай Д-гийн  зүрхийг  хиймлээр зогсоосны дараа сэргэлгүй мэс заслын ширээ нь дээрээ нас барсан байна. Харин хоёр  дахь хагалгааны өвчтөн З-ийн тосгуурын таславчийн цоорхойд нөхөөс хийх хагалгааны дараа өвчтөний бие  хүндэрч зүрх нь зогссон байна" гэлээ.

Уг хоёр  хагалгааг хоёуланг нь Монгол Улсад зүрхний мэргэжлийн эмч нар хийдэг ердийн хагалгаа юм. Монгол Улс зүрхний мэс засал хийдэг болоод 50 гаруй жилийн туршлагатай төрийн шагнал авсан мэргэжлийн хамт олон байсаар байхад унтуулгийн эмчээр ахлуулсан зүрх шилжүүлэн суулгах баг гэдэс дотрын хагалгаа хийдэг газар ийм хагалгааг мэргэшсэн эмчгүй яагаад хийснийг гайхаж байгаагаа Л.Жамбалжав эмч хэллээ.

Мөн өвчтнийг нас барсны дараа үхлийн шалтгааныг задлан шинжилгээгээр нотлох ёстой ч ар гэрийнхэн хүсээгүй гэх шалтгаанаар ямар ч задлан шинжилгээний дүгнэлт байхгүй байгаа нь хууль зөрчсөн, алдаа дутагдлаа гэмт хэргийн нотлох баримтыг санаатай нуун дарагдуулсан гэж үзэж ч болохыг хэллээ.

Мөн тэрбээр Монгол Улс зүрх шилжүүлэн суулгах мэс заслыг нэвтрүүлэх нь зөв гэхдээ хүний амь хохироож болохгүй. Өвчтөн Д болон З нар хагалгааны өрөөнд хөлөөрөө орж ирсэн. Нэг нь 64 жил амьдарч нөгөөх нь гучхан жил хорвоод амьд явсан. Яагаад явуулын гадаад эмч нартай нийлээд, мэргэжлийн бус газар яаралтай мэс засал хийх ямар үндэслэл байгаа талаар,  мэс засал хийх орчин нөхцөл бүрдсэн байсан уу? дутуу багажтай өөр эмнэлгээс зарим багажийг зөөж яаруу сандруу мэс засал хийх шаардлага байсан эсэх тал дээр анхаарах нь зөв. Хүнд өвчтэй хүн хагалгааны үед, хагалгааны дараа өвчтөн нас барах  тохиолдол байдаг ч энэ хоёр тохиолдол хоёулаа эмч, эмнэлгийн үйл ажиллагаатай холбоотой гэж үзэж болно гэлээ. 

Харин одоо 15:00 цагаас УНТЭ-ээс хэвлэлийн бага хурал зарласан байна.