Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/05/25-НД НИЙТЛЭГДСЭН

Air France сүүлчийн өдөр амжиж Тайваний нэрийг өөрчлөх Бээжингийн шаардлагыг хэрэгжүүллээ

Э.Сэмүүн, ikon.mn
2018 оны 5 сарын 25
iKon.MN
Зураг зураг

Өнгөрсөн сард Хятадын Иргэний Агаарын Тээврийг Удирдах Газар дэлхийн томоохон 36 авиа компанид хандаж, тавдугаар сарын 25-ны дотор Тайванийг тусгаар улс гэж вэбсайтдаа бичихийг зогсоох шаардлага хүргүүлсэн юм.

Хэрвээ энэ шаардлагыг биелүүлэхгүй бол тухайн компанийн Хятадын чиглэлд нислэг үйлдэх эрхийг сунгахгүй гэж сүрдүүлжээ.

Бээжингийн энэ шаардлагыг АНУ-ын засаг захиргаа шүүмжилж байв.

Гэвч Хятадын зах зээлийг алдахгүйн тулд агаарын тээврийн компаниуд Вашингтоны шүүмжлэлийг үл хайхран Бээжингийн шаардлагыг ээлж дараалан хүлээж авчээ.

Өнөөдөр буюу хамгийн сүүлийн өдөр Францын Air France компани шаардлагыг хэрэгжүүлж чиглэлийн жагсаалт дээрх Тайваний “Taiwan” нэрийг “Taiwan-China” болгон өөрчилсөн байна.

Энэ сарын эхээр Францын ерөнхийлөгч Эммануэл Макрон Австралид айлчлахдаа Ази Номхон далай бүс нутагт аль нэг улсын дангаар ноёрхлыг хүлээн зөвшөөрөхгүй гэж мэдэгдсэн нь цаагуураа Хятадыг хэлсэн хэрэг байв.

Гэвч өнөөдөр Air France Хятадын шаардлагыг хүлээн авсан нь түүний хэлсэн үгний эсрэг үйлдэл болжээ.

АНУ-ын United Airlines бас Бээжингийн шаардлагыг хүлээж авч, Тайванийг нэрлэх нэрээ өөрчилсөн байна. Delta Airlines, Lufthansa, British Airways, Malaysian Airlines, Air Canada, Qantas, Finnair гээд бүх нэр хүндтэй компаниуд бас ингэж өөрчилжээ.

1949 оны иргэний дайнаар эх газраас салан тусгаарласан Тайвань арлыг Хятад улс өөрийн газар нутгийн нэг хэсэг гэж үздэг. Улмаар олон улсын хэмжээнд энэ байр сууриа хүлээн зөвшөөрүүлэх арга хэмжээг байнга хэрэгжүүлдгийн нэг жишээ энэ болж байна.

 

Эх сурвалж: Business Insider