Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/05/24-НД НИЙТЛЭГДСЭН

С.Сүх-Очир: 1,000 орчим залуу сайн дураараа ГҮЙХ ЗУУРАА ХОГ ТҮҮНЭ

Т.Жанерке, iKon.mn
2018 оны 5 сарын 24
iKon.MN
Зураг зураг

Сүүлийн үед плоггинг буюу гүйх зуураа хог түүдэг шинэ төрлийн фитнес нилээд хүчээ аваад байгаа билээ. Дүрэм нь их амархан. Гүйх зуураа хогоо түүнэ.

Тэгвэл энэ удаа Нийслэлийн залуучуудын хөгжлийн газраас санаачлан “Гүйе! Түүе!” уриан дор “Зуслангийн ногоон бүсийн их цэвэрлэгээ”-г энэ Бямба гарагт зохион байгуулах гэж байна.

Нийслэлийн байгаль орчны газар, нийслэлийн Тээврийн газар, Баянзүрх дүүргийн ЗДТГ-тай  хамтарч зохион байгуулж буй энэхүү арга хэмжээгээр хөрс, усны бохирдол, хог хаягдал, халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх, зуслангийн бүсийн байгаль орчныг хамгаалахад иргэд тэр дундаа залуучуудын оролцоог нэмэгдүүлэхийг зорьж байгаа аж.

Өглөөний 09:00 цагаас эхлэх цэвэрлээгээний ажил Баянзүрх дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэр Гачуурт тосгон, Маршалын гүүрнээс Баянзүрх хайрхан, Хар усан Тохойгоос “Монгол шилтгээн”, Туул гол дагуу “Шинэ амралт”-ын урд талаас “Минж нутагшуулах төслийн нэгж” ОНӨҮГ-ын доод талын тохой хүртэл 6 км орчим газрыг хамрах юм байна.

Нийслэлийн залуучуудын хөгжлийн газрын дарга С.Сүх-Очир  цэвэрлэгээний талаар “Монголын бодибилдингийн холбоо манай Нийслэлийн залуучуудын хөгжлийн газартай хамтарч “Ирээдүйн мистер-2018” тэмцээнийг саяхан зохион байгуулсан. Тэмцээнд оролцсон 100 гаруй залуу энэ удаагийн ногоон бүсийн цэвэрлэгээнд дэмжиж оролцох хүсэлтээ ирүүлсэн.

Одоогийн байдлаар нийслэл Улаанбаатар хотын төвөөс хамрагдах 500 орчим залууг зургаан автобусаар зөөнө гэж төлөвлөж байна. Баянзүрх дүүргийн ЗДТГ-ын зүгээс их, дээд сургууль, албан байгууллагуудын оюутан, залуучуудад уриалж, мөн 500 орчим хүн хамруулах гэж байна.

Өөрөөр хэлбэл 1,000 орчим залуу энэ удаагийн их цэвэрлэгээнд сайн дураараа хамрагдана гэсэн үг. Оролцох хүсэлтэй залуучууд байвал Нийслэлийн залуучуудын хөгжлийн газрын фэйсбүүк хуудаст хандаж бүртгүүлэх боломжтой.

Мөн тавдугаар сарын 26-ны өглөөний 09:00 цагт Хангарди ордны автомашины зогсоолоос хөдлөх автобусанд сууж, цэвэрлэгээ хийх газар руу шууд очиж болно. Цэвэрлэгээ  11:30-14:00 цаг хүртэл үргэлжилнэ.  

Үүнийг субботник шиг бүх нийтээрээ гарч ирээд тоос бужигнуулж хийхээсээ илүүтэй залуучууд хамт олон, найз нөхдийн хамт биеийн тамирын дасгал хийнгээ арай хөнгөн байдлаар хогоо түүх соёлд уриалахыг зорьж байна.

Залуучууд өглөө болгон дасгал хийдэг. Дасгалд олон төрлийн хөдөлгөөн байх тусам эрүүл мэндэд тустай. Байнгын давтамжтай тонгойж хог түүхээр их калори зарцуулдаг юм байна л даа. Энэ нь буцаагаад дасгал болдог. Өөрөөр хэлбэл дасгал хийхийн хажуугаар хогоо түүж хүрээлэн буй байгаль орчноо хайрлаж хамгаалж байна гэсэн үг. Бусдын хаясан хогийг түүж байна гэдэг чинь өөрөө хог хаяхгүй. Хог түүгээд явж байлаа гэж бодоход тэр хүнийг харсан хүмүүс хог хаяхаа болино. Бусдад ухамсар өгсөн, олон талын ашигтай, нийгэмд үр өгөөжтэй үйл ажиллагаа болно гэж бодож байна" гэв.