Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/05/22-НД НИЙТЛЭГДСЭН

Алдарт Dschinghis Khan хамтлаг “Мянганы суут хүн- Их эзэн Чингис хаан” төсөлтэй хамтарна

ikon.mn
2018 оны 5 сарын 22
iKon.MN
Зураг зураг

Улсын Их Хурлын гишүүн, Улсын Их Хурал дахь аялал жуулчлалыг дэмжих лобби бүлгийн дарга Л.Оюун-Эрдэнэ ХБНГУ-ын алдарт Dschinghis Khan хамтлагт "Мянганы суут хүн Их Эзэн Чингис хаан” түүхэн аялал жуулчлалын төслийг танилцуулж, хамтран ажиллах санал тавилаа.

Дэлхий дахиныг байлдан дагуулсан Чингис хаан дуу бичигдсэн түүхт 40 жил ирэх 2019 онд тохиох бөгөөд энэ үеэр Чингис хааны төрсөн нутагт төрөх эмнэлэг, гольфийн болон хөлбөмбөгийн талбай, хүүхдийн чөлөөт цагийн цогцолбор байгуулах зэрэг хөрөнгө оруулалтын чиглэлээр хамтран ажиллах хүсэлтэй байгаагаа тус хамтлаг илэрхийллээ.

Мөн алтан пянз нь гарч хит парадын жагсаалтыг тэргүүлсэн 20 гаруй улсад тус төслийг сурталчилж, маркетингийн чиглэлээр хамтран ажиллахаар болсон нь хамгийн олзуурхууштай байлаа.

Түүнчлэн, Dschinghis Khan хамтлаг нь энэ зун ОХУ-д болох Дэлхийн хөлбөмбөгийн аварга шалгаруулах тэмцээний нээлтийн дууг дуулсны дараахан Монгол улсад хүрэлцэн ирэхээр төлөвлөж байна.

Монгол улсад хийх айлчлалынхаа үеэр төсөл хэрэгжих газартай танилцахаас гадна, "Hero entertainment" студитай хамтарч Чингис хаан дууны клипийг Монгол ахуйд дахин бүтээхээр болсон байна.

Хамтлагийн ахлагч Wolfgang Heichel-ийг Үндэсний их баяр наадмын үеэр Монгол улсад хүрэлцэн ирэхийг хүссэн Монгол улсын Засгийн газрын гишүүн, Байгаль орчин аялал жуулчлалын сайд Н.Цэрэнбатын урилгыг албан ёсоор гардуулж өглөө.

"Мянганы суут хүн-Их Эзэн Чингис хаан” түүхэн аялал жуулчлалын төслийн санхүүжилтийг Азийн хөгжлийн банкнаас баталсан баярт мөчтэй давхцаж, Чингис хаан хамтлаг хамтран ажиллах болсон нь энэхүү төсөл зөвхөн Монгол улсын биш Дэлхийн хэмжээнд хэрэгжих боломжтойг харууллаа.

#Түүхэн_аялал_жуулчлал_алхам_алхмаар

Алдарт Dschinghis Khan дууны шүлгээс...

Мянган морьтон хээрийн салхитай уралдан давхина
Хү Ха Хү Ха
Манлайд нь цойлох Чингис хааныг бүгд дагана
Хү Ха Хү Ха
Элс шороонд морьдынх нь төвөргөөн тачигнаж
Энэ дэлхийн улс бүхэнд айдас, хүндэтгэл төрүүлсэн
Эрэлхэг тэднийг зогсоох хүч
Аянга цахилгаанд ч аадар бороонд ч үгүй
Чин Чин Чингис хаан
Чин Чин Чингис хаан....

УИХ-ын гишүүн Л.Оюун-Эрдэнийн ажлын алба