Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/05/20-НД НИЙТЛЭГДСЭН

Хятад улс АНУ-аас худалдаж авах бараа бүтээгдэхүүнээ их хэмжээгээр нэмэгдүүлэх тохиролцоонд хүрлээ

Р.Төмөр, ikon.mn
2018 оны 5 сарын 20
iKon.MN
Зураг зураг

Вашингтонд хоёр өдөр уулзсан Хятад, АНУ-ын засгийн газрын төлөөлөгчид өчигдөр буюу Бямба гарагт хамтарсан мэдэгдэл гаргажээ.

Хэлэлцээрийн үр дүнд Хятад улс худалдаж авдаг Америк бараа бүтээгдэхүүнээ нэмэгдүүлэх замаар АНУ-ын худалдааны алдагдлыг бууруулах тохиролцоонд хүрсэн байна. Ингэхдээ хөдөө аж ахуй, эрчим хүчний салбараас голлон импортоо нэмэгдүүлэхээр болжээ.

“Хятадын ард иргэдийн өсөн нэмэгдэж байгаа хэрэгцээг хангахын тулд, эдийн засгийн харилцаагаа чанаржуулахын тулд Хятад улс АНУ-аас худалдаж авах бараа бүтээгдэхүүний хэмжээгээ ихээр нэмэгдүүлэхээр боллоо. Энэхүү арга хэмжээ нь АНУ-ын эдийн засгийн өсөлт, ажил эрхлэлтэд сайнаар нөлөөлөх болно” гэж хамтарсан мэдэгдэлд дурдсан байна.

Өнгөрсөн Пүрэв, Баасан гарагуудад АНУ, Хятадын засгийн газрын өндөр албан тушаалтнууд Вашингтонд хоёр орны худалдааны асуудлыг хэлэлцсэн юм. Энэ сарын эхээр АНУ-ын засгийн газрын төлөөлөгчид Бээжинд зочилж, эхний ээлжийн хэлэлцээрийг Хятадын талтай хийж байв.

АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамп сонгуулийн үеэр АНУ-Хятадын гадаад худалдааны алдагдлыг бууруулах амлалт авч байсан юм.

Мөн дээрх мэдэгдэлд Хятад улс өөрийн хууль дүрэм, түүн дотроо патентын хуульд өөрчлөлт оруулах замаар Америкийн импортыг дэмжих үүрэг хүлээснийг дурджээ.

Ингэснээр дэлхийн хамгийн том эдийн засагтай хоёр гүрний хооронд худалдааны дайн дэгдэх аюулаас зайлсхийж байна.

 

Эх сурвалж: Reuters