Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/05/18-НД НИЙТЛЭГДСЭН

Малайзын экс ерөнхий сайдын гэрээс цагдаа нар их хэмжээний бэлэн мөнгө, үнэт эдлэл хураажээ

Р.Төмөр, ikon.mn
2018 оны 5 сарын 18
iKon.MN
Зураг зураг

Өнгөрсөн долоо хоногт ерөнхий сайдын албаа хүлээлгэж өгсөн Нажиб Разакын гэрт цагдаа нар нэгжлэг хийх үеэр нэртэй брэндийн 284 гар цүнх, 72 аяны цүнх хураасны заримд нь бэлэн мөнгө, үнэт эдлэл дүүргэсэн байсныг өнөөдөр Малайзын орон нутгийн хэвлэлүүд мэдээлжээ.

Зөвхөн нэг байрнаас нь хураасан эд зүйлсийн үнийг газар дээр нь шууд тооцоолохын аргагүй их хэмжээтэй байсныг Малайзын эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх тасгийн ахлагч Амар Сингх ярьсан байна.

Hermes, Birkin, Louis Vuitton брэндийн цүнхнүүдээс Малайзын ринггит, ам. доллар, үнэт эдлэл, бугуйн цаг зэрэг зүйлс их хэмжээгээр илэрсэн гэнэ.

Өнгөрсөн Лхагва гарагийн орой цагдаа нар Нажибын гэр болон бусад эзэмшлийн байрнуудад нь нэгжих ажиллагаа эхлүүлсэн юм.

Түүний ажлыг залгамжилсан 92 настай ерөнхий сайд Махатхир Мохамадын тушаалаар нэгжих ажиллагааг явуулжээ. Тэр сонгуулийн үеэр Нажибыг шүүхийн өмнө зогсоож, шударга ёсыг тогтоохоо амлаж байсан юм.

Малайзын төрийн 1MDB баялгийн сангаас их хэмжээний мөнгө хөрөнгө завшсан хэрэгт сэжиглэгдэж байсан Нажибыг шинэ ерөнхий сайд томилогдонгуутаа хилээр гарахыг хориглож байв.

Нажибын эхнэр Росмах Мансор тансаг хэрэглээгээрээ алдартай нэгэн юм.

Одоо 1MDB сангийн хөрөнгөтэй холбоотой хэргийг АНУ болон бусад таван улсад нэгэн зэрэг мөрдөн шалгаж байгаа.

АНУ-ын хуулийнхан 1MDB сангаас алдагдсан хөрөнгийг $4.5 тэрбум гэж тооцоолсон юм. Үүний нэг хэсэг нь Нажибын банкны дансанд байгаа ба тэр $23 саяар ховор ягаан алмаазан хүзүүний зүүлтийг эхнэртээ авч өгсөн нь илэрсэн байна.

Шинэ засгийн газар удахгүй Нажиб Разакыг баривчлан шалгах төлөвтэй байгаа юм.

 

Эх сурвалж: Associated Press