Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/05/18-НД НИЙТЛЭГДСЭН

Хойд Солонгосын удирдагчид Ши Жиньпин нөлөөлсөн байх гэж Трамп сэжиглэв

Р.Төмөр, ikon.mn
2018 оны 5 сарын 18
iKon.MN
Зураг зураг

Өчигдөр NATO-гийн ерөнхий нарийн бичгийн дарга Иенс Столтенбэргтэй Цагаан ордны зууван танхимд уулзсан Дональд Трамп сэтгүүлчдийн асуултад хариулжээ.

Энэ үеэр тэр сүүлийн өдрүүдэд Хойд Солонгосын дэглэм гэнэт зангаа хувиргах болсон шалтгааныг Хятадын удирдагч Ши Жиньпиний нөлөө гэж үзэж байгаагаа илэрхийлсэн байна.

Энэ долоо хоногийн эхээр Ким Жон Ун Өмнөд Солонгостой хийхээр төлөвлөж байсан сайд нарын түвшний уулзалтаа цуцалж, ирэх сард болох АНУ-Хойд Солонгосын төрийн тэргүүнүүдийн уулзалтад оролцохгүй байх боломжтойгоо мэдэгдсэн юм.

Ингэх болсон шалтгаан нь өнгөрсөн долоо хоногийн сүүлээр эхэлсэн АНУ-Өмнөд Солонгосын хамтарсан цэргийн сургуулилалт байв. Мөн Ким Жон Унд аюулгүй байдлын баталгаа өгөлгүйгээр цөмийн зэвсгээ хураалгах шаардлагыг Вашингтоны зүгээс тавьсан гэх мэдээлэл байгаа юм.

Трампын үндэсний аюулгүй байдлын зөвлөх Жон Болтоны “Ливийн загвар”-ыг Хойд Солонгост хэрэгжүүлэх тухай яриа ч үүнд нөлөөлсөн байж болзошгүй байна.

Трамп өчигдөр хэлэхдээ “Хоёр долоо хоногийн өмнө Ким Жон Ун ерөнхийлөгч Шитэй хоёр дахь удаагаа уулзахаар гэнэт Хятадад айлчилсныг та бхэн санаж байгаа байх. Энэ үеэр тэр Ким Жон Унд нөлөөлсөн байх магадлалтай. Тэр үед юу яригдсаныг бид удахгүй харах байх. Хятадын ерөнхийлөгч Ши Жиньпин нөлөөлсөн байж болзошгүй” гэжээ.

Энэхүү мэдэгдлийн өмнөх өдөр нь Хятадын гадаад хэргийн сайд Ван И АНУ-ыг Хойд Солонгосын асуудалд хүлээцтэй, тайван хандахыг уриалж байв.

Парист айлчилж байхдаа Ван И “бүх талууд, ялангуяа АНУ энх тайвныг тогтоох энэхүү боломжийг хамгаалж, асуудал үүсгэхгүй байх нь чухал” гэж хэлсэн юм.

Трамп өчигдөр сэтгүүлчийн асуултад хариулахдаа “АНУ-Өмнөд Солонгосын хамтарсан цэргийн сургуулилалтыг зогсоох, хүрээг нь багасгах төлөвлөгөө байхгүй” гэжээ.

Тэр хэрвээ Хойд Солонгос цөмийн зэвсгээсээ салахыг зөвшөөрвөл Ким Жон Ун “маш хүчтэй хамгаалалтад орно” гэж амласан байна.

Харин хэлэлцээр бүтэлгүй болвол Ливийн загварыг Хойд Солонгост хэрэгжүүлэх болно гэдгийг анхааруулжээ.

Өмнөд Солонгост эхлээд байгаа хоёр орны хамтарсан цэргийн сургуулилалтыг Пентагоны төлөөлөгч эртнээс төлөвлөгдсөн, довтлох бус, батлан хамгаалах чанартай, талуудын зэвсэгт хүчний бэлэн байдлыг шалгах зорилготой арга хэмжээ тул зогсоох боломжгүй гэсэн юм.

“Max Thunder” нэртэй уг ажиллагаа өнгөрсөн Баасан гарагт эхэлж, энэ сарын 25-ныг хүртэл үргэлжлэнэ. Өнгөрсөн оны сургуулилалтад АНУ-ын 1,200, Өмнөд Солонгосын 640 цэрэг, байлдааны нисэх онгоцнууд оролцож байв. Энэ жил мөн ойролцоо тооны цэрэг, техник оролцож байгаа гэнэ.

 

Эх сурвалж: Associated Press