Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/05/15-НД НИЙТЛЭГДСЭН

Малайзын эрх баригчид сонгуулийн ирцэд нөлөөлөхийн тулд Air Asia компанийг дарамталж, нислэгүүдийг нь зогсоожээ

Э.Сэмүүн, ikon.mn
2018 оны 5 сарын 15
iKon.MN
Зураг зураг

Air Asia компанийн гүйцэтгэх захирал Тони Фернандес өнгөрсөн Ням гарагт Малайзын иргэдээс уучлал гуйсан мэдэгдэл гаргажээ.

Тэрээр өнгөрсөн долоо хоногт болж өнгөрсөн Малайзын парламентын сонгуулийг хүчингүй болгохын тулд эрх баригчдын дарамт шахалтад орсноо энэ үеэр хүлээн зөвшөөрсөн байна.

Ялагдах магадлал өндөртэй болсон Малайзын өмнөх эрх баригчид энэ удаагийн сонгуулийн ирцийг дутааж, хүчингүй болгохын тулд янз бүрийн арга хэмжээ авч байв. Тухайлбал сонгуулийн санал хураах өдрийг амралтын өдөр биш, Лхагва гарагт зарласан нь ийм зорилготой байв.

Air Asia компани иргэдийн сонгох эрхийг эдлүүлэхийн тулд энэ өдөр 120 нэмэлт нислэг зохион байгуулж, 26,000 хүртэл хүн тээвэрлэхээр төлөвлөөд байжээ. Малайзын зарим дотоод чиглэлийн үнийг $25 болгон бууруулах арга хэмжээг мөн авсан байна.

Гэвч Малайзын агаарын тээврийг зохицуулах газар MAVCOM тус компанид шаардлага хүргүүлж, нэмэлт нислэгүүдийг зогсоолгожээ. Фернандес мөн мэдэгдэлдээ сонгуулийн сурталчилгааны үеэр экс ерөнхий сайд Нажиб Разакыг хэт дэмжиж байсандаа уучлал гуйж, энэ нь мөн эрх баригчдын дарамт шахалттай холбоотой байсныг мэдэгдсэн юм.

Санал хураалтаас хэдхэн хоногийн өмнө Фернандес ерөнхий сайд Разактай хамт түүний сонгуулийн уриаг бөөрөн дээр нь томоор бичсэн Air Asia компанийн онгоцоор нисэж, ерөнхий сайдыг дэмжиж байгаагаа илэрхийлж байжээ. Түүний энэ үйлдлийг Малайзчууд шүүмжилж байсан юм.

Мөн Air Asia компанийн удирдлагын багт ажилладаг, сөрөг хүчнийг дэмжигч Рафидах Азизыг ажлаас нь халах шахалтыг Малайзын засгийн газраас үзүүлж байсныг Фернандес мэдэгдэлдээ дурджээ.

Тони Фернандес “Хүчтэй дарамтын дор би шантарсан. Энэ нь буруу байсныг би хүлээн зөвшөөрч, үргэлж харамсаж явах болно” гэж мэдэгдлээ төгсгөсөн байна.

Өнгөрсөн долоо хоногт болж өнгөрсөн сонгуулиар Малайзын төрийн эрхийг 60 гаруй жил барьсан эрх баригч нам ялагдаж, 92 настай экс ерөнхий сайд Махатхир Мохамадаар удирдуулсан сөрөг хүчин анх удаа ялж, парламентад олонх болсон юм.

 

Эх сурвалж: Business Insider