Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/05/11-НД НИЙТЛЭГДСЭН

Бүртгэлийн хуулиудын ОНЦЛОХ зарим өөрчлөлт

Т.Өлзийбаяр, iKon.mn
2018 оны 5 сарын 11
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

Хууль зүй, дотоод хэргийн яам Бүртгэлийн багц хуулиудад өөрчлөлт оруулахаар хуулийн төсөл боловсруулжээ. Тодруулбал Улсын бүртгэлийн ерөнхий хууль, Иргэний болон Хуулийн этгээдийн бүртгэлийн тухай хуулийг өөрчлөхөөр УИХ-д өргөн барьсан бөгөөд Засгийн газар дэмжсэн байна. 

Манай улсад 2017 оны байдлаар 170,732 хуулийн этгээд бүртгэлтэй байна.

Төрийн үйлчилгээний 65-70 хувийг бүртгэлийн үйлчилгээ эзэлдэг. Үүнд иргэний, хуулийн этгээдийн, эд хөрөнгийн бүртгэл багтдаг. Эдгээр харилцааг зохицуулсан хуулиуд 1999-2015 оны хооронд батлагдсан учир өнөөгийн шаардлагуудыг хангаж чадахгүй болсон байна.

Бүртгэл мэдээллийн зөрүү их байгаа учир бүртгэлийн хуулийг шинэчлэх шаардлага байна гэж хуулийн төсөл санаачлагчид хэлсэн юм.

Ингээд уг хуулийн төслүүдийн онцлох заалтаас хүргэж байна.

  • Иргэний улс бүртгэлийн бүх төрлийн үйлчилгээг дунджаар 1-3 хоногт үзүүлдэг болно. Одоо 30 хоногт гэж байдаг.
  • Тамга тэмдэг, бүртгэлийн гэрчилгээг дахин авдаг болно
  • Хэвлэл мэдээлэл, боловсрол, эрдэм шинжилгээ, эрүүл мэндийн байгууллагуудад компани ба төрийн бус байгууллагын аль хэлбэрээр үйл ажиллагаа явуулахаа өөрсдөө шийдэх 1 жилийн хугацаа олгоно
  • Нутаг дэвсгэрийн харьяалал харгалзахгүйгээр иргэний бүртгэлийн үйлчилгээ үзүүлдэг болно
  • Иргэний бүртгэлээс олгодог гэрчилгээний тоог цөөлж, төрсний, гэрлэсний, нас барсны гэсэн 3 гэрчилгээг олгоно.
  • Төрсний бүртгэлийг нэг өдөрт хийнэ
  • Гэрлэсний бүртгэлийг 30 хоногт биш 5 өдрийн дотор хийдэг болно
  • Үрчлэлтийн бүртгэлийг 30 хоногт биш 1 хоногт хийнэ.
  • Цахим нотариатыг бий болгоно.

Гэхдээ эдгээр өөрчлөлт нь уг хуулийн төслүүд УИХ-аар хэлэлцэгдэн батлагдсаны дараа хэрэгжих боломжтой юм. Бүртгэлийн багц хуулиудыг ирэх долоо хоногийн мягмар гарагт Хууль зүйн байнгын хороо хэлэлцэх юм байна. 

Бүртгэлийн зарим өөрчлөлтийн талаар Хууль зүй, дотоод хэргийн дэд сайд Б.Энхбаяр "Хэвлэл мэдээллийн 1,010, боловсролын 449, эрдэм шинжилгээний 2, эрүүл мэндийн 170, соёлын 301 нийтдээ 1,932 байгууллага байна. 

Эдгээр байгууллагуудад компани ба төрийн бус байгууллагын аль хэлбэрээр үйл ажиллагаа явуулахаа өөрсдөө шийдэх 1 жилийн хугацаа олгоно" хэмээн өөрийн твиттер хуудсандаа бичжээ.

Мөн тэрбээр "Үл хөдлөх хөрөнгө худалдан борлуулсны 2 хувийн татвараас зайлсхийх зорилгоор нотариат дээр 2 өөр гэрээ батлуулдаг асуудал байна. Эд хөрөнгийн эрхийн бүртгэлийн хуулийн төсөлд үүнийг анхаарна.

Аливаа албан байгууллага, тамга тэмдэг, бүртгэлийн гэрчилгээг дахин авах зохицуулалт,  үндэслэлүүдийг хуульд тусгаж өгч байгаа.

Дахин ашиглах боломжгүйгээр элэгдэж хуучирсан, устаж гэмтсэн, тамга тэмдгийн өнгө загвар хэлбэрийг өөрчлөх хүсэлт гаргасан, гэрчилгээ болон тамга тэмдгийг хаяж үрэгдүүлсэн, хуулийн этгээдийн мэдээлэлд оруулсан өөрчлөлтийн хүрээнд гэрчилгээг дахин авах хүсэлт гаргасан, бүртгэлийг хүчингүйд тооцсоны улмаас гэрчилгээ болон тамга тэмдэг ашиглахыг боломжгүй болсон зэрэг үндэслэлээр дахин олгоно.

Шүүхийн шийдвэр гараад тамга тэмдэг гэрчилгээг хүчингүй болгочихсон байдаг. Гэтэл нөгөө тал нь тамга тэмдгээ хүлээлгэж өгдөггүй тохиолдол практикт их бий" гээд хуулийн төслийн зорилгын талаар "Газар ба орон сууцны бүртгэлийг нэгтгэх, "Цахим нотариат", "Цахим банк"-ны үйлчилгээг дэмжихэд бүртгэлийн үйл ажиллагааг чиглүүлэх, иргэд лавлагаа авахаар бүртгэлийн байгууллагад биeчилж ирдгийг халах, төр өөрт буй мэдээллийг иргэнээс дахин шаардахгүй байх нь Иргэний улсын бүртгэлийн тухай хуулийн төслийн зорилго юм" гэж хуулийн төслийг танилцуулах үеэрээ хэлж байв.