Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/05/09-НД НИЙТЛЭГДСЭН

Ким Жон Унтай уулзах өдөр, газраа тохирч, гурван иргэнээ буцааж авснаа Трамп зарлав

Р.Төмөр, ikon.mn
2018 оны 5 сарын 9
iKon.MN
Зураг зураг

АНУ-ын төрийн нарийн бичгийн дарга Майк Помпео өнгөрсөн Даваа гарагт Хойд Солонгосын нийслэл Пёньяныг зорьсон тухай Дональд Трамп өчигдөр мэдэгдсэн билээ.

Тэр нэг сарын дотор хоёр дахь удаагаа Пёньянд зочилсон нь энэ юм.

Помпео удахгүй болох Трамп-Кимийн түүхэн уулзалтын бэлтгэл ажлаар явж байгаагаа мэдэгдэж байсан.

Тэгвэл тэр Хойд Солонгосын талтай амжилттай хэлэлцээр хийгээд тэнд хоригдож байсан Америкийн гурван иргэнийг дагуулан Пёньянаас хөөрсөн тухай Дональд Трамп саяхан зарлалаа.

Трамп твиттер хуудсандаа “Төрийн нарийн бичгийн дарга Майк Помпео хүн бүрийн харахыг хүсэж байгаа гайхамшигтай гурван жентэлмэний хамт Хойд Солонгосоос буцаж явааг мэдэгдэхэд таатай байна. Тэдний бие сайн байгаа гэнэ. Бас уулзалт болох өдөр, газрыг Ким Жон Унтай тохиролцжээ” гэж бичсэн юм.

Мөн дараа нь “Төрийн нарийн бичгийн дарга Помпео “зочдын” хамт шөнийн 2:00 цагт Эндрьюсийн агаарын баазад газардана. Би тэднийг тосон мэндчилэх болно” гэжээ.

Тиймээс удаан хугацаанд тодорхойгүй байсан Трамп-Кимийн уулзалт болох газар, өдрийг зарлах цаг удахгүй бололтой.