Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/05/08-НД НИЙТЛЭГДСЭН

Харилцаа сайжирсны илрэл болгон нэн ховордсон шувууг Хятадаас Японд бэлэглэнэ

Э.Сэмүүн, ikon.mn
2018 оны 5 сарын 8
iKon.MN
Зураг зураг

Энэ долоо хоногт Хятадын ерөнхий сайд Ли Кэчянь Япон улсад албан ёсны айлчлал хийх гэж байна.

Газар нутгийн маргаанаас шалтгаалан олон жилийн туршид харилцаа нь муудаад байсан хөршүүд энэ айлчлалаар харилцаагаа хэвийн болгохыг зорьж байгаа юм. 

Маргааш болох ерөнхий сайд нарын уулзалтаар Шинзо Абэ устаж үгүй болсон цацагт билүүс (crested ibis) хэмээх ховор шувууг хандивлахыг Хятадын талд хүсэх гэж байгаа ажээ. Ли Кэчянь уг саналыг хүлээн авч, хос цацагт билүүсийг Японы талд бэлэглэх төлөвтэй байгааг дипломат эх сурвалжууд мэдээлсэн байна.

Цацагт билүүс нь Японы арлуудын унаган амьтны төрөл зүйлд тооцогддог ч 2003 онд бүр мөсөн устсан юм. Одоо тэд уг шувууг лабораторид үржүүлгийн аргаар дахин бий болгож, байгальд тавих ажлыг гүйцэтгэж байгаа. Гэвч үржүүлсэн шувууд нь дархлааны системийн асуудалтай тулгараад байгаа тул шинэ цус сэлбэх шаардлагатай байгаа гэнэ.

1999 онд Хятадын төрийн тэргүүн асан Жян Зэминий бэлэглэсэн хоёр цацагт билүүсийг Японд анх хүргэж байжээ. 2007 онд дахин гурван ийм шувууг хандивласан байна.

Харин 2011 онд Хятадын ерөнхий сайд асан Вэн Жябао нэмж шувуу бэлэглэх хүслээ илэрхийлж байсан ч хоёр орны хооронд газар нутгийн маргаан дэгдсэнээс энэ санаа хэрэгжээгүй юм.

Тухайн үед Японы тал маргаантай Сенкаку арлыг өөрийн болгох бодит алхам хийсэн нь тус арлыг Дяоюү гэж нэрлэдэг Хятадын талын эсэргүүцэлтэй тулгарч байв.

Одоогоор Нийгата мужийн Садо арал дээрх хамгаалалттай бүсэд 280 толгой цацагт билүүс амьдарч байгаа гэсэн тоо бий.

 

Эх сурвалж: Japan Times