Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/05/05-НД НИЙТЛЭГДСЭН

Ким Жон Уныг өндөр харагдахын тулд тусгай гутал өмссөн гэж шинжээчид дүгнэжээ

Э.Сэмүүн, ikon.mn
2018 оны 5 сарын 5
iKon.MN
Зураг зураг

Өмнөд Солонгосын Чосун Илбо сониныхон өнгөрсөн долоо хоногт болж өнгөрсөн хоёр Солонгосын дээд хэмжээний уулзалтын дүрс бичлэгт шинжилгээ хийсний дараа Ким Жон Уныг өндөр харагдахын тулд тусгай хийцийн гутал өмссөн гэж дүгнэжээ.

Өөрөөр хэлбэл Хойд Солонгосын удирдагчийн гутал нь нууц өндөрлөгчтэй байсан гэнэ. Түүний гуталны урд хэсгийн налуу нь хэт их өнцөгтэй байсан нь ийм дүгнэлтэд хүргэжээ. 

Уулзалтын гэрэл зургууд дээр Ким Жон Ун нь Өмнөд Солонгосын ерөнхийлөгч Мүүн Жэ Интэй ойролцоо өндөртэй харагдаж байсан юм.

Мүүн Жэ Иний биеийн өндөр 170 см орчим гэдэг.

Тэгвэл Ким Жон Уны тусгай гутал түүнийг 2.5-5 см орчим өргөж өгсөн бололтой. Эндээс тооцоолбол Хойд Солонгосын удирдагчийн биеийн өндөр 165-167 см орчим гэж дүгнэжээ.

Ким Жон Уны талийгаач эцэг Ким Жон Ил мөн өндөр харагдахын тулд тусгай гутал өмсдөг байсан гэдэг.

Харин удахгүй болох АНУ-Хойд Солонгосын удирдагчдын түүхэн уулзалтын үеэр Ким Жон Ун Дональд Трамптай хэрхэн нэг түвшинд харагдах нь сонин байна.

Албан ёсны мэдээллээр Трампын биеийн өндөр 192 см гэгддэг. АНУ-ын ерөнхийлөгчийг бас биеийн эрүүл мэндийн үзүүлэлтүүдээ нууж хаадаг, засварладаг гэх яриа байнга гардаг ч Ким Жон Унаас толгой өндөр байх нь эргэлзээгүй юм.

 

Эх сурвалж: Chosun Ilbo, Business Insider