Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/05/04-НД НИЙТЛЭГДСЭН

"Үжлийн халдвараас сэргийлэхийн тулд гарын ариун цэврийг дээд зэргээр сахих ёстой"

Г.Номин, iKon.mn
2018 оны 5 сарын 4
iKon.MN
 

Жил бүрийн тавдугаар сарын 5-нд “Дэлхийн гарын эрүүл ахуйн өдөр”-ийг тохиолдуулан Монгол Улсын хэмжээнд эрүүл мэндийн тусламж үйлчилгээ үзүүлж буй нийт эрүүл мэндийн байгууллагын эмч, ажилтнууд тэмдэглэж иржээ. Энэ жилийн хувьд ДЭМБ-аас тавдугаар сарын 5-ны өдрийг “Эмнэлгийн тусламж, үйлчилгээтэй холбоотой үжлийн халдвараас сэргийлэх нь Таны Гарт” уриан дор тэмдэглэн өнгөрүүлэхийг уриалж байна.

ДЭМБ-ын тооцоолсноор дэлхий дахинд жил бүр 30 гаруй сая хүн эмнэлгийн тусламж, үйлчилгээтэй холбоотойгоор үжлийн халдварт/цусан халдвар/ өртдөг бөгөөд тэдгээрийн 6 сая орчим нь нас бардаг байна. Мөн жил бүр 500,000 орчим нярай эндэж, төрөлттэй холбоотой эхийн 10 нас баралт тутмын 1 нь үжилтэй холбоотой байна.
 
Гэрэл зургийг mpa.mn

ХӨСҮТ-ийн Тандалт, судалгааны  албаны тархвар судлаач М.Цолмон "Дэлхийн аль ч улс оронд хөгжлийн түвшингээс үл хамааран эмнэлгийн тусламж, үйлчилгээтэй холбоотой халдвар бүртгэгдэж, эмнэлэгт хэвтэн эмчлүүлэгчдийн хүндрэл, нас баралтын гол шалтгааны нэг болж, үйлчлүүлэгчийн хөдөлмөрийн чадварыг бууруулах, сэтгэл зүйд сөргөөр нөлөөлөх, хөгжлийн бэрхшээлд хүргэх, амь насанд аюул учруулахаас гадна эмнэлгийн дундаж ор хоногийг уртасгадаг, эмчилгээ үйлчилгээний зардлыг нэмэгдүүлэхэд хүргэдэг.

Өндөр хөгжилтэй орнуудад эмнэлэгт хэвтэн эмчлүүлж буй 100 хүн тутмын 17-20 хувь нь эмнэлгийн тусламж үйлчилгээтэй холбоотой халдвар авдаг гэсэн статистик мэдээлэл байна. Харин манай улсын хувьд нийт эмнэлэгт хэвтэн эмчлүүлэгчдийн 3 хувь нь халдвар авдаг гэх судалгааны дүн байгаа. Гэхдээ энэ бол бодит тоо биш. Эмнэлгийн тусламж үйлчилгээтэй холбоотой халдвар байгаа ч үүнийг илрүүлэх, тандах, мэдээлэх ажил хангалтгүй байна. 3 хувь гэдэг тоо эмнэлгийн байгууллагууд халдварыг илрүүлэх, мэдээлэх нь хангалтгүй байгааг харуулж байгаа юм.

Энэ жил “Дэлхийн гарын эрүүл ахуйн өдөр”-ийг “Эмнэлгийн тусламж, үйлчилгээтэй холбоотой үжлийн халдвараас сэргийлэх нь Таны Гарт” уриан дор тэмдэглэн өнгөрүүлж байна. Манай улсын хувьд 2017 онд үжлийн халдварын улмаас долоон хүн нас барсан. Тэгэхээр энэ бол бодитоор байгаа аюул юм. Үүнээс сэргийлэхийн тулд эмч, эмнэлгийн ажилтнууд гарын ариун цэврийг дээд зэргээр сахих ёстой" гэлээ.

Өвчтөнд эмнэлгийн тусламж, үйлчилгээ үзүүлэх явцад эмнэлгийн ажилтны гар хоруу чанар бүхий нянгаар халдварлагдан, нэг өвчтөнөөс нөгөө өвчтөнд, түүний нэг эрхтэнээс нөгөө эрхтэнд, халдварлагдсан орчноос өвчтөнд халдвар дамжуулагч гол зам болдог аж.

Халдварын талаар тоон мэдээллүүд:

  • Эмнэлгийн тусламж, үйлчилгээтэй холбоотой халдвар нь дэлхий нийтэд элбэг тохиолдож байгаа бөгөөд мөч бүрт 1.4 сая хүн халдварт өртөж байна
  • ДЭМБ-аас гаргасан судалгаагаар яаралтай тусламж үзүүлж байх явцад цаг алдалгүй ажиллах шаардлагатай, ажлын ачаалал ихтэй байдгаас шалтгаалан 10 орчим хувьд нь л гарын ариун цэврийг сахидаг байна.

Эрүүл мэндийн байгууллагуудын гарын ариун цэвэр сахилтын байдалд үнэлгээ хийж байгаа хэдий ч гарын ариун цэвэр сахилт хангалттай биш байгааг эрүүл мэндийн салбарынхан хүлээн зөвшөөрч байгаа юм.

Тиймээс эрүүл мэндийн байгууллагууд эмч, ажилтнууддаа гарын эрүүл ахуйг сахих дадал, хандлагыг сайжруулахын тулд тасралтгүй сургалт зохион байгуулах, дотоодын хяналт, үнэлгээ, тандалтыг үр дүнтэй хийх, эргэн мэдээллэх, ажиглалтын үнэлгээг тогтмол хийж хэвшүүлэх, эрүүл мэндийн байгууллагуудын удирдлага, дарга, менежерүүдийн оролцоог нэмэгдүүлэхийг уриалж байна.

Мөн иргэд, ялангуяа цэцэрлэг, сургуулийн орчинд хүүхэд наснаас нь эхлэн гарын эрүүл ахуйг сахих, гарыг угаах, ариутгах зөв дадал хэвшлийг тогтооход анхаарч ажиллах шаардлагатай байгаа юм.