Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/05/03-НД НИЙТЛЭГДСЭН

Д.Ангар: Монгол Улс анх удаа дэлхийн түвшинд бизнесийн хэлцэл хийсэн нь "Оюу Толгой"-н гэрээ

А.Төгөлдөр, iKon.mn
2018 оны 5 сарын 3
iKon.MN
Зураг зураг

Хөрөнгийн зах зээлийн шинжээч, “Новел инвестмент” ХХК-ийн Гүйцэтгэх захирал Д.Ангартай цаг үеийн асуудлаар ярилцлаа.

- Оюу толгойн гэрээ анх байгуулагдсан үеийг эргэн саная. Тэр үеийн эдийн нөхцөл байдал ямар байсан вэ?
- Монголчууд бид Оюу толгойн гэрээ анх байгуулагдсан үеийг ярихдаа тухайн үед эдийн засаг,  санхүүгийн зах зээлийн нөхцөл байдал ямар байсан тухай эргэн санах хэрэгтэй.
Үүний дараа гэрээг үнэлэх ёстой. 2007 онд АНУ-ын ипотекийн зээлээс үүдэлтэй санхүүгийн хямрал дэлхийн нийтийг хамарсан. Энэ хямрал Монголыг ч дайрсан. Монголын гол валют болдог экспортын барааны үнэ дэлхийн зах зээл дээр унаж, төсөвт алдагдал үүсч, төлбөрийн баланс алдагдсан. Монгол банк валютгүй болж, төгрөгийн ханш маш хүчтэйгээр унаж эхэлсэн. Ганцхан сарын дотор 1,200-2,000 хүрсэн. Сөрөг үр дагаврууд ар араасаа ундарсан. Үүсээд байгаа эдийн засгийн хямралыг төр дангаараа зохицуулж чадахгүй учраас 2008 онд ОУВС-гийн “Станд бай” хөтөлбөрт орсон. Бүх санхүү эдийн засгийн бодлогоо тодорхойлоод, 18 сарын хөтөлбөр гаргаж, авч хэрэгжүүлэх арга хэрэгслээ ОУВС-той тохирч байж хямралаас бага хохиролтой гарч байсан. Ийм үед Монгол улсад гадны хөрөнгө оруулагчид орж ирэхгүй, хөрөнгө оруулагчид нь дайжиж зугтсан, хөрөнгө оруулалт үндсэндээ зогссон байсан.

Гадны хөрөнгө оруулагчид бизнесийн журмаар хөрөнгө оруулалт хийхгүй маш хүнд нөхцөл байдал тулгарч байсан. Яг энэ үед хийгдсэн “Оюу толгой” гэрээ тухайн үеийн эдийн  засгийн “аврал” болсон юм. Хэрэв энэ үед Оюу толгойн гэрээ байгуулагдаагүй бол Монгол улсын эдийн засаг ямар байх байсныг төсөөлөхийн нь аргагүй. Яагаад гэвэл төсөв мөнгөгүй, төлбөрийн баланс алагдсан, гадаад дотоодын хөрөнгө оруулагч нар нь дайжсан, бизнесийн орчин тодорхойгүй маш хүнд нөхцөлд  Оюу толгой гэрээг байгуулж чадсан хүмүүсийг бид үнэлэх ёстой гэж би боддог.  

- Оюу толгой гэрээг гадны гэрээг шууд хуулбарласан муу гэрээ гэж зарим хүн үздэг. Энэ талаар таны байр суурь?
- Энэ гэрээ бол  Монгол улсын хувьд шинэ харилцаа гэдгийг л бид ойлгох ёстой.

Өмнө нь  Монгол улс ядуу буурай гэсэн статустай, дэлхийн банк болон ОУВС-гаас хөнгөлөлттэй болон хүүгүй зээл л авч ашигладаг байсан. Бүх орж ирж байгаа санхүүжилт нь дэлхийн зах зээлтэй харьцуулашгүй хөнгөлөлттэй нөхцөлтэй. Дэлхийн зах зээл дээр 10 жилтэй компаний бонд дунджаар 5-8 хувийн хүүтэй байхад Монгол улсын засгийн газар хүүгүй юм уу маш хөнгөлөлттэй зээл авдаг байсан Төрийн бүх бодлого зохицуулалт нь өр зээлийг л шийддэг, бизнесийн харилцаа огт байгаагүй. Гэтэл бид ийм зүйлтэйгээ Оюу толгойг харьцуулаад эхэлсэн.

Оюу толгой гэрээ бол аливаа нэг улсын захиалгатай гэрээ байгаагүй.  Хөрөнгө оруулагч тал  аль нэг  улсын  төрөөс оролцоотой компани огт биш 100 хувь бизнесийн байгууллага.

Дэлхийн зах зээл дээр санхүү эдийн засаг, бизнесийн зарчмаар ажилладаг компани. Монгол улс анх удаа бизнесийн зарчмаар хөрөнгө оруулалтын гэрээ байгуулж үзсэн. Үүндээ бид дасаагүй учраас энэ гэрээ ашиггүй, хохиролтой гэдэг байдлаар харсан. Гэтэл нөгөө талаа бид бас харж үзэх хэрэгтэй.

Хэдэн тэрбумаар үнэлэгдэх өөрсдийн хөрөнгөө хөрөнгө оруулалтын орчин маш бүрхэг Монгол улсад оруулаад, 40-50 жилийн дараа ашгаа өгөх, ямар ч тодорхойгүй нөхцөлд хөрөнгө оруулалт хийсэн гэдгийг ойлгох хэрэгтэй. Гэрээг дан ганц Монголд ашигтай гэдгээр харах юм бол магадгүй энэ гэрээ хэзээ ч байгуулагдахгүй. Бизнесийн харилцаа учраас бас нөгөө талдаа ч ашигтай байх ёстой. Энэ бол бизнесийн зарчим. Эдийн засгийн маш хүнд нөхцөл байдалд хийгдсэн гэхэд Оюу толгойн гэрээнд байж болох хамгийн сайн нөхцөлүүдийг тусгаж чадсан муугүй гэрээ гэж би хардаг.  

- Монгол улс эдийн засгийн хөгжлийг Оюу толгойгоос  өмнө ба хойно гэсэн цаг үеийг хараад байна л даа. Та үүнийг юу гэж хардаг вэ?
- Яг зөв.

Монгол улсын валют олж байгаа гол салбар бол  уул уурхай.  Уул уурхайгаас орж ирсэн орлого дотоодын эдийн засгийн бусад салбарт шилжиж, иргэдийн цалин хөлс,  орлого, хуримтлал болдог. Сүүлийн 100 жилийн түүхэнд монгол улсын эдийн засгийг авч үзвэл 2 том ордтой холбогдож байгаа. Эхнийх нь Эрдэнэт. Энэ бол  Монгол улсыг  ганц тэжээдэг саалийн үнээ  байсан. Хөгжлийнхөө шатанд нөөц нь буурч эдийн засгийг тэтгэж дийлэхээ больж, Эрдэнэтэд  суурилсан эдийн засаг дараагийн шинэ дэвшилийг нэхэж эхэлсэн. Энэ нь  Оюу толгой байсан.  Хөгжлийн дараагийн шинэ үүд хаалга нээгдсэн үе гэж хэлж болно.

Бид Оюу толгойн төслийн өмнөх үед цалингаа тавьж чаддаггүй, тэтгэврээ нэмэгдүүлж чадахгүй, иргэдийн амьжиргаа маш доогуур, өр ширтэй, эдийн засгийн хямралын асар хүнд үед амьдарч байснаа мартах ёсгүй. Харин гэрээ хийгдэж, төсөл хэрэгжиж эхэлсний дараа төрийн зүгээс ард иргэд рүү чиглэсэн хөрөнгө оруулалтын болон халамж тэтгэврийн маш олон төсөл хөтөлбөрүүд хэрэгжих боломжууд нээгдэж эхэлсэн.  Оюу толгойг дагаж гадна дотны маш том хөрөнгө оруулагч компаниуд  Монголыг чиглэж эхэлсэн. Гэрээнээс хойш 2010-2012 онд  Монгол улсад түүхэнд байгаагүй хөрөнгө оруулалтын таатай орчин бий болсон. Хөрөнгийн зах зээлийн хувьд  Монгол улс дэлхийн нийтэд хамгийн эрэлттэй цэг байсан. Энэ нь Оюу толгой төсөлтэй холбоотой.  Монгол улсын төгрөг маш богино хугацаанд дэлхийн хамгийн шилдэг валютаар шалгарч, улсын эдийн засаг нэг жилд 17 хувиар өсч байсан, гадаадын хөрөнгө оруулалт эрс нэмэгдэж байсан нь  Оюу толгойн төслийн ач тус байсныг бид мартах ёсгүй. 

- Оюу толгой төслийг Монголын баялгийг харийнхан зөөж дуусаж байгаа. Монголыг өрөнд оруулсан гэрээ болсон гэж үзэх хүмүүс байдаг. Энэ тухайд?
- Иргэдэд ташаа мэдээлэл байдаг. Энэ гэрээг байгуулснаар Монгол улс дааж давашгүй өрөнд орчлоо гэдэг. Гэтэл өнөөдрийг хүртэл энэ төсөл бизнесийн зарчмаараа л явж байгаа.  Ашгаа олоогүй хөрөнгө оруулагчийн зүгээс гарч байгаа зардал Монголын талд ашиг болон эдийн засагт шингэсээр л  байна. Монгол улсад татвар хураамж, туслан гүйцэтгэгч, бараа нийлүүлдэг компаниудад хийгдэж байгаа санхүүжилт хэлбэрээр.

Дээр нь Оюу толгой төсөл бол Монгол улсын Засгийн газарт санхүүгийн ямар нэгэн үүрэг хүлээгээгүй төсөл. Өөрөөр хэлбэл бизнесийн зорилго бол ашиг хийх. Ашгийг дагаж эрсдэл байдаг. Гэтэл  хөрөнгө оруулагч тал эрсдэл үүссэн тохиолдолд  хохирлоо өөрсдөө бүрэн хариуцаж үүрнэ гэсэн байгаа. Тэгэхээр муу гэрээ байсан бол Монгол улс өрөнд унах, төлбөрийн хариуцлага тооцох нөхцөлтэй байсан бол миний хувьд маш муу гэрээ гэж үзэх байсан. Баялгийнхаа эзэн болоогүй гэрээ гэж үзнэ. Энэ гэрээнд Монголын төр өрөнд орох нэг ч заалт байхгүй.  Ашиг олбол хоёр тал хувааж авна, эрсдэл гарвал зөвхөн хөрөнгө оруулагч хариуцна.

- Төслийг дагасан үйлдвэр, дэд бүтэц гэдгийг манайхан төдийлөн ойлгохгүй байх шиг. Үнэ цэнэ нь чухам юундаа байна бэ?
- Дэлхий дээр цор ганц Монгол улс л газрын баялагтай улс биш юм. Нөөц нь тогтоогдсон олон мянган төсөл байгаа. Оюу толгойн төсөл яагаад олон улсад  үнэлэмжтэй байна гэхээр дэлхийн зэсийн баяжмалын хамгийн том том худалдан авагч болох БНХАУ-тай  Монгол улс маш ойрхон байрлаж  байгаад  л оршиж байна.

Оюу толгой төслийн үнэлэмжийг өндөр болгож байгаа нь газар зүйн байршил. Нөгөө талдаа нөөц нь газрын гадаргуугаас хэдэн мянган метрын доор байгаа баялгийг олборлож авах хүчин чадалтай маш нарийн технологи, тоног төхөөрөмжтэй, туршлагатай хөрөнгө оруулагчид дэлхийд цөөхөн байдгийн нэг нь Рио Тинто юм. Гүний уурхайн олгорлолт бүтээн байгуулалтыг хийхэд маш их хэмжээний хөрөнгө оруулалт орно, маш их зардал гарна, маш их эрсдэл үүснэ. Үүнд л тус ордын онцлог оршиж байгаа. Үүнийг харж байж л Оюу толгой төслийг зөв үнэлнэ. Газрын гүнд байгаа баялгийг газар дээр гаргаж, баялаг болгон ашиглана гэдгийг л бид зөв харж, зөв үнэлэмж бий болгох хэрэгтэй. Түүнээс зүгээр газар дээр ил байсан баялгийг хутгаж аваад гараад байгаа юм шиг ойлгож болохгүй.

- Энэ гэрээнээс болоод хоёр ч Ерөнхий сайдыг бариад хорьчихлоо. Монголыг хөрөнгө оруулагчдад сөргөөр харагдуулах үйл явдал болчих вуу гэж хараад байна. Энэ нь хөрөнгийн зах зээл дээр ямар савалгаа үүсгэдэг юм бэ?
- Монгол улсын төр, ард түмний нэрийн өмнөөс үүрэг хариуцлага хүлээгээд хүмүүсийг шалгах эрх нь нээлттэй. Гэхдээ оргон зайлах нэрийдлээр барьж хорих шаардлага байсан уу. Миний бодлоор Монголоосоо зугтаж, дүрвээд явчих бий гэсэн ойлголтыг олон улсад төрүүлж байгаа нь Монгол улсын хөрөнгө оруулалтын орчинд сөргөөр нөлөөлөх хандлагатай.  Жишээ нь Оюу толгойтой холбоотой баривчилгаа явсны дараа Рио Тинто компаний хувьцаа унасан байна. Энэ бол хэдэн албан тушаалтан, хэдэн компаний асуудал биш  Монгол руу орж ирэх хөрөнгө оруулалтын орчны асуудал. Албан тушаалтныг шалгаж болно. Гэхдээ барьж хорьж олон нийтийн анхаарлыг татсанаараа ирээдүйн хөрөнгө оруулалтынхаа үүдийг хаасан алхам гэж үзэж байгаа. 

Англи, Америк гэсэн их гүрнүүд яагаад тэргүүлэгч улс болсон бэ гэхээр гадаадын хөрөнгө оруулалтыг хамгийн хурдан, үр ашигтайгаар татсанд л учир нь оршдог

- Оюу толгойн гэрээний зөв бурууг сүүлийн үед их ярьж шүүмжлэх болсон. Энэ утгаараа энэ цаг үе бол бид эдийн засгийн эрх чөлөөгөө алдах уу үгүй юу гэдэг эгзэгтэй үе дээрээ ирсэн гэж зарим хүн ч үзэж байна. Та юу гэж бодож байна?
- Монгол улс нийгмийн шинэ системд шилжээд удаагүй байна. Эдийн засгийн утгаараа залуу улс. Ялангуяа бизнесийн харилцаанд ороод бараг 15 жил ч болоогүй. Монгол улс анх удаа дэлхийн түвшинд бизнесийн хэлцэл хийсэн нь Оюу толгойн гэрээ.

Бүх төслүүд төрийн болон олон улсын байгууллага, хандивлагч улсуудын оролцоотой хийгддэг байсан үе. Анх удаа Монгол улс арилжааны чанартай гэрээ байгуулсан. Гэтэл бид өнөөдөр гэрээний зөв бурууг дүгнэх гээд байж байна. Энэ гэрээнд буруу дүгнэлт өгч, бодит байдлаас гажиж төслөө унагаах юм бол бид ухарна. Хуучин систем рүүгээ л орно гэсэн үг. Нөгөө Монгол улсын зориод тэмүүлээд байдаг зах зээлийн эдийн засаг гэдэг зүйл байхгүй болно. Энэ хэлэлцээрийг  хэрхэн шийдсэнээр Монгол улсын эдийн засгийн дараагийн дүр зураг харагдана. 

- Гэрээний  34 хувийг хүмүүс янз бүрээр ярьдаг. Бид үнэхээр бага хувь эзэмшээд байгаа юмуу?
- Энэ бол нэгэнт хуулиараа шийдэгдсэн асуудал.  Ингээд л ухаад яриад байвал яриад л байна. “Монголын за бол андгай буй за” гэдэг биз дээ. Эргэж буцаад байлгүй орхиод л урагшаа явах хэрэгтэй. Байгуулчихсан гэрээг сайн муу, их бага гэж ярих нь бидний зорилтод чөлөөт зах зээлийн эдийн засагт байх зарчим биш. Одоо энэ тухай бодлогогүй ярих нь Монгол улс  хөрөнгө оруулалтын орчиндоо сөрөг ойлголт өгч, ан цав үүсгэнэ гэсэн үг. Уул уурхайн хөрөнгө оруулалт бол урт хугацаанд хэрэгждэг, маш урт хугацаанд үр ашгаа өгдөг. Тэгэхээр бид 50 жилийн хугацаатай тооцоод  хийчихсэн гэрээгээ 5 жил болоод өөрчлөнө гэж ухарвал ийм эрсдэл үүрэх хөрөнгө оруулагч Монголд  орж ирэхгүй. 

- Хөрөнгө оруулалтын төлөө дэлхийн том гүрнүүд ч өрсөлдөж байна. Гэтэл монголчууд үүнийг нэг л сайн ойлгохгүй байх шиг байна?
- Англи, Америк гэсэн их гүрнүүд яагаад тэргүүлэгч улс болсон бэ гэхээр гадаадын хөрөнгө оруулалтыг хамгийн хурдан, үр ашигтайгаар татсанд л учир нь оршдог. 

Хэрвээ тэд тухайн үедээ гадны хөрөнгө оруулалтыг хэт их туйлширч, хэт эх оронч үзэл гарган, хэт өөрсдийнхөө талд хандсан бол өнөөдрийн түвшинд хүрэхгүй байсан. Өнөөдрийн дэлхийн эдийн засгийн өндөрлөгт хүрсэн хамгийн гол түлхүүр нь төрийн бодлого нь  гадны хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэхэд чиглэж ажилласанд байгаа юм.

Монгол улс иргэдээ өр зээлгүй, чинээлэг, ажилтай, орлоготой, орон сууцтай байлгаж, ажлын байрыг нэмэгдүүлэх, эдийн засгаа сэргээх гээд хөгжлийн гол түлхүүр нь  гадны хөрөнгө оруулалт гэдгийг маш сайн ойлгох хэрэгтэй.

Гадны капитал орж ирж эдийн засгийн эргэлтэд оруулж ирж байж л баялаг бүтнэ. Гэтэл бид хөрөнгө оруулагчаа хаагаад хэт их туйлшраад байх юм бол бид хөгжихгүй. Өнөөдөр манай улсын эдийн засгийг харахад ихэнх компаниуд санхүүжилт байхгүй дампуурлын ирмэгт, иргэд нь ядууралтай, улсын төсөв нь алдагдалтай, Монголбанк нь валютгүй, улс нь өрнөөс өрний хооронд явж байна. Энэ байдалтайгаа цаашид үргэлжлээд явах юм уу, хөгжих юм уу гэдэг асуултын хариулт  ердөө л хөрөнгө оруулалтыг түлхэх үү, татах уу гэдэгт л байгаа юм. Энэ байдлаа хэрхэн шийдэхээс бүх зүйл шалтгаална.