Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/05/01-НД НИЙТЛЭГДСЭН

Бүгд Найрамдах Доминикан улс Тайваниас харилцаагаа тасалж, Бээжинтэй түншиллээ

Р.Төмөр, ikon.mn
2018 оны 5 сарын 1
iKon.MN
Зураг зураг

Карибын тэнгисийн Доминиканы бүгд найрамдах улс Тайваниас дипломат харилцаагаа тасалж, Хятадтай дипломат харилцаа тогтоож байгаагаа зарлалаа.

Өнгөрсөн онд энэ бүс нутгийн Панам улс мөн Тайпэйгээс салж, Тайванийг Хятадын газар нутгийн нэг хэсэг гэж үзэх болсон юм. Ингэснээр Тайваньтай дипломат харилцаатай улсын тоо 19 болон буурч байна. Эдгээр улсууд ихэвчлэн жижиг, буурай хөгжилтэй орнууд байдаг ба тэдгээрийн 10 нь Латин Америкийнх юм.

2016 онд Тайваний ерөнхийлөгчөөр тусгаар тогтнолын талыг баримтлагч Цай Ин Вэн сонгогдсон. Энэ үеэс эхлэн Бээжингийн эрх баригчид Тайванийг олон улсын тавцанд ганцаардуулах бодлогыг эрчимтэй хэрэгжүүлж байгаа.

 Доминиканы шийдвэрийг “гүн харамсаж, бухимдалтай хүлээж авч байгаа”-гаа Тайваний гадаад хэргийн сайд Жозеф Ву мэдэгджээ.

Улмаар Доминиканд хэрэгжүүлж байгаа төсөл, тусламжуудаа даруй зогсоох болсон байна. Харин Доминиканы засгийн газрын мэдэгдэлд тус улс “хэрэгцээ, боломж, ирээдүйн хөгжлийн төлөө” гадаад бодлогоо өөрчилж байгааг дурджээ. Мөн “Түүх, нийгэм эдийн засгийн бодит байдал биднийг бодлогоо өөрчлөхөд хүргэлээ” гэсэн байна.

Хэдийгээр дипломат харилцаа тогтоогоогүй байсан ч Хятад улстай хийдэг Доминиканы худалдаа эрчимтэй нэмэгдэж, гадаад худалдааны хоёр дахь том түнш нь болоод байгаа гэнэ.

Доминиканы бүгд найрамдах улс хөгжлийн хөтөлбөртөө зориулж сая сая долларын тусламжийг Тайваниас авдаг байв. Харин сүүлийн таван жилийн хугацаанд тэд эх газрын Хятадтай улс төр, эдийн засгийн харилцаагаа нэмэгдүүлсээр ирсэн юм.

Тус улсын Хятадтай хийдэг гадаад худалдааны хэмжээ жилийн $2 тэрбум хүрээд байгаа гэнэ.

 

Эх сурвалж: Associated Press

 

Зураг
14 | 18 | 20 цаг