Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/04/19-НД НИЙТЛЭГДСЭН

АНУ-д болсон онгоцны ослын үеэр хохирогчийн биеийн тал нь цонхоор сорогдож гарсан байжээ

Э.Сэмүүн, ikon.mn
2018 оны 4 сарын 19
iKon.MN
Зураг зураг

Мягмар гарагт АНУ-ын Southwest Airlines компанийн 1380 дугаар нислэгийн онгоцонд осол гарч, нэг зорчигч амиа алдсан билээ. Агаарт нисэж явсан онгоцны нэг талын хөдөлгүүр дэлбэрч, металл хэлтэрхийнүүд онгоцны зарим цонхыг хагалж, зорчигчдыг гэмтээсэн юм.

Нью Йоркоос Далласыг зорьж явсан онгоц энэ ослын улмаас Филаделфид газардсан байна. Нэг зорчигч амиа алдсан нь 43 настай Женнифер Риордан байжээ. Бусад долоон зорчигч хөнгөн гэмтэл авсан байна.

Гэрчүүдийн мэдээлснээр хохирогч эмэгтэйн зэргэлдээ цонх хагарч, биеийн дээд хагас нь цонхоор сорогдож гараад байжээ.

 

Зорчигчид болон онгоцны ажилтнууд түүнийг татаж оруулсан боловч хохирогч хэлтэрхийнд цохигдон маш их цус алдаж, ухаан алдаад байсан гэнэ.

Мөн өөр нэг хагарсан цонхыг ар нуруугаараа 20 минут орчим тагласан зорчигч асар хүчтэй даралт мэдэрч байснаа ярьсан байна.

Мягмар гарагийн энэ эмгэнэлт явдал нь АНУ-ын агаарын тээврийн салбарт сүүлийн 9 жилийн хугацаанд анх удаа хүний амь хохирсон осол болж байгаа гэнэ. 2009 оны хоёрдугаар сард Нью Йоркийн Буффалогийн ойролцоо Colgan Air компанийн онгоц осолдоход 50 хүн амь үрэгдэж байжээ.

Онгоцны ослын шалтгааныг бүрэн шинжлэх ажил 12-15 сар үргэлжилнэ гэж албаныхан мэдэгдсэн байна.

 

Эх сурвалж: Business Insider