Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/04/18-НД НИЙТЛЭГДСЭН

АНУ-ын тагнуулын төв газрын дарга Ким Жон Унтай нууцаар уулзжээ

Р.Төмөр, ikon.mn
2018 оны 4 сарын 18
iKon.MN
Зураг зураг

АНУ-ын төрийн нарийн бичгийн даргад нэр дэвшээд байгаа, Тагнуулын Төв Газрын дарга Майк Помпео өнгөрсөн амралтын өдрүүдээр Хойд Солонгост нууцаар айлчилж, тус улсын удирдагч Ким Жон Унтай уулзсан тухай Вашингтоны албаны хүн өнөөдөр мэдээлжээ.

Помпеогийн уулзалт Хойд Солонгостой үр дүнтэй хэлэлцээр хийж болно гэсэн Трампын найдлагыг нэмэгдүүлсэн тухай нэрээ нууцалсан эх сурвалж мөн хэлсэн байна.

Үүнээс хэдхэн цагийн өмнө Дональд Трамп АНУ Хойд Солонгостой “маш өндөр түвшинд” хэлэлцэж байгаа гэж хэлсэн нь ийм учиртай бололтой.

Түүний энэ үг Ким Жон Унтай Трамп шууд ярилцсан гэх сэжгийг бий болгосон юм. Гэвч дараа нь тэр “Хамгийн дээд түвшнээс арай доогуур” гэж тодорхойлсон нь үүнийг няцаасан хэрэг байв.

Дараа нь Цагаан ордны хэвлэлийн төлөөлөгч Сара Сандерс үүнийг баталж “Яриа хэлэлцээр өндөр дээд түвшинд болж байгаа, гэхдээ ерөнхийлөгч өөрөө шууд оролцоогүйгээ хэлсэн” гэсэн байна.

Харин Помпеогийн нууц айлчлалын тухай сэтгүүлчид асуухад “Засгийн газар ТТГ-ын даргын айлчлалын талаар мэдээлэл өгөөгүй байна” гэж хариулжээ.

Хэрвээ энэ мэдээлэл үнэн бол 2014 онд тухайн үеийн тагнуулын төв газрын дарга асан Жэймс Клапперын хийж байсан айлчлалаас хойш АНУ-аас Пёньянд айлчилсан хамгийн өндөр албан тушаалтан болох юм.

 

Эх сурвалж: Reuters