Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/03/27-НД НИЙТЛЭГДСЭН

Р.Болд: Парламентын гишүүнд хариуцлага тооцох эрх зүйн зохицуулалт үгүйлэгдэж байна

Үндэсний шуудан сонин
2018 оны 3 сарын 27
Үндэсний шуудан
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

УИХ-ын даргын Хуульзүйн бодлогын зөвлөх Р.Болдтой ярилцлаа.

-Удахгүй УИХ-ын хаврын чуулган нээлтээ хийх гэж байна. Чуулганаар хэлэлцэх асуудлын жагсаалтад УИХ-ын тухай болон УИХ-ын дэгийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай асуудал төлөвлөгджээ. Өөрчлөлт оруулах ямар судалгаа, үндэслэл байна вэ?

-Улс орны хэмжээнд, төрийн байгууллагын бүх түвшинд хариуцлагыг сайжруулах явдал нэн чухал байна. Монгол Улсын Засгийн газар 2018 оныг Хариуцлагын жил болгон зарласан.

УИХ-ын дарга М.Энхболд намрын чуулганы завсарлагаанаар иргэд, сонгогчидтой уулзалт хийх үеэрээ хариуцлагыг сайжруулах асуудлыг УИХ өөрөөсөө эхэлнэ гэж мэдэгдсэн. Тэгэхээр УИХ-ын тухай хууль болон УИХ-ын дэгийн тухай хуульд өөрчлөлт оруулах нь УИХ-ын гишүүдийн хариуцлагыг сайжруулахтай холбоотой асуудал гэж үзэж болно. УИХ-ын гишүүн, УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Д.Хаянхярваа дээрх хуулиудад өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өргөн бариад байгаа.

-Монгол Улсын хууль тогтоомжуудад УИХ-ын гишүүний эрх, үүргийн талаар хэрхэн хуульчилсан байдаг вэ?

-Монгол Улсын Үндсэн Хуулийн Хорин гуравдугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Улсын Их Хурлын гишүүн бол ард түмний элч мөн бөгөөд нийт иргэн, улсын ашиг сонирхлыг эрхэмлэн баримтална" гэж заасан байдаг.

Үндсэн хууль, УИХ-ын тухай, УИХ-ын дэгийн тухай хууль тогтоомжуудад зааснаар УИХ-ын гишүүн нь хууль батлах, нэмэлт, өөрчлөлт оруулах, төрийн дотоод, гадаад бодлогын үндсийг тодорхойлох, Ерөнхий сайд, Засгийн газрын гишүүдийг томилох, өөрчлөх, огцруулах, Монгол Улсын үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн бүтэц, бүрэлдэхүүн, бүрэн эрхийг тогтоох, өршөөл үзүүлэх шийдвэр гаргах зэрэг онцгой бүрэн эрхийг хэрэгжүүлж нийт иргэн, улсын ашиг сонирхлын төлөө чин үнэнчээр зүтгэх ёстой.

Дээрх онцгой бүрэн эрхээ УИХ-ын байнгын хорооны болон нэгдсэн чуулганд оролцож байж хэрэгжүүлдэг. Энэ тухай УИХ-ын дэгийн тухай хуулийн 3.2-д “Улсын Их Хурлын гишүүн хуралдааныг товлон зарласан цагт хүрэлцэн ирэх үүрэгтэй" гэж хуульчилсан байдаг. УИХ-ын гишүүн энэхүү үүргээ биелүүлэхгүй бол хэрхэн хариуцлага тооцох талаар хуульчлаагүй, хариуцлага тооцох эрх зүйн зохицуулалт байхгүй байна.

-Гаднын улс орнуудад парламентын гишүүний чуулганы хуралдаанд оролцох үүргийг хэрхэн хуульчилдаг юм бол?

-Дэлхийн ихэнх улсын парламентад парламентын гишүүн нэгдсэн чуулган болом Байнгын хорооны хуралдаанд биечлэн оролцохыг журамласан хуулийн зохицуулалттай байна. Зарим улс орон Үндсэн хууль болон бусад хуулиар зохицуулсан байдаг бол ихэнх парламент дэг, үйл ажиллагааны дүрмээрээ зохицуулдаг. Тухайлбал, Германы Бундестагийн дэгийн 13.2 дахь хэсэгт гишүүд чуулганы хуралдаанд оролцох нь түүний үүрэг бөгөөд тус заалтыг зөрчсөн гишүүнд Бундестагийн гишүүний эрх зүйн байдлын тухай хуульд заасан хариуцлага тооцохоор заасан байдаг. Ирцтэй холбоотой хариуцлагын механизмгүй, хариуцлага тооцдоггүй цөөн хэдэн парламент байдаг нь Бельгийн Сенат, Европын зөвлөлийн парламентын чуулган юм.

Дэлхийн ихэнх парламентад гишүүд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр хуралдаан тасалбал хариуцлага ногдуулдаг байна. Коста Рика, Кипр, Франц, Габон, Герман, Унгар, Парагвай, Польш, Өмнөд Солонгос, Уругвай гэх мэт улс орнуудад гишүүн чуулганы хуралдааныг хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр тасалбал цалин хөлснөөс нь тодорхой хувь хэмжээгээр суутгадаг. Тухайлбал, Францын Үндэсний ассамблейн дэгийн 42 дугаар зүйлд “Гишүүд хуралдаанд заавал оролцоно. Хэрвээ сард хоёроос дээш удаа хуралдаанд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр суугаагүй, тасалсан бол тухайн сарын хөдөлмөрийн хөлсний 25 хувьтай тэнцэх хэмжээг суутгана” гэж заажээ.

-Гишүүнийг эгүүлэн татах тухай асуудлыг тусгасан байх юм уу?

-Байна аа. Их Британи, АНУ, Канад болон Венесуэл зэрэг улсын Үндсэн хууль болон холбогдох хууль тогтоомжид энэ талаар тусгаж. Энэ нь шууд ардчиллын хэрэгсэл болохынхоо хувьд иргэдийн зүгээс гишүүний үйл ажиллагаанд сэтгэл дундуур байгаагаа илэрхийлж, сонгогчийн эрхээ хэрэгжүүлж буй улс төрийн үйлдэл юм.

Парламентын гишүүнийг сонгогчдын саналаар эгүүлэн татах, эсэх асуудлыг Үндсэн хуулийн хүрээнд хэрхэн зохицуулсныг 149 орныг хамруулан судалгаа хийж үзэхэд 23 нь Үндсэн хуулиар тус харилцааг зохицуулж, 126 нь хуульчлан тогтоогоогүй байна. Гишүүнийг огцруулах зохицуулалт түгээмэл бус ч Их Британийн парламентын уламжлал бүхий улс орнуудад нэлээд байна. Тухайлбал, Энэтхэгийн Лок Сабха (Доод танхим)-гийн гишүүн хуралдааныг зөвшөөрөлгүй 60-аас дээш хоног тасалсан тохиолдолд тухайн суудлыг суларсанд тооцно.

Австралийн Үндсэн хуулийн 20, 38 дугаар зүйлд парламентын чуулганы хуралдааныг хоёр cap дараалан тасалсан сенатор, Төлөөлөгчдийн танхимын гишүүнийг орон гарсанд тооцдог аж. Шри Ланкад дээрх хугацаа гурван cap байдаг бол, Сейшельд спикерээс бичгээр зөвшөөрөл авалгүй 90-ээс дээш хоног тасалсан бол уг шийтгэлийг ногдуулахаар заажээ.

Гишүүнийг огцруулах зохицуулалт Албани, Армен, Австри, Кыргыз, Япон, Тайланд, Турк зэрэг улсын Үндсэн хууль болон холбогдох хууль, дүрэмд тусгагдсан байна. Эстони, Словак, Болгар болон Гайтид гишүүдийн ирцийн мэдээг хэвлэн нийтлэх нь нэг төрлийн шийтгэлд тооцогддог аж.

-Тэгэхээр хариуцлага ногдуулах олон хэлбэр байдаг байх нь ээ?

-Тийм ээ. Эрх зүйн актуудаар ногдуулж буй шийтгэлийг дөрвөн бүлэгт хувааж үзэж болохоор. Нэгдүгээрт, санхүүгийн торгууль ногдуулдаг. Ингэхдээ Парламентын чуулганы хуралдааныг тасалсан, санал хураалтад оролцоогүй гишүүдийн цалингаас тодорхой хувиар суутгах буюу тогтоосон хэмжээгээр мөнгөн торгууль ногдуулна. Хоёрдугаарт, гишүүний бүрэн эрхийг түр хугацаагаар түдгэлзүүлэх, хэсэгчлэн түдгэлзүүлэх, эгүүлэн татах, огцруулах шийтгэл ногдуулдаг.

Гуравдугаарт, гишүүдийн ирцийн мэдээг хэвлэн нийтлэх, хуралдааны тэмдэглэлээр шаардлага тавих, хуралдаанд албадан ирүүлэх, хуралдаанд орох эрхийг хасах, үг хэлэх, асуулт асуух эрхийг түдгэлзүүлэх, албан ёсоор уучлал гуйлгах зэрэг бусад төрлийн хариуцлагын механизмыг хэрэгжүүлдэг байна. Дөрөвдүгээрт, ёс зүйн зөрчил гаргасан гишүүдийн давуу эрхийг хасах, бүрэн эрхийг түдгэлзүүлэх, парламентын бүрэлдэхүүнээс хасах шийтгэл байна.

Францын Үндэсний ассамблейн дэгийн 71 дүгээр зүйлд зөрчил гаргасан гишүүнд шаардлага тавих, хуралдааны тэмдэглэлээр шаардлага тавих, арга хэмжээ авах, гишүүний эрхийг түр хугацаагаар түдгэлзүүлэх сахилгын шийтгэл хүлээлгэдэг.

Болгарт Үндсэн хуулийн 77.1.3 дугаар заалт болон Үндэсний ассамблейн дэгийн гуравдугаар бүлгээр зохицуулсан байна. Үүнд сануулах, донгодох, хатуу донгодох, үг хэлэх эрхийг хасах, хуралдаанд оролцох эрхийг хасах, гурав хүртэлх хуралдаанд оролцох эрхийг хасах зэрэг шийтгэл ногдуулдаг.

Словакт Үндсэн хуулийн 75 дугаар зүйл, Үндэсний зөвлөлийн дэгийн тухай хуулийн “Сахилгын арга хэмжээ” гэх 20 дугаар бүлгээр зохицуулсан байна. Чуулган болон хороодын хуралдааныг нэг сарын хугацаанд хоёр удаа хүндэтгэн үзэх шалтгаангүй тасалсан бол цалинг бууруулах, парламентын хэвийн үйл ажиллагааг тасалдуулсан бол сануулах, тухайн өдрийн хэлэлцүүлэгт орох эрхийг хасах, өөр гишүүний өмнөөс санал өгсөн бол донгодох, торгох, огцруулах, өргөсөн тангаргаа ноцтой зөрчсөн бол огцруулах саналыг гишүүний бүрэн эрх, халдашгүй байдлын хороо гаргаж болно.

-Дээрх шийтгэлүүдийг ногдуулж, шийдвэрлэдэг эрх бүхий албан тушаалтан нь хэн байдаг вэ. Тусгай хороод байдаг уу? 

-Судалгаанаас харахад гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлж, огцруулах зэрэг шийтгэлүүдийг парламент өөрөө гаргадаг байна. Жишээ нь, Туркт парламентын гишүүдийн дийлэнх олонхын саналаар, Македоны Үндсэн хуульд гишүүн хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр зургаан сараас дээш хугацаагаар хуралдааныг тасалсан бол түүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх асуудлыг нийт гишүүдийн дийлэнх олонхын саналаар шийдвэрлэнэ гэж заажээ.

Ихэнх тохиолдолд шийдвэрийн төслийг тусгай хороод боловсруулдаг. Жишээ нь, Замбид Ирцийн асуудал хариуцсан хороо, Японд Сахилгын байнгын хороо, Беларуст парламентын дарга шийдвэр гаргадаг байна.

-Парламентын хуралдааны ирцээс гадна парламентын гишүүдийн сахилга батыг хэрхэн сахиулдаг талаар судалж үзэв үү? 

-Манай орны хувьд хуралдааны ирцээс гадна гишүүдийн сахилга батын асуудлыг давхар ярих цаг болсон. Тухайлбал, гишүүд хуралдааны дэгийг удаа дараа зөрчих, хуралдааныг хэвийн явуулахад үг хэл, үйлдлээр саад учруулах, хуралдаан даргалагчийн зөвшөөрөлгүйгээр үг хэлэх буюу асуулт тавих, хуралдаан даргалагчийн шаардлагыг биелүүлэхгүй байх, илтгэл, хэлэлцэж буй асуудалд хамааралгүй мэдээ, мэдээлэл оруулах зэрэг үйлдэл гаргасан тохиолдолд хариуцлага тооцох ёстой. Ихэнх орны парламентад бүдүүлэг үг хэлэх, үйлдэл гаргахыг хориглодог бөгөөд энэ нь парламентын нэр хүндтэй шууд холбоотой асуудал тул чухалд тооцдог. Зарим орон, тодруулж хэлбэл, Канад, Египет, Замби, Зимбабвед гишүүдийн хувцаслалтыг хүртэл тусгайлан зааж өгсөн байх юм.

Сахилгын зөрчил гаргасан гишүүнд шаардлага тавих шийтгэлийг хамгийн түгээмэл хэрэглэж байна. Грек, Люксембург, Словени, АНУ зэрэг орнуудад анхааруулга, сануулга авсан гишүүд хуралдааны дэгийг үргэлжлүүлэн зөрчвөл үг хэлэх, асуулт тавих эрхийг нь түр ,түдгэлзүүлдэг. Болгарт Үндэсний ассамблейн спикер бусдын картаар санал өгсөн гишүүний хуралдаанд оролцох эрхийг хасах эрхтэй байдаг.

Цөөнгүй орнуудад хуралдаан даргалагч нь гишүүнд албан ёсоор уучлал гуйхыг шаардаж болох бөгөөд энэ нь Япон, Өмнөд Солонгос, АНУ-д түгээмэл хэрэглэгддэг. 

-Парламентын гишүүний ёс зүйн хэм хэмжээг гаднын улс орнууд хэрхэн зохицуулдаг вэ?

-Ихэнх улс орнууд хууль тогтоомжоор зохицуулсан байна. Австралид Парламентын ёс зүйн кодекс, Гишүүдийн дагаж мөрдөх ёс зүйн кодексоор зохицуулдаг бол АНУ-д Ёс зүйн дүрмийн шинэчлэлтийн тухай хуулиар төрийн нийт албан хаагчдын ёс зүйн хэм хэмжээг нэгдсэн нэг тогтолцоонд оруулсан байх юм.

Их Британид Төлөөлөгчдийн танхимын гишүүдийн дагаж мөрдөх кодекс, Канадад Сенат болон Төлөөлөгчдийн танхимын дэг, Канадын парламентын акт, Гэмт хэргийн кодексоор, ОХУ-д Төрийн Думын депутатын ёс зүйн кодекс, Төрийн Дум, Холбооны Зөвлөлийн хуралдааны дэгийн холбогдох зүйл заалтаар, Өмнөд Солонгост Үндэсний хурлын дэг, Үндсэн хуулийн 43, 46 дугаар зүйлээр, Польшид Сеймийн гишүүдийн дагаж мөрдөх ёс зүйн дүрэм, Сенатын дэг болон Үндсэн хуулийн 103, 227 дугаар зүйлээр, ХБНГУ-д Бундестагийн ёс зүйн дүрэм, Бундесратын дэгийн 18 дугаар зүйлээр зохицуулдаг байна.

-Тэгвэл манай УИХ, парламентын түвшинд гишүүдийн хариуцлага, ёс зүй ямар түвшинд байна гэж Та үздэг вэ? 

-Би УИХ-ын гишүүдийн хариуцлага, ёс зүйн байдалд дүгнэлт өгдөг албан тушаалтан биш, гэхдээ нийгэм олон нийтийн зүгээс өгч байгаа мессеж, УИХ-ын нэгдсэн чуулган, Байнгын хорооны хуралдааны байдлыг иргэний хувьд ажиглаж байхад, мөн УИХ-ын Тамгын газрын Судалгаа, мэдээлэл, лавлагааны албанаас гаргасан судалгаанаас үзэхэд 2012-2016, 2016-2018 оны нэгдсэн чуулган, Байнгын хорооны хуралдааны ирц хангалтгүй байна.

2012-2016 оны хооронд УИХ-ын нэгдсэн хуралдаан 303 удаа хуралдахад 11 гишүүн 48-102 өдөр, 43 гишүүн 10-46 өдөр тасалсан байх жишээтэй. 2016-2018 оны хоёрдугаар cap хүртэл УИХ-ын нэгдсэн хуралдаан 98 удаа хуралдахад 14 гишүүн 5-52 удаа, 43 гишүүн 1-4 удаа тасалсан байна.

УИХ-ын дарга болон Дэд дарга, Бүлгийн даргын зүгээс чанга дуугарч шаардсанаар, эсвэл хатуу чанга бүртгэлээ гээд ирцийн хариуцлага сайжрахгүй. Тиймээс энэ асуудлыг тусгай хуулиар, эсвэл хуульд өөрчлөлт оруулах замаар хуульчилж өгөх хэрэгтэй.

Зураг