Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2013/11/12-НД НИЙТЛЭГДСЭН

7000 гаруй хүн бяцхан хүүгийн мөрөөдлийг биелүүлэхэд тусална

Р.Түвшин, iKon.mn
2013 оны 11 сарын 12
iKon.MN
Зураг зураг

АНУ-д Make-a-Wish хэмээх буяны сан үйл ажиллагаа явуулдаг. Зорилго нь хэн нэгний мөрөөдлийг биелүүлэхэд тусалдаг аж.

Тэд энэ удаа нэгэн 5 настай хүүгийн мөрөөдлийг биелүүлэхээр болжээ. Тэр хүүг Майлес (Miles) гэдэг ба цус багадах өвчтэй нэгэн. Түүний мөрөөдөл нь өөрийн хайртай баатар Бэтмэн болох.

Make-a-Wish сан нь энэ хүүгийн мөрөөдлийг биелүүлэх арга хэмжээг 11 сарын 15-ны Баасан гарагт зохион байгуулахаар Сан Франциско хотын иргэдээс дэмжлэг хүсчээ.

Харин туслах хүмүүсийн тоо аль хэдийн 7100 давж, веб сайт дээр нь бүртгэл тасралтгүй нэмэгдсээр байгаа гэнэ.

Уг арга хэмжээний үеэр хүүд зориулж хот дотор нэг өдрийн жүжиглэлт зохион байгуулах ажээ. Үүнд агаарын дүүжин дотроос аюулд өртсөн охиныг аврах, Риддлерыг баривчлах, Юнион Скюарт Пенгвинтай хөөцөлдөх, эцэст нь Хотын захиргааны шатан дээр хотын дарга, цагдаагийн дарга нараас талархал хүлээж авах зэрэг.

Дэмжигч сайн дурынхан үйл явдал болох газар бүрт бөөнөөрөө цугларч хүүгийн гавъяа болгоныг дэмжин уухайлах үүрэгтэй байх гэнэ.

Зөвхөн Сан Францискогоор тогтохгүй, АНУ-ын олон мужаас дэмжигчид нисч ирэн арга хэмжээнд оролцох юм байна.

Нийгмийн сүлжээнүүд ч энэ үйл хэрэгт дэмжлэг үзүүлж байна. Foursquare үйл явдал болох газруудын байрлалыг мэдээлэх бол хэд хэдэн хүмүүс Facebook-т Batkid хуудас үүсгэсэн байна. Пенгвин өөрийн твиттер хуудсандаа хүүг өдөөн хатгасан үгс нийтэлжээ.

 

Чухам 15-нд Майлес хүүд юу тохиолдохыг харцгаая.