2019/09/18
Америк доллар
МОНГОЛ БАНК:
2,669.57₮
B30
УЛААНБААТАР
20°
|
B30
УЛААНБААТАР
18°
|
B30
УЛААНБААТАР
19°
|
19:00
S29
16°
20:00
S26
13°
21:00
S26
11°
22:00
S26
10°
23:00
S26
00:00
S26
01:00
S26
02:00
S26
03:00
S29
04:00
S29
05:00
S31
06:00
S31
Энэ мэдээ хуучирсан буюу 2018/01/15 -нд нийтлэгдсэн мэдээ болно.

Ц.Ням-Осор: Үндэслэлгүй гомдол гаргасан этгээдийг 2-3 жил ямар ч тендерт оруулахгүй байх хэрэгтэй

Б.Болор-Эрдэнэ, Үндэсний шуудан
2018 оны 1 сарын 15
Үндэсний шуудан

Төрийн худалдан авалт, түүнд тулгарч байгаа асуудлын талаар Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газрын дарга Ц.Ням-Осортой ярилцлаа.

-Өнгөрсөн онд танай газраас хэчнээн худалдан авалт зохион байгуулсан бэ. Энэ жилийн төрийн худалдан авалтын төлөвлөгөөнд хэдэн төгрөг төсөвлөсөн бэ?

-Улсын хэмжээнд өнгөрсөн онд давхардсан тоогоор нийт 4,369 төсөл арга хэмжээний 2.9 их наяд төгрөгийн худалдан авалт хийсэн. Мөн манай газраас төрийн болон төсвийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах нийт ажлын 0.7 хувийг л зохион байгуулсан.

Төрийн болон төсвийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах нийт ажлын 99.3 хувийг яам, агентлаг, орон нутаг, төрийн өмчит компаниуд өөрсдөө зохион байгуулж байна. Энэ жилийн хувьд өмнөх жилийнхээс их худалдан авалт зарлагдаж байгаа. Улсын хэмжээнд 536 худалдан авалт хийхээс 100 гаруй ажил нь манай газарт, үлдсэн нь яам, агентлаг, орон нутагт зохион байгуулагдана. 

-Жил жилийн тендер маргаан дагуулдаг. Өнгөрсөн жил тендерийн маргааны асуудал хэр гарсан бэ?

-Ер нь жил жилийн тендер маргаан дагуулдаг нь үнэн. Үүнд хэд хэдэн шалтгаан байна. Нэгдүгээрт, зураг, төсөлгүй ажлууд орж ирдэг. Хоёрдугаарт, гүйцэтгэгчээр шалгарсан компаниуд ажлыг чанар муутай гүйцэтгэдэг. Гуравдугаарт, маргаан. Тендерт оролцогч зарим компани ямар ч үндэслэлгүй гомдол гаргаж, ажлыг удаашруулж байна. Маргаан нь тендер зарлагдсан үед Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газар, тендерт шалгаруулсны дараа Сангийн яаманд, цаашлаад Захиргааны хэргийн шүүх гэсэн замаар явж байна.

Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газарт хандаж байгаа гомдол нь ихэвчлэн тендер нээгдэхийн өмнөх өдөр өөрсдөө тендерээс хасагдахгүйн тулд хугацаа хожих гэсэн гомдол байдаг. Дараа нь тендер шалгарсны дараа Сангийн яаманд гомдол гаргадаг. Үүнийг өөрчлөх шаардлагатай байгаа юм. Нэг этгээд л дахин дахин гомдол гаргаж явсаар төрийн ажлыг гацаадаг тогтолцоо байна. Үүний дараа Захиргааны хэргийн шүүхэд гомдол гаргаад улирлын чанартай ажлыг зогсоож байгаа юм. Энэ олон шат дараатай гомдол, маргаан тендерийн ажлыг гацаадаг. Тэгээд төрийн ажил удаан, хугацаандаа хийгддэггүй гэх муу нэр гардаг.

Захиргааны хэргийн шүүх дээр ялагдвал тэмдэгтийн хураамжийн 70 мянган төгрөг л төлөөд өнгөрдөг. Тэр улсын ажлыг гацаах, удаах бол асуудал биш. Тэгэхээр тендерийн хуульд өөрчлөлт оруулж гомдол гаргасан этгээд заавал барьцаа төлж байж гомдол гаргадаг болгох хэрэгтэй. Үндэслэлгүй гомдол гаргасан нь нотлогдвол барьцаа нь улсын орлого болох, үндэслэлтэй бол буцаан авах гэсэн заалт оруулбал зөв зохицуулалт болно.

Мөн үндэслэлгүй, худал гомдол гаргасан этгээдийг хоёроос гурван жил ямар ч тендерт оруулахгүй, “Хар жагсаалт”-д оруулдаг байх хэрэгтэй. Тэгвэл энэ худал гомдол гаргадаг этгээдүүд байхгүй болж, төрийн ажил хугацаандаа, ном журмаараа явдаг болно.

-Таны хэлж байгаа дээрх шалтгаан, заалтууд тендерийн хуулинд тусгагдаагүй гэж үү? 

-Тендерийн хуулинд ийм хариуцлагын тогтолцоо байхгүй учраас л гомдол, маргаан гаргаж улсын ажил хохироож байгаа юм. Гомдол гаргагч барьцаа хөрөнгө байршуулдаг байх, нэг асуудлаар дахин гомдол гаргадгийг болиулах, үнэлгээний хороонд ажиллаж байгаа гишүүдийн хариуцлагыг чангатгах зэрэг өөрчлөлтийг хийх шаардлагатай байна.

Бас хуульд зайлшгүй тусгах ёстой зүйл бол Олон улсын байгууллага, томоохон төсөл хөтөлбөрүүдийн хүрээнд Монгол Улс тендер зарлах ажлыг арай өөр хийхийг тусгаж өгөх хэрэгтэй байна. Би нэг жишээ хэлье. Ирэх онд манай улсад томоохон үйлдвэр гадны хөрөнгө оруулалтаар баригдана.

Үйлдвэр барихад гаднынхан манай улсыг дэд бүтцийн асуудлаа шийд гэсэн шаардлага тавьсан. Бид нэг жилийн дотор хийх ёстой. Тендер зарлаад хэдэн этгээдүүд хоорондоо маргаж, шүүхэдсээр байгаад ажлаа хийж чадахгүй бол манай хэдэн компани шүүхдээд бид ажлаа хийж чадсангүй гэж Олон улсын байгууллагын өмнө шалтаг тоочоод сууж болохгүй шүү дээ. Өнөөдөр тендерийн хуулинд үүнийг зохицуулсан зүйл, заалт байхгүй.

-Дотоодын үйлдвэрлэгчдээ дэмжсэн хууль эрх зүйн заалт байдаг уу?

-Ажлын байрыг дэмжих, хүмүүсээ ажилтай орлоготой болгох, амьдралын хэвийн нөхцөлийг хангах гол зүйл бол дотоодын үйлдвэрлэл. Бид 20 гаруй жил хятадын бараа бүтээгдэхүүн дамжуулж зарлаа. Эрээнээс Улаанбаатар, Улаанбаатараас аймгийн төв, тэгээд сум руугаа зөөгөөд Эрээн хотыг хөгжүүлээд байна. Үүнийг өөрчлөх цаг болсон.

Өнөөдөр яригдаж байгаа Үйлдвэр дэмжих, Тендерийн тухай, Гаалийн тухай хуульд өөрчлөлт оруулахгүй бол дотоодын үйлдвэрлэлээ дэмжихэд хүндрэл гараад байна. Дотоодын үйлдвэрлэлийн бараа бүтээгдэхүүн худалдаж авах хэрэгтэй гэсэн заалт байгаа ч аваагүй хүнд ямар хариуцлага тооцох, хэн дотоодын үйлдвэрийн чанар, стандартыг хангасан бараа вэ гэдгийг тодорхойлох гэдэг асуудал маргаантай байгаа. Тендерийн хуульд шууд болон харьцуулсан худалдан авалт гэж байдаг.

Энэ дотоодын үйлдвэрлэлийг дэмжих том боломж гэж харагдаж байна. Одоогийн мөрдөж байгаа шууд худалдан авалт 10 сая төгрөг, харьцуулсан худалдан авалт 50 сая төгрөгийн босго өнөөдрийн нөхцөл байдалд багадсан хэмжээ. Шууд худалдан авалтын босгыг 50 сая төгрөг болгох хэрэгтэй. Гурав, дөрвөн жилийн өмнөх 10 сая төгрөг, өнөөдрийн 10 сая төгрөгийн зөрүү их. Одоо нэг томхон уул уурхайн автомашины сэлбэг л 40-50 сая төгрөгийн үнэтэй байна.

Харьцуулсан худалдан авалтын босго үнийг ч 200 сая төгрөг болгон өөрчлөх хэрэгтэй. Тэгвэл дотоодын худалдан авалт буюу жижиг, дунд үйлдвэр гэдэг нь тогтоогдвол шууд болон харьцуулсан худалдан авалтаар дэмжих боломж үүснэ. Жижиг, дунд үйлдвэрлэгчдийн 60-70 хувь нь шууд болон харьцуулсан худалдан авалтад багтаж, бараа бүтээгдэхүүнээ нийлүүлэх боломж нээгдэнэ. 

-Тендер багцаар зарладаг. Багц ажлыг нэг л компани аваад үндэсний үйлдвэрлэгчид оролцох боломж нь хомс байна гэж олон нийт шүүмжилдэг. Энэ талаар ямар арга хэмжээ авч байгаа вэ?

-Сангийн сайдын гарсан журамд бөөнөөр нь багцалж зарлахгүй, “Дотоодын үйлдвэр” гэж байгаа бүтээгдэхүүнийг салгаж зарлаж байхаар тусгасан. Дотоодын үйлдвэрлэл, ажлын байр бий болгож байгаа хэсгээ дэмжье гэвэл дээрх зохицуулалтыг хийх шаардлагатай.

-Үндэсний үйлдвэрлэгч гэдгийг тодорхойлох асуудал маргаантай байна гэж та хэллээ. Үүнийг хэн, яаж тодорхойлох ёстой юм бэ?

-Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 10 дугаар зүйлд "Дотоодын үйлдвэрээс бараа худалдан авах”-ын 10.1-д “Чанар стандартын шаардлага хангасан барааг дотоодын үйлдвэрлэлээр хангах боломжтой тохиолдолд тендер шалгаруулалтад гадаадын бараа нийлүүлэгчийг шалгаруулахыг хориглоно” гэсэн заалт байдаг. Гэвч чанар, стандартыг хангасан гэдгийг ямар байгууллага тодорхойлох нь одоо хүртэл тодорхой биш байна.

Дотоодын үйлдвэрүүд бүтээгдэхүүнээ Монголд үйлдвэрлэсэн гэдгийг яаж батлах вэ гэдэг асуудал ч тодорхойгүй байна. Мөн Засгийн газрын 2015 оны “Жагсаалт батлах тухай” 336 дугаар тогтоолоор баталсан бараа, бүтээгдэхүүн ч тодорхой бус байна. Уг нь энэ жагсаалтыг жил бүр өөрчилж, шинэчилж байх шаардлагатай.

-Дотоодын үйлдвэрлэлээ гадаад зах зээлээс яаж хамгаалах вэ?

-Дотоодын үйлдвэрлэлийг импортын барааны зах зээлээс хамгаалах гаалийн татварын зохицуулалт байдаг. Энэ тарифын зохицуулалттай барааны жагсаалтыг шинэчилж гаргахдаа хугацаа их алдаж байна. Тийм учраас дотоодод үйлдвэрлэж буй бараатай ижил төрлийн бараанд импортын татвар ногдуулах жагсаалтыг жил бүр гаргадаг заалт хуулинд оруулах шаардлагатай.

Ажилгүйдэл, ядуурлын гол шалтгаан үндэсний үйлдвэрлэлээ дэмжихгүй байгаагаас үүдэлтэй. Нэгэнт төр дэмжихгүй учраас үйлдвэр байгуулж өрөнд орсноос наймаа хийх юм уу, банканд мөнгөө хадгалуулж, хүүгээр нь амьдрах сүлжээ үүссэн. Нийгэмд баялаг бүтээх биш мөнгө хүүлэх сонирхол ихэссэн. Энэ нь мөнгөний дутагдалтай ядуу, дунд хэсгээ мөнгөтэй нь мөлждөг тогтолцоо.

x