2018/05/25
Америк доллар
МОНГОЛ БАНК:
2,411.51₮
B30
УЛААНБААТАР
25°
|
13°
B30
УЛААНБААТАР
12°
|
B30
УЛААНБААТАР
13°
|
15:00
S28
23°
16:00
S26
22°
17:00
S26
20°
18:00
S28
19°
19:00
S28
17°
20:00
S44
15°
21:00
S44
12°
22:00
S44
11°
23:00
S44
10°
00:00
S44
01:00
S44
02:00
S32
Энэ мэдээ хуучирсан буюу 2018/01/10 -нд нийтлэгдсэн мэдээ болно.

Э.Сүрэнчулуун: Монгол бичгийн соёл, түүхийг ойлгуулахыг хүсдэг

Ч.Гантулга
2018 оны 1 сарын 10
Зууны мэдээ

Дундговь аймгийн Сайнцагаан сумын “Мандал” ЕБС-ийн сургуулийн Монгол хэл, уран зохиолын багш Э.Сүрэнчулуунтай ярилцлаа. Тэрээр “Монголын сайхан бичигтэн” уралдааны “Мэргэжлийн багш нар” төрөлд гуравдугаар байр эзэлжээ.

–Энэ тэмцээнд анх удаа оролцож байна гэсэн. Гуравдугаар байр гэдэг том амжилт шүү?

-Энэ удаагийн уралдаанд долоо, найм болон арванхоёрдугаар ангийн шавь нартайгаа амжилттай оролцлоо. Улсын хэмжээнд болдог энэ тэмцээнээс гуравдугаар байрын шагнал авсандаа баяртай байна. Дараа, дараагийн тэмцээнд зөвхөн өөрөө биш шавь нарынхаа амжилтыг илүү сайжруулахын төлөө хичээх болно.

–Сургуулийнхаа тухай танилцуулаач?

-Манай сургууль 2015 онд байгуулагдсан шинэ сургууль. Одоогоор 50 гаруй багш, 750 хүүхэдтэй хичээллэж байна. Заах аргын 10 нэгдэлтэй, дөрвөн хэсгээс бүрдсэн зохион байгуулалттайгаар ажилладаг. Би байгуулагдсан үеэс нь багшилсан.

–Таны шавь нар монгол бичгийн хичээлд хэр сонирхолтой байдаг вэ?

-Монгол бичгийн хичээлд их сонирхолтой. Шавь нартаа зөвхөн заагаад зогсохгүй бичгийн соёл, үүх түүхээс нь эхлээд ойлгуулахыг хичээдэг. Мөн чадварыг нь сайжруулах, хичээлээ хэрхэн сонирхолтой, ойлгомжтой заах вэ гэсэн олон арга барилыг туршиж, хэрэгжүүлж байна.

–Монгол бичиг сурахын ач холбогдлыг хүүхдүүд хэрхэн ойлгож байх юм?

-Бид өөрсдөө босоо бичиг, босоо түүхтэй ард түмэн. Эхнээсээ уйгаржин бичгээрээ бичиж, харилцаж байсан баялаг түүхтэй. Тэгэхээр энэ хичээл дөнгөж эхэлж байгаа шинэ зүйл биш. Хүүхдүүддээ үүнийг ойлгуулахыг хүсдэг. Бидний хамгаалж явах хамгийн том өв соёл бол эх хэл, монгол бичиг минь юм. Эх хэл нь балартаж мартагдах нь тухайн улсын тусгаар тогтнолтой салшгүй холбоотой том асуудал.

–Зарим хүүхэд босоо бичгээ бараг мэддэггүй. Энэ нь монголчууд бидний хувьд том эмгэнэл шүү?

-Хүүхэд бүхэн тухайн хичээлийг хүлээж авах өөр өөрийн онцлогтой. Багш хүн үүнийг харж, зөв чиглүүлэх нь чухал гэж боддог. Бид эх хэлээ мартах ёсгүй. Энэ бол таны хэлдгээр жинхэнэ эмгэнэл. Тиймээс энэ салбарт ажиллаж буй багш бүхэн монгол бичгийн тухай, түүнийг сурахын ач холбогдлын тухай хүүхдүүдэд ойлгуулдаг,  энэ хичээлд дурлуулдаг байх нь чухал юм.

–Монгол бичиг өөрийн гэсэн бэлгэдэлтэй. Энэ тухай та тайлбарлаач?

-Монгол бичиг нь дээрээсээ доошоо буюу босоо чиглэлд бичигддэг онцлогтой. Энэ нь монголчуудын өсөн дээшлэх, дэвжиж мандах гэсэн бэлгэдлийг агуулсан байдаг. Үүнийг үеийн үед мартуулахгүйн тулд өвлүүлэн үлдээх нь хамгийн чухал. Бидний зааж сургаснаар ирээдүйн хүүхдүүд маань эцэг эх болоод хойч үедээ заана. Тиймээс суурийг нь зөв тавьбал сурахад, уншихад тийм ч хэцүү биш.

–Багш бүхэн өөрийн заах аргатай байдаг. Таны хувьд ямар арга барилыг чухалчилдаг вэ?

-Багш бүрийн заах арга зүй харилцан адилгүй. Би шууд заахаасаа илүү ойролцоо бичлэгтэй нь харьцуулж тайлбарладаг. Жишээ нь “на ма ла” гэхэд гэзэг эврээрээ ялгаатай байна. Энэ ялгааг нэгэн зэрэг ялгаатай байдлыг нь тайлбарладаг. Ингэснээр хүүхдийн хурдан ой тойнд нь хурдан суудаг. Харьцуулж заахаар хичээл ч сонирхолтой өрнөнө. Хүүхдүүд дараа багшаа энийг яаж бичих вэ, дараа нь ямар үсэг үзэх вэ гээд намайг заахаас өмнө дэвтрээ бариад ирдэг.

–Танай сургуульд монгол бичгийг хэддүгээр ангиас нь эхэлж зааж байна?

-Зургадугаар ангиас нь заадаг. Харин аравдугаар ангид нэг цагаар ордог. Зургаагаас есдүгээр ангид долоо хоногт хоёр цагаар үзнэ. Энэ нь хичээлийн агуулга, хөтөлбөрийг багтаахад хангалттай биш. Тиймээс багш нар нэмэлт буюу хичээлийн бусад цагаар хүүхдүүдтэй ажиллаж байна.

–Зарим хүүхдийн бичгийн хэв их муу байдаг. Хэрхэн уйгаржин бичгээр гоё бичиж сурах вэ?

-Уйгагүй хөдөлмөрийн үр дүнд сайхан бичигтэй болж чадна. Энэ нь зөвхөн хуулан бичлэг хийх биш. Бичиж байхдаа тухайн үгээ уншиж, ойлгох хэрэгтэй. Ингэснээр үг илүү нүдлэгддэг. Хүн ойлгосон үгээ л зөв цэвэрхэн бичиж сурдаг юм. Анх сурч байгаа бол тэгш шугам татаад бичиж болно. Аливаа бэрхшээлээс шантралгүй, уншиж бичих тусам бичгийн хэв сайжирч, сайхан бичигтэй болдог юм шүү.

–Та дугуйлан хичээллүүлдэг гэж ярьж байсан?

-Монгол бичгийн хичээлд сонирхолтой, энэ чиглэлээр суралцах хүсэлтэй хүүхдүүддээ зориулж дугуйлан хичээллүүлж байна. Долоо хоногт хоёр цагаар хичээллэдэг. Мөн олимпиад, тэмцээний үеэр хүүхдүүдийнхээ цагийн боломжийг харж байгаад амралтын өдрөөр хичээллэх үе бий. Энэ жил дугуйлангийнхаа цагийг нэмэх зорилт тавьсан.

–Танай сургуулийг монгол бичгийн танхимтай гэж сонссон?

-Монгол бичгийн танхимаа өнгөрсөн жил нээж, гэрчилгээжүүлсэн. Манай хүүхдүүд хичээлээ кабинетдаа орохоос гадна чөлөөт цагаараа, бие дааж сурах боломжийг нь бүрэн хангасан. Сурагчид маань монгол бичгийн орчинд ороод хичээлээ давтахаар илүү сонирхолтой, ойлгоход хялбар байна гэж намайг урамшуулсан шүү. Энэ кабинетыг нээснээр манай хүүхдүүд аймаг, бүс, улсын уралдаанд тогтмол амжилттай оролцож байна.

Үүний жишээ нь Б.Эрдэнэцэцэгийн нэрэмжит олимпиадад манай шавь нар нэг тэргүүн байр, хоёр мөнгөн медаль, нэг тусгай байрын шагнал хүртлээ. Мөн Завхан аймгийн Идэр суманд болсон Б.Лхагважав багшийн нэрэмжит олимпиадад гурван жил амжилттай оролцож байна.

–Та багшийн мэргэжлийг хаана эзэмшсэн бэ. Монгол бичгийн багш байхын сайхан нь юунд оршдог вэ?

-Би 2011 онд МУИС-ийн Монгол судлалын ангийг төгссөн. Энэ уралдаанд байр эзэлсэн гэдгээ дуулаад хамгийн эхэнд багшаараа бахархах сэтгэлд төрсөн. 2007 онд анх оюутан болж очиход минь н.Дашцэдэн багш минь намайг тосч авсан. Хамгийн анхны хичээл самбар дээр монгол бичгээр эх бичиж өгөөд хуулуулж байсан нь санаанаас ердөө гардаггүй. Багшийнхаа бичсэн бичгийг хараад ямар сайхан бичдэг юм бэ биширч байлаа.

Тэр үеэс энэ сайхан чадварыг нь эзэмшихсэн гэсэн хүслээр өөрийгөө зоригжуулсан. Энэ зорилгынхоо эхлэлийг энэ уралдаанаар тавилаа. Багш байх тэр тусмаа монгол хэл, монгол бичгийн багш байна гэдэг сайхан. Үндэсний уламжлал, хэл соёлоо Монголын ирээдүй болсон эдгээр хүүхдэд зааж байна гэж бодохоор мэргэжлээрээ бахархах сэтгэл төрдөг. Мөн миний шавь нар тэмцээн уралдаанд орж, ганзага дүүрэн ирэх үед багш байхын сайхныг илүү ихээр мэдэрдэг.

x