Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/01/02-НД НИЙТЛЭГДСЭН

О.Сэлэнгэ: 100 айлын цагаан байрны 1,800 гаруй иргэн найман жил гэр оронгүй явлаа

Ж.Хулан, iKon.mn
2018 оны 1 сарын 2
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг Mpa.mn

"Гэгээ-9" Сууц Өмчлөгчдийн Холбооноос 100 айлын цагаан байрны оршин суугчдын эрх ашиг ноцтой зөрчигдөж байгаа асуудлаар өнөөдөр мэдээлэл хийлээ. 

Энэхүү орон сууц нь анх 1946 онд баригдсан, тус байранд нийт 309 айл өрх амьдарч байна. Эдгээр айл өрх шинэ байрандаа орж чадахгүй байгаа ба “Гэгээ-9” СӨХ-ны эзэмшлийн газарт орон сууц барих асуудлыг эрх баригчид дэмжихгүй байгаа аж.

Энэ талаар  Гэгээ-9 СӨХ-ны захирал О.Сэлэнгэ "Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Батболдод албан хүсэлт хүргүүлсэн байгаа. Зуун айлын нийтийн цагаан байрны эзэмшлийг сууц өмчлөгч иргэдэд шилжүүлэх хүсэлт гаргасан. Тус орон сууцны 1,2,3,6,9,10 дугаар байрны 320 өрх буюу 1,500-1,800 иргэний эрх ашиг зөрчигдөн найман жил байр, гэр оронгүй явж байна. 

Ялангуяа Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, УИХ-ын 76 гишүүн, НИТХ-ын дарга, бүх шатны хот төлөвлөлтийн газрууд үүнд хатуу анхаарч бидний зөвшөөрлийг хуулийн дагуу иргэдэд өгөхийг хүсч байна. Хоёрдугаар сараас барилгын тендер эхэлнэ. 100 айлын орон сууцыг тендерт оруулахгүй байхыг шаардаж байна. 

Мөн 100 айлын орон сууцыг "Ногоон нуур"-т шилжүүлнэ гэж ярьсан. Энэ нь л мөн хуучин шигээ "Гэзгий худаг" компанийн төсөл хэрэгжиж чадаагүйтэй ижил зүйл болно. Тус компанийн төслийг хүчингүй, луйвар байсан гэж яриад байгаа. Мөнх-Оргил гишүүн манай тойргоос сонгогдсон. Гэтэл өнөөдөр Мөнх-Оргил гишүүн иргэдээ хуваачихсан, "Гэзгий худаг"-ийн төслийг хүчингүй болсон мэтээр яриад байгаа. 

Бидний хувьд энэ төсөл хүчингүй байгаагүй. Хот төлөвлөлтийн дагуу бүх ажил хийгдсэн. Тэгэхээр эрх мэдэл бүхий энэ хүмүүс бидний төслийг дэмжихийг уриалж байна. Бид өөрсдөө газраа аваад, төслөө хийгээд, хөрөнгө оруулалтаа, гүйцэтгэгч компаниудаа олно. Тиймээс бидэнд газар өгөхийг хотын даргаас хүсч байна" гэсэн юм. 

"Гэгээ-9" СӨХ-ны удирдах зөвлөлүүд Нийслэлээс газар олгосон тохиолдолд энэ оны эхээр барилгын ажлаа дуусгаж, 12 дугаар сар гэхэд ашиглалтад оруулна гэдгээ хэлж байлаа.