Эх орондоо байгаа их хэмжээний мөнгийг авч чадахгүй байгаагаа тайлбарлаж, мөнгөө олж авахад нь тусалбал шагнал өгөхөө амладаг Нигерийн өв залгамжлагч язгууртны имэйл олон жилийн турш интернэт сүлжээгээр тархаж байгаа. Энэ имэйл нь бараг интернэттэй нас чацуу гэж үзэж болно.
Тэгвэл энэ хэргийн гол эзэн 67 настай Майкл Нею гэгчийг 18 сар мөрдсөний эцэст энэ долоо хоногт АНУ-ын Луйзианагаас баривчилжээ.
Одоогийн байдлаар түүнийг олон зуун хуурамч имэйл хаяг ашиглан нийт 269 залилан хийсэнд сэжиглэж байгаа гэнэ. Ихэнх хүмүүс энэхүү залиланд итгэдэггүй, инээдэм наргиан болгоод өнгөрдөг ч жил бүр сая сая доллар алдсан гомдол хүлээж авсаар байдаг тухай хэргийг шалгаж байгаа Слиделл хотын Эдийн Засгийн гэмт хэрэгтэй тэмцэх цагдаагийн хэлтэс мэдээлжээ.
Майкл Нею нь Африкийн Нигерид байдаг этгээдүүдтэй хамтран энэхүү залилангийн ажиллагааг зохион байгуулж байсан байна. Тиймээс АНУ-аас гадна талд хэргийг илрүүлэх ажиллагаа үргэлжлэхээр болжээ.
Эх сурвалж: Mashable