Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/12/19-НД НИЙТЛЭГДСЭН

Монголоос нүүдэллэж очсон талын бүргэд шархдсан байсныг Мьянмараас олжээ

Э.Сэмүүн, ikon.mn
2017 оны 12 сарын 19
iKon.MN
Зураг зураг

Нүүдлийн замыг нь судлах зорилгоор GPS төхөөрөмж суулгасан талын бүргэд шархдсан байсныг Мьянмарын эрх баригчид илрүүлж, хамгаалалтад авчээ.

Монголоос нүүдэллэж очсон энэ бүргэдийг Сагайн дүүргийн Минкин тосгоны оршин суугч чавхаар харван шархдуулсан байсныг энэ сарын 6-нд олж авсан байна. Үүний дараа Мьянмарын байгаль хамгаалагчид дахин нүүдлийн шувуунд халдахгүй байх анхааруулгыг иргэдэд хандан гаргажээ.

“Бид Монгол дахь шувуу судлаачидтай холбоотой байгаа. Бүргэдийг нисэх чадвартай болмогц нь бид суллана. Түүнд суулгасан GPS нарны эрчим хүчээр ажилладаг. Бүрэн эдгэрэх хүртэл нь бид халамжлах болно” гэж Мьянмарын засгийн газрын Байгаль орчныг хамгаалах газрын дарга У Вин Найн Тхау ярьжээ.

Уг бүргэдийн хүзүүнд Монголын байгаль хамгаалах нийгэмлэгийнхэн GPS зүүж тавьсан юм байна.

Түүний зүүн далавч, нүд нь чавханд оногдож гэмтээд байгаа гэнэ. Одоо бүргэдийг Мандалай хотын Яданарпон Зоологийн хүрээлэнд эмчилж байна.

Маш олон төрлийн шувууд жил бүр Мьянмарт ирж өвөлждөг ч талын бүргэд нүүдэллэж ирсэн тохиолдол огт бүртгэгдэж байгаагүй гэнэ. Нүүдлийн шувууд Мьянмарт арваннэгээс гуравдугаар сарыг хүртэл өвөлждөг. Тус улсад байгаа нийт шувууны төрөл зүйлийн тал нь нүүдлийнх байдаг гэнэ. Дэлхийд нүүдлийн шувууны нийт есөн зам байдгаас хоёр нь Мьянмарыг дайрдаг ажээ. Нэг нь Төв Азийн нүүдлийн зам бол нөгөө нь Зүүн Ази, Австрали-Азийн зам гэгддэг юм байна.

 

Эх сурвалж: Myanmar Times