Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/12/18-НД НИЙТЛЭГДСЭН

Туркийн ерөнхийлөгч элчин сайдын яамаа зүүн Иерусалемд нээнэ гэлээ

Р.Төмөр, ikon.mn
2017 оны 12 сарын 18
iKon.MN
Зураг зураг

Палестины тусгаар тогтнолыг дэмжиж байгаа Туркийн ерөнхийлөгч Рэжэп Тайип Эрдоган өөрийн орны элчин сайдын яамыг зүүн Иерусалемд нээхээ мэдэгдлээ.

Тэр саяхан бас Туркэд муслим төрийн тэргүүнүүдийн дээд хэмжээний уулзалтыг зохион байгуулж, дэлхий дахинд зүүн Иерусалемыг Палестины нийслэлээр хүлээн зөвшөөрөхийг уриалж байв.

АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамп Иерусалемыг бүхэлд нь Израйлийн нийслэлээр хүлээн зөвшөөрч, элчин сайдын яамаа Тель Авив хотоос шинэ нийслэлд нүүлгэх шийдвэр гаргасныг Эрдоган хамгийн хүчтэй эсэргүүцэж байгаа юм.

Өнгөрсөн долоо хоногт дэлхийн 57 муслим улс орныг багтаасан Исламын Хамтын Ажиллагааны байгууллага Трампын шийдвэрийн эсрэг хариу мэдэгдэл гаргаж байв. Муслим удирдагчид бас зүүн Иерусалемыг Палестины тусгаар улсын нийслэлээр хүлээн зөвшөөрөхийг дэлхий дахинд уриалжээ.

1967 онд Израйльчууд зүүн Иерусалемыг булаан эзэлсэн ч олон улс үүнийг нь хүлээн зөвшөөрөөгүй юм.

Израйль, Палестины аль аль нь уг эртний түүхт хотыг өөрийн нийслэл гэж үздэг ба энхийн хэлэлцээр байгуулахад саад болдог гол асуудал нь энэ ажээ.

Тиймээс дэлхийн бүх улсуудын элчин сайдын яамд Иерусалемд биш, Тель Авив хотод байрладаг. Харин арванхоёрдугаар сарын 6-нд Трамп гэнэтийн мэдэгдэл хийж, Иерусалемыг Израйлийн нийслэл хэмээн хүлээн зөвшөөрсөн нь муслимуудыг төдийгүй АНУ-ын холбоотнуудыг гайхшруулсан алхам болсон юм.

Трампын мэдэгдлийн дараа дэлхийн хэд хэдэн муслим улс оронд эсэргүүцлийн цуглаан болж, Палестины тэмцэгчид, Израйль цэргийн хооронд гарсан мөргөлдөөний улмаас дөрвөн палестин хүн алагдаад байна.

Эрдоган өмнө нь Трампыг муслимуудын “улаан шугам”-ыг давлаа хэмээн анхааруулж, дипломат харилцаагаа таслахыг хүртэл сануулж байв.

НҮБ-ын аюулгүй байдлын зөвлөл Иерусалем хоттой холбоотой ямар нэг шийдвэрийг хууль бус гэж үзэхээ илэрхийлсэн тогтоол гаргахаар бэлдэж байгаа. НҮБ-ын тогтоолыг АНУ-аас бусад бүх гишүүн орнууд дэмжих төлөвтэй байгаа юм.

 

Эх сурвалж: The Guardian