Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/12/09-НД НИЙТЛЭГДСЭН

iPhone удахгүй хөгжим сонсоод таньдаг болно

Р.Түвшин, iKon.mn
2017 оны 12 сарын 9
iKon.MN
Зураг зураг
Shazam компанийн гүйцэтгэх захирал Рич Райли

Хөгжим таних үйлчилгээний Shazam аппликэшнийг Apple компани $400 саяар худалдаж авах тохиролцоонд хүрсэн тухай эх сурвалжууд Баасан гарагт мэдээлжээ.

Ингэснээр цаашдын iPhone утасны загварууд ойр орчиндоо тоглогдож байгаа дуу хөгжмийг ямар нэртэй, хэний бүтээл болохыг эзэндээ шууд хэлж өгдөг болно.

2009 онд анх гарч байсан Shazam аппликэшн тэр дороо зах зээлд тархаж, одоогийн байдлаар нэг тэрбум гаруй удаа татагдаад байгаа юм.

Google компани саяхан гаргасан Pixel 2 ухаалаг гар утсандаа мөн ийм хэрэглээг нэвтрүүлсэн байдаг. Google-ийн технологи орчны дуу чимээг байнга чагнаж байдаг ба ямар нэг дуу, хөгжим сонсогдвол дэлгэцэнд энэ дууны тухай мэдээллийг гаргадаг юм.

Apple болон Shazam-ын удирдлагууд ирэх долоо хоногт компани худалдах гэрээнд гарын үсэг зурах төлөвтэй байна.

Өчигдөр бас Apple-ийн дизайн хариуцсан захирлаар удаан жил ажилласан Жони Айвыг компанийн өдөр тутмын ажилд эргүүлэн томилж байгаагаа Apple зарласан юм. iPhone-ий загалмайлсан эцгүүдийн нэг гэгддэг Айв хэсэг хугацаанд ажлаасаа хөндийрөөд байв.

Shazam компани Лондонд үйл ажиллагаагаа явуулдаг ба 11 сая гаруй дуу хөгжмийн “акустик хурууны хээ”-г үүсгэн хадгалж байдаг ажээ.

 

Эх сурвалж: Tech Insider