Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/11/13-НД НИЙТЛЭГДСЭН

Хятадад Ши Жиньпинийг тахин шүтэх үзэл дэлгэрч эхэлжээ

Р.Төмөр, ikon.mn
2017 оны 11 сарын 13
iKon.MN
Зураг зураг

Өнгөрсөн сард намынхаа их хурлаар дэлхийн хамгийн их хүн амтай орны удирдагчийн статусаа улам бататгаж чадсан Ши Жиньпинийг тахин шүтэх үзэл дэлгэрч эхэлжээ.

Түүнийг Мао Зэдунаас хойш Хятадад төрөн гарсан хамгийн хүчирхэг хүн гэж дүгнэж байгаа. Үүнийг дагаад Хятад даяар Ши даргыг тахин шүтэх үзэл нэмэгдэж, түүний тухай дуу зохиогдож, хөргийг нь зурж байна.

Саяхан болсон нэг явдал энэхүү шинэ хандлага хэр хүчтэй байгаагийн илрэл болжээ.

Энэ сарын 5-ны Ням гарагт Хэнань мужийн удирдлагууд Ши Жиньпиний 2009 оны хавар суулгасан модыг эргэж очсон байна. Ёслол хүндэтгэлийн хувцастай коммунистууд их удирдагчийн тарьсан модыг тойрч, түүний үзэл санаанд үнэнч болохоо илэрхийлцгээжээ.

Орон нутгийн хэвлэлд тэднийг Ши даргын тарьсан модыг “сэтгэл хөдлөн харж зогссон” гэж бичсэн байна.

Мөн модыг найман жилийн дотор ямар том сүрлэг том болж ургасныг өгүүлээд, нутгийн иргэд “Ши даргын мод” гэж хүндэтгэн нэрлэдэг гэжээ.

Энэ явдал Хятадад Мао маягийн тойрон хүрээлэгчид, тахин шүтэх үзэл дахин бий болж эхэлж байгаагийн шинж гэж ажиглагчид үзэж байна.

Өнгөрсөн сард болсон Хятадын Коммунист Намын их хурлын үеэр Ши Жиньпиний Хятадын онцлогтой хөгжлийн үзэл номлолыг намын дүрэмд нэмж оруулсан юм.

Зөвхөн Мао Зэдуны үзлийг л түүнийг амьд ахуйд нь намын дүрэмд оруулж байжээ. Харин өөр нэг лидер Дэн Сяопиний үзлийг нас барсан хойно нь албан ёсоор тусгаж байв.

1976 онд Мао Зэдунь нас барсны дараа Хятадад нэг хүнийг тахин шүтэх үзлийг хязгаарлаж, нам дотор шүүмжлэл өрнүүлэх боломж нэмэгдсэн юм.

Тиймээс ийм үзэл Хятадад дахин сэргэхээс болгоомжилж байгаагаа тус улсын болон гадаадын судлаачид илэрхийлэх болжээ.

“Маог нас барсны дараах Хятадын шинэчлэлийн гол үр дүн нь нэг хүний засаглалаас холдож, нам дотор тодорхой хэмжээний нээлттэй байдал, шүүмжлэл байх боломж нээгдсэн явдал юм. Харин одоо энэ ололт алдагдах чиглэл рүү явж байна. Урт хугацаандаа энэ нь Хятадын засаглалд хор хүргэх аюултай” гэж Ши Жиньпиний засаглалын тухай “Эрин үеийн төгсгөл” номыг бичиж байгаа судлаач Карл Минзнер ярьжээ.

 

Эх сурвалж: The Guardian