Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/10/27-НД НИЙТЛЭГДСЭН

Анхны халдваргүйжүүлэх байгууламж ашиглалтад орлоо

Д.Оюунчимэг, Зууны мэдээ
2017 оны 10 сарын 27
Зууны мэдээ
Зураг зураг

Нийслэлээс 660 км-ийн зайд орших Дорноговь аймгийн Замын-Үүд сум нь Монгол Улсын урд хилтэй залгаа хилийн боомт. Манай улс хилийн 26 боомттой. Гол цэг нь Замын-Үүд гэдэг. Харин хоёр дахь нь Гашуунсухайт аж. Нийт импортлогдож байгаа бараа бүтээгдэхүүний 60-70 хувь нь Замын-Үүдийн боомтоор орж ирдэг.

Тиймээс Замын-Үүд боомт дахь хилийн мэргэжлийн хяналтын алба хүн, мал амьтан, ургамал тэдгээрийн гаралтай түүхий эд, бүтээгдэхүүн тээврийн хэрэгслээр дамжих мал амьтны гоц халдварт өвчин, ургамлын хорио цээртэй зүйл нэвтрэхээс урьдчилан сэргийлэх, экспорт, импортын барааны аюулгүй байдлыг хангуулж ажилладаг байна. Энэхүү үүргээ биелүүлэхдээ хүний хүчийг дайчлан халуун, хүйтнийг үл ажран зүтгэж буй улсын байцаагчдынхаа ур чадвараар ажлаа амжуулж иржээ.

1.7 САЯ ЮАНИЙН ӨРТӨГ БҮХИЙ БАЙГУУЛАМЖ

Урд хилээр өдөрт дунджаар 700-800 автомашин, тээврийн хэрэгсэл нэвтэрдэг байна. Эдгээрийг ариутгахдаа гар аргаар шүршдэг төхөөрөмж ашигладаг байжээ. Xhjusp нэвтрүүлж байгаа тээврийн хэрэгсэл, бараа бүтээгдэхүүний ариутгал, халдваргүйтгэлийг чанартай гүйцэтгэх зайлшгүй шаардлага тулгарсан ч хөрөнгө санхүүгийн асуудлаас улбаалан төдийлөн дорвитой шийдэлд хүрээгүй өдийг хүрсэн хэмээн улсын байцаагчид ярьж байлаа.

Ачааны хүндийг үүрч, аюулгүй байдлыг сахин хамгаалах амаргүй албыг гүйцэтгэж байгаа Мэргэжлийн хяналтын улсын байцаагчдын ажлыг хөнгөвчлөх, хилээр гарах урсгалыг нэмэгдүүлэх, нэвтрүүлэх чадамжийг өсгөхийн тулд МХЕГ-ын дарга Н.Цагаанхүү энэ оны эхээр БНХАУ-ын ӨМӨЗО-ы Хорио цээрийн хяналтын газрын удирдлагуудтай уулзалт хийсэн байна.

Энэ үеэр Замын-Үүд боомтод ариутгал, халдваргүйтгэлийн жишиг байгууламж барих асуудлыг ярилцсан ажээ. Ингээд Эрээн хотын Ардын Засгийн ордны буцалтгүй тусламжаар 1.7 сая юанийн өртөг бүхий ариутгалын төхөөрөмжийг Монгол Улсад анх удаа ашиглалтад орууллаа. Энэ байгууламжийг ӨМӨЗО-ы Шилийн гол аймгийн ‘Шунг Фэйн” компани барьжээ.

Нээлтэд МХЕГ-ын дарга Н.Цагаанхүү. Замын-Үүд сумын Засаг дарга Н.Алдарбаяр, Замын-Үүд боомт дахь Хилийн мэргэжлийн хяналтын албаны дарга Г.Батмөнх. БНХАУ-ын ӨМӨЗО-ы Эрээн хотын Коммунист намын дарга Тянь-Янг, Ардын засгийн ордны дарга Лю ши пин. “Шунг Фэйн” компанийн захирал Хай Фэнг нар оролцсон юм.

БҮРЭН АВТОМАТ МЭДРЭГЧ БҮХИЙ СИСТЕМ

Замын-Үүд боомтын автозамын боомт 1992 онд анх ашиглалтад оржээ. Энэ цагаас тээврийн хэрэгслийн халдваргүйжүүлэлтийг Хилийн мэргэжлийн хяналтын алба хариуцан ажилладаг байв. Тус боомт ачааны болон автомашины хил нэвтрэх хоёр замтай юм байна. Ариутгал, халдваргүйтгэлийг хийхдээ туулуулах, шүрших аргаар хийдэг байжээ. Энэ арга нь хилийн нэвтрэх цэгийн хорио цээр, аюулгүй байдлын шаардлагыг бүрэн хангахгүй байгааг улсын байцаагчид хэлж байв.

Бүрэн автомат мэдрэгчтэй ариутгалын систем нь жилийн дөрвөн улиралд ажиллах хүчин чадалтай. Халдваргүйжүүлэх уусмалыг хөлдөөхгүй халаах системтэй аж. Мөн салхины хамгаалалттай, зэврэхээс хамгаалсан орчин үеийн шаардлагад нийцсэн шүршигч төхөөрөмж юм байна.

Энэ байгууламж ашиглалтад орсноор хил дамнан халдварлах өвчин, ургамлын хориг цээртэй зүйлсээ урьдчилан сэргийлэх ач холбогдолтой гэдгийг МХЕГ-ын дaргa Н.Цагаанхүү онцоллоо БНХАУ-ын ӨМӨЗО-ын Эрээн хотын Коммунист намын дарга Тянь Янг "Хөрш айл төрөл саднаас дотно’' гэсэн Хятадын зүйр үг бий. Замын-Үүд боомттой хамтын ажиллагааг өргөжүүлсээр ирсэн. Бид цаашид ч хамтарч ажиллахдаа таатай байна гэсэн юм.

Ийнхүү тээврийн хэрэгслийн халдваргүйжүүлэлтийн орчин үеийн байгууламж байгуулагдсанаар хилийн боомтын нэвтрэх цэгийн чадавхыг өсгөнө. Хоёр улсын боомтын үйл ажиллагааг ижил төвшинд хүргэх давуу талтайгаас гадна цаг хугацаа хэмнэж байгаад олзуурхаж байгаагаа Замын-Үүд боомт дахь Хилийн мэргэжлийн хяналтын байцаагч нар ярьж байлаа.

Зураг