Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/10/05-НД НИЙТЛЭГДСЭН

AFP: Монгол улс Путиныг шүтдэг, ‘Нударга’ хочтой ерөнхий сайдтай болов

Р.Төмөр, ikon.mn
2017 оны 10 сарын 5
iKon.MN
Зураг зураг

/Францын мэдээллийн Agence France Press агентлагийн гаргасан Монгол улсын шинэ ерөнхий сайдын тухай нийтлэлийг хүргэж байна/

Авлигын дуулианд холбогдсон засгийн газраа огцруулсны дараа Монгол улс шинэ ерөнхий сайдаа Лхагва гарагт томиллоо.

Өмнөх засгийн газрын сайд байсан, “мужик” хэв маягийг нүүр царайгаа болгодог, Путин маягийн цээж нүцгэн, ангийн буутай зураг нь тарж байсан Ухнаагийн Хүрэлсүхийг эрх баригч Монгол Ардын Нам ерөнхий сайдад нэр дэвшүүлжээ.

 
 

Томилогдсоныхоо дараа Хүрэлсүх үг хэлэхдээ “ард түмний амьдралыг сайжруулж, сахилга бат, хууль дүрмийг чангатгаж, авлигатай тэмцэн, буруутай этгээдүүдэд хариуцлага тооцно” гэсэн юм.

“Миний засгийн газар шударга ёсыг дахин тогтооно” гээд “надаар болон миний сайд нараар хууль бус үйлдэл хийлгэх гэж бүү оролд” гэж тэр бас хэлжээ.

Экс ерөнхий сайд Ж.Эрдэнэбат нь танхимынхаа сайд нартай холбоотой найман компанид 800 тэрбумын концессийн гэрээ байгуулах эрх өгснөөс болж өнгөрсөн есдүгээр сард огцорсон юм.

49 настай У.Хүрэлсүх зэвсэгт хүчнээс ажлын гараагаа эхэлсэн бөгөөд сүүлд 2000 онд МАН-аас парламентийн гишүүн болсон.

Түүнд ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путинтай адил маягаар авхуулсан фото зураг хэд хэд байдагаас гадна 2012 онд парламентийн нэгэн гишүүнийг цохиж унагаж буйг харуулсан бичлэг нь тарж, түүнийг “нударга” хочтой болгосон байна.

Эрдэнэбатын засгийн газрын үед Монгол улсын эдийн засаг сайн үзүүлэлттэй байж, 2017 оны эхний хагаст Хятадын зах зээлийн нүүрсний эрэлт нэмэгдсэний улмаас өсөлт ажиглагдаж эхэлсэн юм.

Гэсэн хэдий ч 1992 онд Коммунист засаглалаа халж, анхны ардчилсан үндсэн хуулиа баталсан Төв Азийн залуу ардчилсан оронд улс төрийн тогтворгүй байдал байнгын асуудал болдог.

Ардчилсан хувьсгалаас хойш Монголд 15 засгийн газар байгуулагдаж байсны дундаж ажилласан хугацаа нь 1.5 жил байв. 2016 оны сонгуулиар парламентийн 76 суудлын 65-ыг нь авсан МАН өнгөрсөн долдугаар сард ерөнхийлөгчийн сонгуулиар ялагдал хүлээсэн юм. МАН-ын удирдлагуудын оролцсон гэх $25 саяын (60 тэрбумын) албан тушаалын наймааны хэргийн хариуцлагаас зугтсан нь тус намыг ерөнхийлөгчийн сонгуульд ялагдахад хүргэсэн гэж үздэг.

 

Эх сурвалж: Agence France Press