Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/10/03-НД НИЙТЛЭГДСЭН

Д.Эрдэнэбат: Засгийн газрын бүтцэд дөрвөн яам нэмж, дэд сайдуудгүй болох санал тавилаа

Т.Саран, iKon.mn
2017 оны 10 сарын 3
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

УИХ дахь Ардчилсан намын бүлгийн ээлжит бус хуралдаан боллоо. Хуралдаанд Монгол Улсын Ерөнхий сайдад нэр дэвшигч У.Хүрэлсүх оролцож бүлгийн гишүүд бодлогын асуудлаар санал солилцсон байна. 

Энэ талаар УИХ дахь АН-ын бүлгийн дарга Д.Эрдэнэбат "АН-ын бүлгээс Ерөнхий сайдад нэр дэвшигчтэй шинэ Засгийн газрыг байгуулах асуудлаар санал солилцлоо. Бүлгийнхээ байр суурийг бид илэрхийлэх ёстой.

Ардчилсан нам нийгэм эдийн засгийн хөгжлийн бодлого, улс төрийн орчин, хууль хяналтын байгууллагын шинэчлэл шударга ёс, Засгийн газрын бүтцэд баримтлах зарчим гэсэн гурван асуудлаар санал солилцсон.

Ерөнхийдөө бүх гишүүд өөрсдийн саналаа хэлсэн. Нийгэм эдийн засгийн хөгжлийн хурдасгах, шударга ёсыг тогтоох асуудалд санал нэгдсэн гэж ойлгож болно. Нэр дэвшигчид өгөх саналаа маргааш албан ёсоор хүргүүлэх болно. 

УИХ дахь АН-ын бүлгээс Ерөнхий сайдад нэр дэвшигч У.Хүрэлсүхийг түүний багийн хамт дэмжинэ. Сүүлийн үед давхар дээлний тухай олон асуудал яригдаж байна. Ерөнхий чиг үүргийн яамдуудад УИХ-ын гишүүн сайдын ажлыг давхар хийхийг зөвшөөрөх ёстой.

Учир нь УИХ-ын бодлого Засгийн газарт тусахад ерөнхий чиг үүргийн бодлогууд Ерөнхий сайдад дэм болох ёстой гэж үзэж байгаатай холбоотой. Бид улс төрийн байдлаар хэт туйлшрахгүй. 

Шинэ Засгийн газар нэгэнт байгуулагдаж байгаа бол зөв бүтэцтэй байх ёстой.

Тийм учраас Засгийн газарт шинэчилсэн бүтэц хийж, Аж үйлдвэрийн яам, Эдийн засгийн хөгжлийн яам, Хөдөлмөрийн яам, Соёлын яам зэргийг байгуулах нь зүйтэй гэсэн саналаа тавьсан. Засгийн газар тогтвортой ажиллахын тулд бодлогод захирагдсан бүтцээр ажиллах хэрэгтэй. 

Хүүхдийн мөнгө болон багш нарын цалинг төсвөө харж байж шийдэх дээр санал нэгдсэн. Шинэ Засгийн газар бүрдсэн бол төсвөө шинээр авч үзэх ёстой. Үүн дээрээ хүүхдийн мөнгө болон багш, эмч нарын цалингын системийг шинэчлэх тал дээр анхаараарай гэдэг санал гаргасан.

Ерөнхий чиг үүргийн сайд УИХ-ын гишүүний ажлаа давхар хийж болно. Харин дэд сайдууд байхгүй шүү гэдэг дээр санал нэгдсэн" гэлээ.