Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/10/02-НД НИЙТЛЭГДСЭН

А.Е.Локоть: Монголын оюутнуудыг Новосибирскийн ШУА-д хүлээн авахад баяртай байна

А.Намуун, iKon.mn
2017 оны 10 сарын 2
iKon.MN
Зураг зураг

ОХУ-ын Новосибирск хотын захирагч Анатолий Евгеньевич Локоть тэргүүтэй төлөөлөгчид энэ сарын 2-ноос 4-ний өдрүүдэд манай улсад албан ёсны айлчлал хийж байна. 

Өнөөдөр Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Батболд болон нийслэлийн удирдлагууд ОХУ-ын Новосибирск хотын захирагч Анатолий Евгеньевич Локотийг хүлээн авч уулзлаа.

Уулзалтаар хоёр хотын хамтын ажиллагааны талаар санал солилцлоо. 

Уулзалтын эхэнд Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Батболд "Улаанбаатар хотод тавтай морилж байна уу. Улаанбаатар-Новосибирск хот ах дүүгийн найрамдалт харилцааг тогтоосноос хойш хоёр хотын харилцаа өргөжиж байна. 

Мөн энэ жил Улаанбаатар, Москва хотууд ах дүүгийн харилцаа тогтоосноос хойш 60 жилийн ой тохиож байна. Манай хотын түүх соёл, хөгжил ОХУ-тай салшгүй холбоотой. Олон түүх дурсгалын хөшөө, барилгууд ОХУ-ын тусламжаар бий болсон байдаг. 

Цаашдаа ч ОХУ-тай хамтран ажиллахдаа таатай байх болно. Таны урилга хүчинтэй хэвээр бол бид ойрын хугацаанд Новосибирск хотод албан ёсны айлчлал хийх болно" гэв.

Уулзалтын үеэр мөн Новосибирск хотын дарга А.Е.Локотийг "Хүндэт тэмдэг"-ээр шагнасныг гардуулан өгсөн юм.

 

Новосибирск хотын дарга А.Е.Локоть "Биднийг найрсагаар хүлээн авч уулзаж байгаад таатай байна. Хоёр хотын харилцаа улам өргөжин хөгжиж байгаад баяртай байна.

Энэ удаагийн миний айлчлалын гол зорилгуудын нэг бол Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Батболдыг Новосибирскт урих байсан. Урилгыг хүлээж авсанд баяртай байна.

Мөн Улаанбаатар хотод айлчилж буй хоёр дахь удаагийн айлчлалаараа хүндэт тэмдэг авсандаа маш баяртай байна​. Энэ нь надад их үүрэг хариуцлага ногдуулж байгаа юм. 

Энэ удаагийн айлчлалаар Орос-Монголын хамтын ажиллагааны форумд оролцохоор хүрэлцэн ирсэн байгаа. Мөн өнөөдөр манай Новосибирск хотын урлагийн төлөөлөгчид урлагийн тоглолтыг зохион байгуулахаар төлөвлөж байна. Новосибирск хотын урлагийн төлөөлөл Монгол үзэгчдэд таалагдана гэдэгт итгэлтэй байна.

Мөн Новосибирск хотод Оросод нэгдүгээрт ордог Шинжлэх Ухааны академи байгуулагдсан. Бид энэ чиглэлээр хамтын ажиллагааг өргөжүүлэхийн зэрэгцээ уул уурхай, түүх, археологийн хамтарсан судалгаа явуулах боломжтой гэж үзэж байна. Монголын оюутнуудыг  бид энэхүү Новосибирскийн Академидаа хүлээн авахад баяртай байх болно" гэв.