Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/09/29-НД НИЙТЛЭГДСЭН

Ж.Эрдэнэбат: Засгийн газартаа ажиллаж байсан аль ч нөхрөө хэний ч өмнө хамгаална

Т.Өлзийбаяр, iKon.mn
2017 оны 9 сарын 29
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

Төрийн байгуулалтын Байнгын хорооны өнөөдрийн хуралдааны үеэр гишүүд Ерөнхий сайдаар У.Хүрэлсүхийг томилохтой холбогдуулж асуулт асууж, үг хэллээ. 

Хуралдаанд оролцсон гишүүдийн хэлсэн үгнээс хүргэе. 

Ж.Эрдэнэбат: Хулгай хийх гэж байсныг таслан зогсоосон

Ерөнхий сайдын үүрэг гүйцэтгэгч Ж.Эрдэнэбат "Ж.Батзандан гишүүнийг хөмсгөө зангидаад хоолойгоо шахаад юм яриад байдаг болохоор их зарчимтай хүн гэж боддог. Гэвч Ж.Батзандан манай танхимын сайд нарыг хулгайч сайд нар гээд хэлчихлээ.

Шүүхээр хулгай хийсэн нь тогтоогдсон хүнийг хулгайч гэдэг байх.

Би нөхрийнхөө ар нуруу руу хутгалдаг хүн биш.

Юм зарчимтай бол тэрүүгээрээ л байх ёстой. Концессын асуудлыг ярилаа. Найман зуун тэрбумын долоон концесс байгаа. 

Үүний тав нь өмнөх Засгийн газрынх. Өмнөх Засгийн газар МАН-тай хамаатай компани, аж ахуйн нэгжийг дэмжиж болохгүй гэсэн уриатай юм шиг ажиллаж байсан шүү дээ.

Хэрвээ хулгай хийх гэж байсан гэж үзэж байвал өөрийнхөө намын Засгийн газрын үед концесс хариуцаж байсан хүмүүстэйгээ хариуцлага тооцоорой. Би хулгай хийх гэж байсныг таслан зогсоосон шүү.

Хэтэрхий өндөр өртгөөр гэрээ байгуулчихсан байсныг би тавин тэрбумаар бууруулсан. Хүн нэг зам дээрээ алхаж тууштай байх ёстой. Засгийн газартаа ажиллаж байсан аль ч нөхрөө хэний ч өмнө хамгаална. Би нөхрийнхөө ар нуруу руу хутгалдаг хүн биш" гэв. 

Ж.Мөнхбат: У.Хүрэлсүх та зарчим барьсан эвийн цавуу шиг байгаарай

 
Гэрэл зургийг mpa.mn

Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга Ж.Мөнхбат "У.Хүрэлсүх та Ерөнхий сайдаар томилогдоод намайг төрөөс хулгай хийсэн үгүйг шалгаарай. Ж.Эрдэнэбатын Засгийн газар огцорчихсон шүү.

Энэ Засгийн газрыг битгий унасан дээр нь нэмж өшиглөөд нулимаад байгаарай. Эсвэл одоо хайрцагт хийгээд булшлах гээд байгаа юм уу? Тийм юм байхгүй шүү. Үнэн зүйлийг тогтоогоорой.

Цаашдаа шинээр томилогдож байгаа Ерөнхий сайдын зөв зүйлийг дэмжинэ. Цаашдаа У.Хүрэлсүх та зарчим барьсан эвийн цавуу шиг байгаарай" гэлээ.